Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрчүүдийг эрдмээр боловсруулъя

Гэрэл зургийг: Medical Daily

Төрөлхийн, ослын, байгалийн хүчин зүйлийн улмаас гэхчлэн янз бүрийн шалтгаанаар бие, эрхтний хөгжил нь саарсан, зогссон, ямар нэгэн согогтой болсон, өөрөөр хэлбэл, хуучны хэвшмэл ойлголтоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах дэлхий нийтийн өнцөг, хандлага өөрчлөгдөх боллоо. Хөгжлийн бэрхшээл бол дан ганц тархи, бие махбод, эд, эрхтний буюу хувь хүний бус, нийгэм, хүрээлэн буй орчин, олон нийтийн сэтгэлгээ, хандлагад хамаатай, магадгүй нөлөөллийн асуудал гэсэн өнцгөөр харж байна. Ийм байтал монголчууд бид зарим зүйлийн талаарх уламжлалт хандлагаа өөрчлөхгүй бол горьгүй нь. Энд монгол эрэгтэйчүүд, тэр дундаа хөвгүүд, залуучуудын боловсрох, мэдэх эрх, цаашлаад тэдний сэтгэцийн эрүүл мэндэд учирч буй хохирлын талаар хөндье.

…Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдсэн байдаг бол МСҮТ-ийнхний хувьд БШУЯ бус, ХНХЯ-нд харьяалагддаг учраас тийм боломжгүй байжээ…

Тодруулбал, эрэгтэй хүүхдийг ном, эрдэмтэй гэхээсээ илүүтэй амьдралд “алзахгүй” хүн болгох нь зөв гэсэн хандлага өнөөдөр ч байсаар. Энэ тухай бид байнга хөндөж ирсэн. Сүүлийн үед нийгмийн ядуурал энэ асуудалд “хачир” болж улам муйхар хандахад хүргэж, дорвитой өөрчлөгдөхгүй байгаагийн зэрэгцээ хөвгүүд сэтгэл гутралд орох болсныг мэргэжилтнүүд өгүүлж байна. Энэ нь олон улсын байгууллагуудтай хамтран болон дангаар хийсэн манай судлаачдын төрөл бүрийн судалгаанаас харагддаг.

Гадаадад, тэр дундаа Австралид тэтгэлгээр суралцах хөтөлбөрт эрэгтэйчүүдийн эзлэх хувь асар бага, ихэнх тохиолдолд хамрагдахгүй байгаа шалтгааныг судалжээ. Ер нь тус улсын Засгийн газрын санаачилгаар “Зориг” сантай хамтран төрөл бүрийн олон төсөл хэрэгжүүлэх хүрээнд судалгаа хийдэг юм байна. Үүний нэг нь “Өөрчлөх зориг” төсөл бөгөөд энэ хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн эрэгтэй сурагчдын дунд “Бие эр хүн болж төлөвшихөд саад болж буй хүчин зүйл, түүний шалтгааныг илрүүлэх” судалгаа явуулжээ. Энэ ажилд Сэтгэл зүйн үндэсний төвийн мэргэжлийн сэтгэлзүйчид хамтран ажилласан юм байна.

Тус төвд 10 гаруй мэргэжлээр 14-18 насны 519 хүүхэд сурч байсны 47 хувь нь орон нутгаас иржээ. Мөн мэргэжлийн онцлогоос шалтгаалан нийт сурагчийн 60 гаруй хувь нь эрэгтэй. Аймаг, орон нутаг болон тухайн төвийн дотоод судалгааны тайлангаас үзэхэд, суралцагчдынх нь хичээлийн идэвх, элсэлтийн ерөнхий шалгалт өгч, цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн сурах хүсэл эрмэлзэл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай харьцуулахад сул. Түүнчлэн сургуулиа сонгон суралцахад ихэвчлэн ээж, аав нь нөлөөлсөн буюу сар бүрийн тэтгэлэг, төлбөргүй байр, хоолтой гэсэн шалтгаан үүнд нөлөөлснийг судалгааны тайланд дурджээ.

Мэргэжилтнүүдийн онцолсноор, өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжихэд нүдээ олсон тус төслийн үр дүнд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн сурагчдад зорилготой, эрүүл, зөв амьдрахад нь туслах сургалт, мэдээллийг системтэй, цаг алдалгүй өгөх нөхцөл, боломж бүрдэж буй аж. Өөрөөр хэлбэл, суралцагч хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө өгөх зорилгоор тус сургуульд сэтгэлзүйч ажиллуулах, мэргэжлийн сэтгэл заслын өрөөтэй болгож тохижуулах болсон нь уг төслийн нэг том ололт юм байна. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдсэн байдаг бол МСҮТ-ийнхний хувьд БШУЯ бус, ХНХЯ-нд харьяалагддаг учраас тийм боломжгүй байжээ. Өдгөө 80 гаруй МСҮТ-д 14-18 насны 40 мянга гаруй өсвөр насныхан сурч байна.

Үүнээс өөр хэд хэдэн судалгааг харахад, манай өсвөр насны хөвгүүд сэтгэл гутралд өртөх нь нэмэгдэж, их, дээд сургуульд элсэх эрэгтэй хүүхдийн тоо буурсаар байгаа аж. Түүнчлэн нийгэм дэх эрэгтэйчүүдийн оролцоо сул төдийгүй амьдралд хариуцлагагүй ханддаг болох нь тогтоогджээ. Британийн Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд 10 мянга гаруй өсвөр насныхныг хамруулсан сэтгэл зүйн тандалт, судалгаа хийж байна. Үүнд тулгуурлан хүүхдүүд 14 насандаа сэтгэл нь хамгийн тогтворгүй болж, гутралд илүүтэй өртдөг буюу хамгийн эмзэг үе нь гэж тодорхойлов. Энэ үед илэрсэн сэтгэл гутрал насанд хүрсэн хойно нь ч үргэлжилдэг болохыг мөн тогтоожээ. Энэ мэт олон судалгаанаас харахад эрэгтэй хүүхэд охидоос дутахгүй эмзэг сэтгэлтэй, эрсдэлт зан үйлд автах магадлал өндөр аж. Тиймээс л хөвгүүдээ “хөрвийн аргаар” бойжуулдаг уламжлалаа эргэж харах зайлшгүй шаардлага тулгарч байна. Сүүлийн үед хөвгүүддээ тавих анхаарал харьцангуй сайжирсан ч энэ нь нийгмийн тодорхой хэсгийнхэнд л хамаарч байна.

Тэгвэл сэтгэл зүйн хувьд эрүүл, зөв төлөвшсөн эр хүн болгоход юунд анхаарах ёстойг хүүхдийн сэтгэл судлалаар мэргэшсэн судлаач Д.Пүрэвсүрэн “Хөвгүүд хангалттай боловсрол, эрдэм мэдлэгтэй болоогүйгээс амьдралд алдаа гаргах магадлал илүү өндрөөс гадна гэр бүл, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас үүдэж буруу зүйл хийх, эрсдэлт зан үйлд автах нь их” гэжээ. Өөрөөр хэлбэл, хөвгүүдийн боловсролд анхаарахын чухлыг өгүүлсэн юм. Тэгвэл дээр дурдсан судалгааны багийнхны онцолсноор, үүнд эцэг, эх, асран хамгаалагч нарынх нь үүрэг, хариуцлага маш чухал бөгөөд хөвгүүдээ ойлгож, дэмжин, сонсдог байх, бие хүн болж төлөвшихөд нь нөлөөлөх сургалт, дугуйланд хамруулах нь илүү тустай аж.

Нийгэм хурдацтайгаар хувьсан буй энэ цаг үед хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, цахим орчинд донтох, гэр бүл, цэцэрлэг, сургууль, асран хүмүүжүүлэх газар, дотуур байр, гудамж, талбайд бие махбод, сэтгэл зүйн болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөөр байна. Үүнд зөвхөн охид бус, хөвгүүд ч өртдөг. Гэтэл ихэвчлэн охидын талаарх мэдээлэл байдаг нь хөвгүүдээ бид “хаяж” буйн бас нэгэн илрэл аж. Нөгөөтээгүүр, Хүний эрхийн үндэсний комисс болон “Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хийсэн судалгаагаар манай улс дахь хүүхдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил нь тэднийг үл хайхрах явдал болохыг тогтоосон байдаг. Үүнд бидний “хатуу гарын” хүмүүжил бас их хамаатай. Канадын сэтгэл судлаач А.Бандура “Хүнд тогтсон ойлголт, дадал, зан үйл бий болоход орчин буюу гадаад хүчин зүйл маш чухал нөлөөлдөг” гэжээ. Үүнээс харахад, монголчууд бидний хөвгүүддээ боловсрол олгохоос илүүтэй “хатуу, хар бор амьдрал” ойлгуулах нь зөв, хэвийн үзэгдэл гэсэн буруу хандлага хүүхдүүдэд ч итгэл үнэмшил болон тогтож, үүнтэйгээ эвлэрдэг байдлаас илт харагддаг.

Хүн төрөлхтний үзэл бодол, амьдралын хэв маяг, танин мэдэхүй, мэдлэг, мэдээлэл нь цаг хугацаа, нөхцөл байдал, хөгжил дэвшилтэйгээ уялдан асар хурдтай өөрчлөгдөн, хувьсаж байна. Зарим салбарын тухайд өчигдрийн дэвшил нь маргааш гэхэд магадгүй хоцрогдоход хүрч мэдэхээр тийм л хурдтай хөгжин, өөрчлөгдөж буй нийгэмд бид амьдарч байна. Гэтэл бид хөвгүүдээ хүмүүжүүлж, бие хүн болгох арга барилаа өөрчлөхгүй бол цаашдаа улсын хөдөлмөрийн хүчний нөөц алдагдах, бүр алсдаа монгол эр хүний талаарх ойлголтод ноцтой “гэмтэл” гарч, нунж дорой, боловсролгүй бүдүүлэг гэж тодорхойлоход хүрэх вий. Магадгүй өнөөдөр тийм суурь тавигдсан байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд хоёр ч сайхан залуу амиа егүүтгэсэн бол согтуу эхнэрийнхээ хүчирхийлэлд өртөж мэсний шарх авсан, гэрээсээ хөөгдсөн нөхрүүдийн талаар нийгэм нэг хэсэгхэн шуугиад өнгөрөхдөө монгол эрэгтэйчүүдэд “сул дорой, арчаагүй” гэсэн “пайз” зүүлгэсэн. Дээрх хэрэг, явдлууд олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь. Бидний мэдээгүй өч төчнөөн ийм явдал нийгэмд болсоор байгаа. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд амиа хорлосон хэдэн мянган тохиолдлын олонх нь эрэгтэйчүүд гэсэн эмзэглэмээр статистик байна. Ингээд бодохоор магадгүй сул дорой болж байгаагийн наад захын илрэл байхыг үгүйсгэхгүй.

Энэ бүхнээс үзэхэд, монгол эрчүүдийн төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлсийг зөв тодорхойлох судалгаа үгүйлэгдэж байна. Үүнд тулгуурлан тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүний хөгжил, сэтгэл зүй, сэтгэц болон бие махбодын нөөц, боломж, чадамж зэрэг асуудлыг дахин авч хэлэлцэх зайлшгүй шаардлага тулгарч буйг төр, засгийн хэмжээнд анхаарах хэрэгтэй болжээ. Эцэст нь дурдахад, монгол эрчүүдийг багаас нь сурч боловсрох эрхээр нь “боомилдог, хөрвийн” аргаа халъя.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.