Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЭРВЭЭХЭЙ ХАТАГТАЙ”-н гунигт түүхийг эх хэлээрээ ойлгуулсан анхны тоглолт

ДБЭТ-ын гадна олны нүд хужирлам ганган машинууд эгнэн зогсож, сонгодог урлаг сонордохоор ирсэн дэгжин хатагтай, ноёд сугадалцан алхана. Тус театрын 48 дахь улирлын үзвэрийн нээлт болж буй нь энэ. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд тоглолттой байдаг уламжлал энэ онд ч үргэлжилнэ. Энэ үдшийн тоглолтыг Б.Сэргэлэн захирал нээж, өнгөрсөн жил хийж бүтээсэн болоод ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлаасаа танилцуулсан. Ирэх жил “Аида” дуурийг ОХУ-ын удирдаач М.Чипурной, “Аттилла” балетийг театрынхаа уран бүтээлч А.Батдэлгэр нартай хамтран тавихаа тэрбээр дуулгав.

Өнгөрсөн жилүүдэд тус театрын нээлтээр найрал хөгжмийн нүргээнт тоглолт, улаан хивсний ёслол болж, олны танил эрхмүүдээр хөшгөө нээлгэдэг сюрприз энэ удаа давтагдсангүй. Харин Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио чио сан” дуурийг нутаг нэгт удирдаач дохиж, дуурийн эх оронд мэргэжил дээшлүүлсэн монгол “Эрвээхэй хатагтай” гоцолсон нь хамгийн том бэлэг байлаа. Дашрамд дуулгахад, Италийн удирдаач Роберто Салвалаио 45 хоногийн турш ДБЭТ-ын уран бүтээлчдэд сургалт явуулах юм билээ.

Монголын дуурийн театрын үзвэрийн нээлтэд хөгжмийн мэргэжилтнүүд, Франц, Англи, Туркийн Элчин сайдын яамныхнаас гадна сонгодог урлагийн байнгын үзэгчид хүрэлцэн ирсэн юм. 48 дахь улирлын нээлтийн бас нэгэн бэлэг нь тухайн бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн дэлгэцнээ гаргасан явдал.

Танхимын хоёр талд байрлуулсан дэлгэц дээр гадаад хэлээр тоглож буй дуурийн орчуулгыг гаргах болсон тухайгаа Б.Сэргэлэн захирал дуулгаад, техникийн саатал гарвал өршөөхийг үзэгчдээс хүссэн. Өмнө нь хөгжмийн яруу сайхныг, дуулаачийн чадварыг биширдэг байсан бол одоо бичгэн орчуулгын тусаар алдарт бүтээлийн утгыг бүрэн ойлгох боломж бүрдлээ. Б.Сэргэлэн захирлын сэтгэгдлийг сонслоо.

-Шинэ улирлын нээлт бүрээ онцгой байлгахыг хүсдэг. Италийн хөгжим судлаач, зохиолч, удирдаач Роберто Салвалаио нээлтийн таван тоглолтыг дохино. Манай үзэгчид шалгалт аваад байна уу, эсвэл сайшаагаад байна уу, ямартай ч их чимээгүй сонсож байна. Энэ тоглолтоор үзэгчдэд Венецийн хөгжмийг мэдрүүлэхийг хүслээ.

-Дэлгэцнээ орчуулга гаргах болсон нь үзэгчдийн таашаалд нийцэж байгаа нь илт байна.

-Биднийг дэмждэг олон байгууллагын ачаар ийм боломж бүрдсэн. Гадаад хэлээр тоглодог бүх дууриа орчуулна.

-Орчуулгыг хэн хийж байгаа вэ?

-Найруулагч нар маань ажиллаж байгаа.

ХҮМҮҮЖИЛГҮЙ ҮЗЭГЧ Н.ТУУЛАЙХҮҮ

Гурван үзэгдэлт дуурийн завсарлагаар зочид амтат дарс хүртэн, Японы үндэсний хувцас кимоногийн үзэсгэлэнг сонирхсон. Энэ үеэр тус театрын ерөнхий удирдаач гавьяат жүжигчин Н.Туулайхүүгийн сэтгэгдлийг хуваалцав. -Эхний өдрийн тоглолт ямар санагдаж байна вэ?

-Гаднын оронд очоод бид “Учиртай гурван толгой” дууриа биширтэл нь удирдаж чаддаг шиг итали удирдаач үндэсний дууриа мөн л тийм хэмжээнд дохилоо. Манайхан бүгд мэргэжил дээшлүүлж байна. Даяарчлалын нөлөөгөөр сүү- лийн жилүүдэд манай театрт гаднын удирдаачид тогтмол ирдэг болсон. Энэ удаа Италийн хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг эх хэлээр нь тайлбарлуулж, суралцаж байна.

-Энэ өдөр үзэгчдийн суудалд тухалж, тоглолтыг дуусгах нь ээ?

-Амь тэмцээд босоод харайчих гээд болж өгөхгүй л юм.

-Санаа зовоод уу?

-Мэдэхгүй. Удирдаач хүний л зан байх. Жолоочийн дэргэд жолооч хүн суучихаар замыг нь заадаг даа. Би угаас тайван сууж тоглолт үзэж сураагүй, хүмүүжилгүй үзэгч л дээ.

ДБЭТ-ЫН ВЕНЕЦ “САЛХИ”

Төв хаалганы орчим энэ удаагийн тоглолтыг гоцолж буй дуучин Б.Эрдэнэтуяагийн багш Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа шавийнхаа аав, ээжтэй халуун яриа өрнүүлэн зогсож байхад нь мэргэжлийн хүний дүгнэлтийг сонсохоор саатууллаа.

-Венецийн хөгжмийг Монголд мэдрүүлэх нь их ач холбогдолтой. Би олон газраар явж, “Чио Чио Сан”-ыг сонсож, дуулж байсан. Венецид оччихсон шиг санагдаж байна. Итали удирдаач хөгжмөө сайн мэдэрч, дуучидтайгаа сайн ойлголцжээ. ДБЭТ-ынхан Италитай мэргэжлээрээ холбогдсонд баярлаж, бахархаж байна.

Таны шавь Б.Эрдэнэтуяа Италид очоод Роберто Салвалаиогийн шавь болсон байх аа.

-Дуучдад туршлагаас гадна орон зай хэрэгтэй. Б.Эрдэнэтуяа Италийн хөгжмийн орон зайд орсон болохоор аргагүй өөр байна. Итали арга барилыг сайн эзэмшжээ. Хүн ч гэсэн нэг төрлийн зэмсэг учраас сайн болгоныг өөртөө соронзоддог. “Эрвээхэй хатагтай”-н аав Я.Балгансүрэн, Ц.Цэцэгмаа нар охиноо дагаж театрын байнгын үзэгч болжээ. Шинэ улирлын нээлтийг тэсэн ядан хүлээдгээ тэд ярьсан.

АЛГА ТАШИЛТААР ШАГНУУЛСАН 15 НАСТАЙ “ЯПОН ОХИН”

Эрвээхэй нүдэт үзэсгэлэнт Чио Чио Саны хайр дурлалын гунигт түүхийг өгүүлсэн хоёр үзэгдэлт, гурван бүлэг дуурийг монгол орчуулгатай үзэж, нулимс дуслуулан танхимаас гарлаа. Үзэгчид тоглолтын дараа 10 гаруй минут тасралтгүй алга ташин, залуухан “Эрвээхэй хатагтай”-г мялаасан. Хөшиг хаагдсаны дараа тайзны ард баяр хүргэх хамт олондоо бүчүүлэн зогссон Б.Эрдэнэтуяатай уулзлаа.

-Их сайхан байна. Бас би их ядарснаа мэдэрлээ.

-Өмнө нь ямар ямар тайзнаа Эрвээхэй хатагтайн дүрд дуулж байв.

-Хэдэн жилийн өмнө өөрийнхөө тайзнаа анх дуулж байсан. Дараа нь Румынд дуулсан.

-15 настай япон охины дүр бүтээхийн зэрэгцээ дуулна гэдэг амаргүй байх аа.

-Маш их хүч зардаг. “Чио Чио Сан” том бүтээл. Хэцүү байсан ч сайн тоглоод дуусгахад сэтгэл амардаг.

-Энэ удирдаачтай Италид хамтран ажилласан гэв үү?

-Тийм ээ. Венецийн театрт “Дон Жуан” дуурьт хамтран ажилласан.

Түүнд баяр хүргэхээр хүмүүс дараалал үүс гэсэн учраас бид яриагаа ийн завсарлав. Энэ удаагийн тоглолтод Эрвээхэй хатагтайн дурлалт хархүү Пинкертонд Г.Шижирболд, зарц бүсгүй Сузукид Р. Доржхорлоо, Шарплест гавьяат жүжигчин М. Болд, зууч Город Ц.Доржсүрэн, Чио Чио Саны ах лам Бонзад Э.Бумхүү, Ямодори тайжид А. Сайнбаяр нар дуулсан юм.

Ж.Солонго

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.