Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭМЯ-ныхан эрх шилжүүлж хүний гараар могой бариулах гээд бүтсэнгүй

Цахим хөгжсөн, технологийн эрэн зуунд мэдээллийн үнэн мөнийг олоход амар болжээ. Зөвхөн дарга нар, танил талтай хүмүүст нээлттэй байж ирсэн тендерийн асуудал хумигдах эхлэл тавигдав бололтой. Тодорхой хэлбэл, нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн баасан гарагт 20 мянган N95 ам, хамрын хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендер зарлажээ. tender.gov.mn цахим хуудсанд байршуулсан дээрх мэдээллийг олон нийт уншаад ихэд эгдүүцэв. Улмаар тендерийг эсэргүүцэж, нүүр номдоо хотын даргад хаягласан олон зуун пост оруулжээ. Олон нийтийн тэмцэл үр дүнгээ өгч холбогдох газраас уг тендерийг түдгэлзүүлэв. Тодруулбал, ЭМЯ-наас нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх  шилжүүлж, тус газраас зарласан N95 ам, хамрын хаалтын тендертэй холбоотой асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албаны хүмүүсээс тайлбар авлаа. Мөн тэрбээр олон нийтийн дунд өрнөөд буй шүүмжлэлд тайлбар аваад зогсохгүй уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ руу буцаах хугацаатай үүргийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад өгөв. Улмаар эл тендерийн асуудалд хууль хяналтынхны хяналт шалгалт оруулахаар болжээ.

Олныг бухимдуулсан хамгийн гол асуудал бол нэг ширхэг ам, хамрын хаалтыг 20 мянган төгрөгөөр худалдан авах. Уг тендерийн зарыг баасан гарагт (2021.02.05) байршуулсан бөгөөд даваа гараг (2021.02.08) буюу өнөөдрийг хүртэл материал хүлээн авах байсан. Гурав хоногт, тэр дундаа амралтын өдрүүдэд ямар байгууллага материалаа бүрдүүлж амжих вэ. Шуудхан хэлэхэд урьдчилан тохирсон, үгсэн хуйвалдсан газрууд л материалаа өгөх боломжтой.

Азаар энэ удаа ард түмэнд хориотой, танил талтай хүмүүст нээлттэй байж ирсэн эл тендерийн булхайг зогсоож чадлаа. Өөрөөр хэлбэл, тус тендерийн ялагч нь анхнаасаа тодорхой, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн байж болзошгүй байгаа юм. N95 ам, хамрын хаалтын үйлдвэрийн өртөг 1000 төгрөг байдгийг эрүүл мэндийн салбарт ажилладаг зарим хүн хэлж байна. Эхнээсээ үгээ ил тод хэлж, үнийн санал илгээжээ. Тодруулбал, Эрдэмгончиг хэмээх фэйсбүүк хаягтай иргэн нүүр номдоо “N95 ам, хамрын хаалтыг 3500 төгрөгөөр нийлүүлж болох уу. Монголдоо үйлдвэрлэсэн, FFP3 95 хувь шүүх зориулалттай, чанарын баталгаа хангасан 20 мянган N95 ам, хамрын хаалт бэлэн байна, холбогдох бичиг баримт бүрэн. Төсвөөс чинь 330 сая төгрөг хэмнэж өгье. 20 мянган ам, хамрын хаалтыг 70 орчим сая төгрөгөөр нийлүүлье” хэмээжээ. Иргэн Эрдэмгончигийн хэлсэнчлэн үнэхээр эмнэлгийн зориулалтай ам, хамрын хаалтыг 3500 төгрөгөөр борлуулах боломжтой юм бол Д.Сумъяабазар даргын хэлснээр эрүүл мэндийн салбарын эрх мэдэлтнүүдэд ямар нэг ашиг сонирхол байсан бололтой. ЭМЯ-аас өмнө нь зарласан N95-ын тендерт өмнө нь “Мөнхийн тун” компани шалгарч байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Эрдэнэт болон Улаанбаатарт евро стандартын N95 үйлдвэрлэдэг үйлдвэр 4-5 байдаг аж. Тэдгээр үйлдвэрийн ажилтнуудын хэлснээр ам, хамрын хаалтын үнэ 3300, 4500 төгрөг гэнэ. Ямартай ч олон нийт энэ удаа сонор сэрэмжтэй байж, дарга нарт нээлттэй, иргэдэд хориотой байж ирсэн тендерийн булхайг зогсоож чадлаа. Товчхондоо, ЭМЯ-ныхан эрх шилжүүлж, хүний гараар могой бариулах гээд бүтсэнгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.