Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмч нар хариуцлагаас зайлсхийж М.Машбатыг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн гэв үү

АНАТХ-ныхон Сүхбаатарын талбайд өнгөрсөн дөрөвдүгээр сард өлсгөлөн зарлаж эрх баригчдыг сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардсан. Өлсгөлөнгийн үеэр буюу дөрөвдүгээр сарын 7-ны үүрээр “Ланд круйзер-80” маркийн 01-40 УБМ улсын дугаартай автомашинаар хүмүүсийн сууж байсан гэрийг дайрсан хэрэг гарсан билээ.

Түүнийг баривчлах үед тэрбээр “Г.Уянгааг дайрах байсан юм” хэмээн мэдүүлсэн гэдэг. Уг хэргийг үйлдсэн М.Машбатыг сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж байсан ч Шүүх эмнэлгийн шинжээчид хоёр ч удаа түүнийг хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан аж. УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.

Албаны эх сурвалжийн өгүүлснээр автомашиныг зэвсгийн чанартай зүйлд тооцсон гэнэ. Тэрбээр гурван хүнийг гэмтээснээс гадна өлсгөлөн зарлагчдын гэрийг дайрсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Түүнээс зөвхөн гэрийн хохиролд нэг сая төгрөг нэхэмжилж байгаа аж. М.Машбатад холбогдох хэрэгтэй Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч танилцаж байгаа бөгөөд шүүх хурал хэзээ товлогдох нь тодорхойгүй байна. Энэ хэрэгт холбоотойгоор бас нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Яллагдагч М.Машбатад холбогдох хэрэгтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн нь Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг сэтгэц эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан нь Сэтгэцийн эмгэг, наркологийн төвийнхөн хариуцлагаас зайлсхийсэн гэж өмгөөлөгч, түүний ар гэрийнхэн нь үзэж байгаа аж. Учир нь түүнийг Шархадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байхад нь тус төвийн эмч нар “Зайл” хэмээн хөөж гаргасан талаар тэд холбогдох байгууллагад тайлбарлаж буй гэнэ. Улмаар байнгын хяналтад байх сэтгэцийн өвчтэй хүнийг хяналтгүй гаргаснаас ийм хэрэг үйлдсэн.

Шинжээчийн дүгнэлт хуудуутай гэж тэд үзэж байгаа юм. М.Машбат эмчийн өрөөнөөс хөөгдөж гарсныхаа маргааш өглөө нь дээрх хэргийг үйлдсэн. Түүний өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь гаргасан хүсэлтийг шүүх өдгөө хянаж үзэж буй сурагтай. Тэрбээр үнэхээр сэтгэцийн өвчтэй бололтой гэдгийг Ганцхудагийн цагдан хорих төвийнхөн ч холбогдох байгууллагад мэдэгдэж улмаар сэтгэцийн эмчилгээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Цагдан хорих төвийнхөн холбогдох байгууллагад явуулсан танилцуулгадаа “М.Машбат сэтгэцийн хүнд өвчтэй, тиймээс түүнийг ганцаарчлан цагдан хорьж байгаа. Саяхан ялгадсаараа тоглож толгой дээрээ малгай шиг тавиад чармай нүцгэн орилоод хана мөргөөд байсан” гэж дурджээ. Түүний ингэж байгаа нь хэргээс мултрах гэсэн жүжиг ч байж болзошгүй гэж үзэх хүн байна. Гурван хүнийг гэмтээж, бусдад нэг сая төгрөгийн хохирол учруулсан түүнийг үнэхээр сэтгэцийн өвчтэй юү, эсвэл ял завших гэсэн оролдлого хийж байна уу гэдгийг шүүх тогтоох биз ээ.


Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.