Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Экологид хохирол учруулагсдыг эрүүгийн хариуцлагад татсаар байна

-“Монполимет” ХХК-ийнхан 4.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв үү-

Монгол Улс газрын хэвлий дэх үүцээ задалж, алт олборлох нэг бус хөтөлбөр хэрэгжүүлсэн, ажилгүйдэл, ядуурал газар авсантай холбоотойгоор байгаль эх рүүгээ дайрч мөнгө олж өнөө, маргаашаа аргацаах нь хэрээс хэтэрсэн билээ. Хэн дуртай нь байгаль руугаа халдаж чулуу, мод, ан амьтан, алт гээд тааралдсан болгоноо сүйтгэж буйн уршгаар Монгол оронд цөлжилт эрчимжиж, экологи доройтох болсныг иргэд ч, төр засаг ч сайн мэдэж байгаа. Ийнхүү хүрээлэн буй орчиндоо хайр гамгүй халдсаны улмаас мал нь бэлчээргүй, малчид хадлангаа бэлтгэх талбайгүй, хүн, адгуус ялгаагүй ундны усаар гачигдахад ойрхон болсон. Алт ухаад, амьтан агнаад баяждаггүй гэдгийг бид харж, мэдэрсээр байгаа. Гэвч байгаль эх, ан амьтан руугаа дайрч түүнээсээ мөнгө, ашиг олох гэж шунасаар эцэстээ эрүүгийн гэмт хэрэгтэн болдог. Газрын хэвлий, ус, мод руугаа дайрч байгаа хууль бус үйлдлүүдийг таслан зогсоохын тулд, эх болсон байгалиа хамгаалах үүднээс төр, засгаас шийдвэр гарган ЦЕГ-ын бүтцэд Экологийн цагдаагийн алба байгуулснаар хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр дориун ажил хийж байгаа. Үүний тод илрэл нь өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээнд эрчимтэй явуулсан “Нөхөн сэргээлт-2020” нэгдсэн арга хэмжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, ЦЕГ, МХЕГ-ын дарга нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу уг арга хэмжээг аравдугаар сарын 15 хүртэл гурван үе шаттай зохион байгуулснаар экологид хохирол учруулсан цөөнгүй үйлдлийг илрүүлж, хариуцлага тооцуулахаар дараагийн шатны байгууллагад шилжүүлж, нэлээд их хэмжээний га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийлгээд байна.

АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСНЫ УЛМААС УЛСЫН ХЭМЖЭЭНД 31 977.56 ГА ТАЛБАЙ ЭВДЭРСЭН

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас нийгэм, иргэд рүү чиглэсэн “Хогоор бүү хорло” гэх зэрэг нөлөөллийн цөөнгүй аян зохион байгуулахын сацуу хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд экологийн доройтолд орсон газруудыг буруутай хүмүүсээр төлбөрийг нь гаргуулан нөхөн сэргээлгэх, хариуцах эзэн нь олдохгүй удаж, хүн, мал, хүрээлэн буй орчинд хохирол учруулсан хэвээрээ байгаа талбайнуудыг сэргээх чиглэлээр нэлээд ажил хийжээ. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн хүрээнд болон хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас улсын хэмжээнд 31 977.56 га талбай эвдэрснийг Экологийн цагдаагийн албаны мөрдөгчид холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран шалгаж тогтоосон юм. Үүний 4 750.074 га буюу 14.7 хувь нь эзэнгүй орхигдсон, 27 255.4 га талбай буюу 85.24 хувь нь хариуцсан аж ахуйн нэгжүүд нь тодорхой байжээ. Ийнхүү эвдэрсэн газраас 2044.12 га талбайд буюу 14.05 хувийг нь сэргээсэн аж. Өөрөөр хэлбэл, 455.11 га-д биологийн, 1589.01 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэсэн гэнэ. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймагт орон нутгийн төсвийн 75.5 сая төгрөгөөр 77.66 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 205 аж ахуйн нэгж 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 1970.09 га талбайг сэргээж овоолсон шороо, ухсан нүхээ булж, тэгшлэн зарим хэсэгт нь ургамал, жимсний үр суулгасан аж. “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 181 мэдээлэл хүлээн авч шалгаснаас 71-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 100-д нь хэрэг үүсгэн шалгаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 41 хэрэг буюу 69.5 хувиар өссөн үзүүлэлт болов. Энэ үеэр Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Завхан аймгийн нутагт байдаг алтны илэрц бүхий 17, жонштой хоёр газарт “нинжа” хэмээн нэрлэдэг, хууль бусаар ашигт малтмал олборлодог давхардсан тоогоор 12 000 орчим иргэн 39 удаа дайрч, алт, жонш ухаж, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлж байжээ.

“МОНПОЛИМЕТ” ХХК-ИЙН УДИРДЛАГЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ БОЛЖЭЭ

Хууль бус аргаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг Экологийн цагдаагийн албаны болон орон нутгийн цагдаагийн ажилтнууд таслан зогсоож, гэмт хэргийн шинжтэй 52, зөрчлийг 91 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны зургааг нь шүүхээр шийдвэрлүүлсэн гэнэ. Өдгөө Экологийн цагдаагийн албаныхан хэд хэдэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж, заримыг нь харьяалах байгууллага руу шилжүүлээд буй аж. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 24.2-2 дахь хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирсан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 11 хэрэг нээснийг эх сурвалжууд мэдээлэв. Эдгээр хэргийн улмаас багагүй хэмжээний талбай сүйдэж, экологийн доройтолд орсон бөгөөд түүний 340 га-г нь гэм буруутай аж ахуйн нэгжийнхнээр нөхөн сэргээлгээд байгаа гэнэ. Энэ шалгалтын хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Монполимет” ХХК-ийнхан 450 га талбайд зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас экологид 4.7 тэрбум гаруй төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон гэж хууль сахиулагчид үзжээ. Тиймээс тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа Булган аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Уг саналыг нь хэрхэн шийдвэрлэснийг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхнаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас “Монполимет” компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татах санал ирүүлснийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байна” гэлээ.

ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль зөрчин алт ухаж байгаа бичил уурхай эрхлэгчдээс цөөнгүйд нь хэрэг нээн шалгаж буй юм. Тус сумын Могойн гол, Өлөнт, Цамхаг, Харгана гэх газарт 100 гаруй жилийн өмнөөс хятадууд, 1965-1989 онд ЗХУ-ын аж ахуйн нэгжийнхэн, 1992-2010 онд дотоодын компаниуд, 2011-2017 онд нутгийн иргэд, 2017-2019 онд бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүд ашигт малтмалын олборлож байжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд нутгийн иргэд, нөхөрлөлийнхөн хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг. Тус сумын нутаг дэвсгэрийн 65 орчим хувь нь ойн сан бүхий газар бөгөөд “Урт нэртэй” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй учраас ашигт малтмал хайж, олборлож болохгүй. Гэвч хууль зөрчин иргэд, нөхөрлөлүүд нь ажилласаар байгааг цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагынхан таслан зогсоож, өдгөө орон нутгийн хууль сахиулагчид тухайн бүсийг хамгаалалтад авчээ. Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 5-ны хооронд дээрх газруудыг шалгахад 62 нөхөрлөл, 295 иргэн алт ухаж байсныг зогсоож, 119 эксковатор, 47 ковш, найман бульдозер, ачааны 97 машин, 71 усан буу, монгол гэр 203-ыг албадан буулгаж, олборлолт явуулсан талбайг чөлөөлөн, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан хамгаалалтад авсан юм байна. Үүнээс өмнө цагдаа, тагнуул, БОАЖЯ-ныхан гээд 2019 оны наймдугаар сард эл бүс нутагт ажиллаад мөн л олон тооны техник хэрэгслийг битүүмжилж, хүмүүсийг албадан буулгаж байв. Улмаар Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг хууль сахиулагчид шалгаж эхэлсэн билээ.

Тус сумын нутаг дэвсгэрийн 17 газарт ашиглалтыг тусгай зөвшөөрөлтэй болон хууль бусаар олборлолт явуулсан иргэн, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүд 1277.6 га талбайг эвдсэн юм. Өөрөөр хэлбэл, Засаг дарга М.Ганбаатарын гаргасан шийдвэрээс болж ийм хэмжээний газар эвдэрсэн гэж хууль сахиулагчид үзсэн. Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын 4.2 дахь хэсэгт заасныг зөрчин сумын Засаг дарга М.Ганбаатар 2019 онд бичил уурхай эрхлэгч 92 нөхөрлөлтэй ашигт малтмал олборлох гэрээ байгуулж 165.6 га талбайг олгосон нь байгаль экологид хохирол учруулж газрын хэвлий их хэмжээгээр эвдэгдэх шалтгаан болсон байна. Тиймээс М.Ганбаатарыг эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагаас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд өдгөө түүнд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд хэргийг нь хүргүүлээд байгаа гэнэ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.