Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засгийн “алуурчин” Роберт Ж.Шапиро

М.ЭНХСАЙХАН Монгол Улсын Ерөнхий сайд асан Саяхны манай нэгэн хэвлэлд “Оюу толгой бол Монголын хувьд асар их үр өгөөжтэй төсөл” гэсэн гарчигтайгаар Шапиро гэгч хүний ярилцлагыг нийтэлжээ. Сонинд “Доктор Роберт Ж.Шапирог монголчууд таньдаг болоод уджээ. Вашингтон хотод байгаа түүнтэй теле-уулзалт хийх боломж сэтгүүлчдэд энэ удаад олдлоо” гэжээ. Би нэлээд олон сэтгүүлчээс ийм хүнийг таних уу гэж асуулаа. Мэдэх хүн алга. Шакира гэвэл мэднэ шүү гэх юм. Юм юмны үзүүрт явж байдаг сэтгүүлчид мэдэхгүй байхад түүнийг “монголчууд мэднэ” гэсэн нь захиалгын үг болж таарлаа.
Уулзалтыг “Дэлхийн өсөлт” байгууллага зохион байгуулжээ. Ж.Шапиро ярилцлагынхаа эхэнд “Өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь танай улсын түүхэнд онцлох чухал үйл явдал болсон. Энэ боломжийг ашиглаад та бүхэнд баяр хүргэе” гэж онцлон тэмдэглэв. “Монголд зудтай байгаа нь танай орныг сайн мэдэх америкчуудын сэтгэлийг их зовоож байгаа. Монголчууд та бүхэн сэтгэлийн хаттай байж учирсан бэрхшээлийг амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм гээд нялуун содон үгээр уг ярилцлага үргэлжилсэн байх юм. Тэрбээр цааш нь ямар ч тоо баримт, нотолгоогүйгээр Оюу толгой төслийг магтан дуулж, дөрөвдүгээр сарын 6-наас гэрээ хэрэгжиж эхлэхгүй бол Монгол балрах мэт суртал нэвтрүүлэг хийжээ.
Байгалийн баялгийг гартаа оруулахын төлөө том гүрнүүд бүх хүчээ хаяж нарийн бодож төлөвлөсөн аргаар ажилладаг болохыг гадарлах болсон хүний хувьд би түүнийг “алуурчин” гэж байгаа юм. Эдийн засгийн алуурчны зорилго нь байгалийн баялаг ихтэй орнуудыг олон тэрбум долларын өрөнд оруулах явдал бөгөөд түүнийгээ Засгийн газар, үндэстэн дамнасан компаниудын дэмжлэгтэйгээр Засгийн газруудыг молигодох, ингэхдээ хэлэлцээ хийгч талуудын дундуур гуравдагч этгээд мэт харагдаж зөвлөгч гэсэн нэрээр үндэсний эрх ашгаа мэдэрдэггүй Засгийн газруудад, ард түмэнд худлаа хэлдэг. Үүний үр дүнд их хэмжээний өрөнд орсон аль ч орон нь үндэстэн дамнасан компаниудад байгалийн баялгаа хямдхан өгөх байдалд ордог байна. Эдийн засгийн алуурчныг тусгай албад шалгаруулан бэлтгэдэг бөгөөд тэднийг томоохон зөвлөх компани, аль эсвэл Олон улсын валютын сан, Дэлхийн банкны удирдлагад ойр ажиллуулдаг. Хэрэв тэдний ажил бүтэлгүйтвэл бурууг олон улсын байгууллага, зөвлөх компаниуд руу чихдэг. Эдийн засгийн алуурчдын ажил бүтэлгүйтсний дараах шатны ажлыг нь тагнуулын байгууллагууд үргэлжлүүлэн үндэсний эрх ашгаа хамгаалж буй хүмүүсийг “хороох” ажлыг хийдэг. Тэр нь эс бүтвэл тэр улсыг дотроос нь үймүүлж “дампуурсан улс” болгон хувиргаж НҮБ-ын мандат нэрээр халхавчлан цэрэг оруулдаг юм. Ийм схемээр Африк, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн болон Арабын олон орон байгалийн баялгаа өөрсдөө хянах чадваргүй болсоор байгаа юм. Шапиро Оюу толгой төслийг зүг чиггүй магтан дуулж, гэрээг батлуулахыг хүсэж байгаа нь яг л дээрх бодлогыг хэрэгжүүлэгч гэдгийг харуулж байна.
Эдийн засгийн алуурчин хийж явсан Жон Перкинс гэдэг хүний бичсэн номоос бяцхан жишээ авья. 1972 онд түүнийг Панамд ажиллуулахаар томилон явуулсан байдаг. Панам жижиг орон бөгөөд Атлантын болон Номхон далайг холбосон сувгаараа алдартай юм. Панамын сувгийн бүс нутагт америкчууд тансаг байранд сууж, гольф тоглож, дээд зэрэглэлийн дэлгүүрээр үйлчлүүлж байсан бол сувгийн бүсээс гадна талд байгаа Панамчууд модон оромжид хорогдож, хальж урссан бохир дунд амьдардаг байлаа. Тийм ч учраас Панамаас америкчуудыг гар гэж шаардах нь энүүхэнд байжээ. Перкинс тэр үед Панамын суу заль бүхий Ерөнхийлөгч Омар Торрихостой танилцаж түүний оюун ухааныг бишэрч түүнтэй хувийн харилцаа тогтоосон байдаг. Торрихос “эдийн засгийн алуурчин”-ны тухай мэдлэгтэй, том гүрний тоглоомыг гадарладаг нэгэн байсан гэнэ. Торрихос Америкийн компаниудтай хамтарч ажиллавал асар баян болж болохоо мэдэж байсан. Гэсэн ч тэр тийм зам сонгоогүй юм. Тэр тусгаар улс байж, ядуу панамчуудын төлөө, панамыг өр төлбөрөөс салгах арга замыг сонгож Панамын сувгийг үндэсний болгох, хоёр далайн түвшнийг нэг болгох, том том хөлөг онгоц уг сувгаар зорчиж болох төсөл боловсруулж түүндээ хөрөнгө мөнгө босгох гэж дэлхийн банк, Америк дундын хөгжлийн банкинд төслөө гаргаж байж. Гэвч ийм зам сонгосныхоо төлөө учир битүүлгээр онгоцны ослоор нас барсан байдаг. Перкинс үүнийг санаатай аллага байсан гэдэгт итгэдэг бөгөөд Торрихостой сайн нөхрийн харилцаатай байсны хувьд “эдийн засгийн алуурчны ажлаасаа сайн дураараа татгалзсан байдаг.
Перкинс Панамаас өмнө анх удаагаа Индонезид ажиллаж байсан бөгөөд түүний үндсэн зорилго нь Индонезийн эдийн засгийн хөгжлийн талаар өөдрөг бүр дэндүү өөдрөг таамаглал дэвшүүлэх явдал байсан тухайгаа бичжээ. Перкинс Индонезид өндөр зэрэглэлийн зочид буудал, тансаг байшин савд баячууд амьдрахыг харсан боловч хүн амын дийлэнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд үгээгүй ядуу дор амьдарч байхыг харж байлаа. Түүнд өгсөн даалгавар үргэлж дотоод ёс суртахуунтай нь зөрчилдөж байсан тухай тэр хэлжээ. Түүний өмнөх эдийн засагч нь Индонезийн эдийн засаг яаж ч хичээгээд жилдээ найман хувиас илүү өсөж чадахгүй байсан боловч тэр нь эдийн засгийг 17-20 хувь өснө хэмээж Индонезийг том том төслөөр өрөнд унагах үйлдэл хийснээ “Эдийн засгийн алуурчны наминчлал” номондоо бичсэн байдаг юм.
Паркинс номоо 20 жил бичих гэж оролдсон бөгөөд энэ олон жил номоо бичиж чадахгүй байсныгаа түүнд байнга заналхийлдэг, эсвэл ихээхэн хэмжээний мөнгөөр хахуульдаж хойшлуулж байснаар тайлбарладаг.
Монголд дээрх схем аль хэдийнэ ажиллаж байгааг манай улстөрчид, Монголоо гэх хүмүүс ойлгох цаг болжээ. Ялангуяа энэ асуудал Оюу толгойн гэрээг яаран сандран байгуулсантай холбоотойгоор улам хурц тавигдах шаардлагатай болж байна. Шапирогийн ярилцлагад нэг ч барьж авах тоо баримт байхгүй. Гэвч энэ алуурчны ярилцлага нь Оюу толгой төсөл хэчнээн сайхан юм бэ гэж бодогдохоор суртал нэвтрүүлэг болсон байна. Хэдий болтол монголчууд тархиа угаалгах юм бэ? Хэдий болтол үлбэгэр улстөрчдийг харж энэ хэд маань хэзээ гэгээрэх юм гэж хүлээх вэ? Хэдий болтол манай сэтгүүлчид хүний мөнгөөр Монголын эсрэг ажиллах юм бэ?
Том гүрнүүд Монголд болох үйл явдлуудыг урдаас бүр 20 жилийн өмнөөс харж байсан гэж хэлэх үндэстэй юм. Түүний нэг тод жишээ нь Монгол учраа олоогүй байхдаа 1995 оны гуравдугаар сарын 9-нд Монгол Улсын Засгийн газар Нидерланд улстай харилцан татвараас чөлөөлөх гэрээ хийжээ. Түүнийхээ төлөө Нидерландаас буцалтгүй тусламж хэлбэрээр элдэв төсөл авч хэрэгжүүлжээ. Элдэв төсөл үнэгүй биш гэдгийг ойлгох цаг боллоо.
Оюу толгойн гэрээнд толгой эргэм олон компанийн нэр дурдагдсан байх боловч хөрөнгө оруулагч гэдгээр зөвхөн Британийн Виржины арлуудын хуулиар бүртгэгдсэн Айванхоу Оюу толгой, БиВи- Ай, ХХК болон Нидерланд улсын хуулиар бүртгэгдсэн Оюу толгой Нидерландс, Би-Ви, ХХК байна гэжээ. Энэ бол Монгол Улсын татварын орчноос гарсан хэрэг юм. Монголчууд Оюу толгойгоос хууль ёсны татвараа авна гэдэг эргэлзээтэй төдийгүй бид хэрүүл үүсгэвэл Лондоны шүүхэд дуудагдахаар болсон байна. Шударга гэрээ гэх ямар ч үндэс байхгүй гэдгийг болгоох цаг болсон байна, Ерөнхийлөгч өө. Монголоо гэх бүх хүмүүс сэрээчээ…… Монгол Панам юм уу, Индонез болох учиргүй. Өнөөдөр алдаагаа засах нь хожим алдаагаа наминчлахаас хамаагүй хямд гэдгийг ойлгооч ээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.