Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.БАТ-ҮҮЛ: БИ Ч ГЭСЭН УЛС ТӨРИЙН ТЭТГЭВЭРТ ГАРМААР БАЙНА…

Хэвлэлийн хүрээлэнгээс сар бүр зохион байгуулж байхаар төлөвлөж буй “Зангиагүй уулзалт”-ын дөрөв дэх нь болж УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл оролцов. Тэрбээр хоёр сэдвээр голлон ярьж, сэтгүүлчдийн асуултад хариулсны эхнийх нь Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний тухай байлаа. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай авсаархан хуулийн төслийг Э.Бат-Үүл боловсруулсныг бид мэднэ.

Түүний үзэж буйгаар сонинууд төрийн мэдлээс нэг их түвэггүй ангижирч чадсан ч Үндэсний радио, телевизийг тэдэн шиг болгох нь манай нөхцөлд хэцүү аж. Хамгийн гол нь үндэсний радио, телевиз санхүүгийн хувьд Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй.

Тийм болохоор мөнгөний эзэнд үйлчлэх хандлага одоо хэр нь байсаар байна. Гэтэл хэвлэлүүд төрийн хараа хяналтаас гарсан ч нэг юм уу, хэсэг хүний өмч болжээ. Энэ бүхнээс үүдээд манай хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд бидний хүсээд байгаа чөлөөт, хараат бус байдал бий болж үнэндээ чадсангүй. Сэтгүүлчид нь ч эдийн засгийн нөхцл өөсөө шалтгаалж хөлсний ажилчин шиг байх болж.

Төрийн байгууллагууд нь бас улсын нууцад үл хамаарах мэдээллийг ч өгөхдөө хойрго хандаж байна. Уг нь олон түмэнд бодит мэдээлэл хүргэх нь ердөө ардчиллын үнэт зүйлийг хадгалж буй төдий явдал биш, ардчилсан орнуудад хүн ард нь үнэн мэдээлэл дээр түшиглэж үйл ажиллагаагаа явуулж, аж төрж байдаг байна. Э.Бат-Үүлийн ярианы хоёр дахь сэдэв нь мэдээж улс төр, тэр дундаа АНынх нь ажил, амьдрал. Намын тодорхой шатны байгууллагыг дарга нь өмчлөөд улс төрийн зорилгоор ашиглаад байх нь АН-д бараг эмгэг шинжтэй болж байна гэж тэр үзэж байна. Улс төрийн намд үнэлгээ өгдөг, хариуцлага тооцдог гол юм нь сонгууль байдаг энэ тогтсон зарчим Монгол, Орос, Хятад гуравт л лав зөрчигдөж байна гэнэ.

Ийн хэлээд Э.Бат-Үүл Оросын КНын дарга Геннадий Зюганов, ЛАН-ын дарга Владимир Жириновский нарыг жишээ болгов. Энэ хоёр нам сонгуульд ялагдаж цөөнх болоод л байхад нөгөө Зюганов, Жириновский хоёр нь даргаа “хийсээр” л. Тэд ялангуяа сонгуулийн үеэр албан тушаалаа, намаа бизнесийн зорилгоор ашигладаг талаар хэвлэлүүд хэдийнэ олны сонорт хүргэсэн. Эрх мэдлийг өмчлөх сонирхол ийм юмтай холбоотой байдаг ажээ. Гэхдээ намын даргын албаа бусдад шилжүүлнэ гэдэг тухайн хүний улс төрийн шатаар өгсөх зам дуусаж байгаа хэрэг биш. 2008 оны сонгуульд манай нам цөөнх болсон, тэгээд Ц.Элбэгдорж өөрийн хүсэлтээр огцорсон. Дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялсан шүү дээ гэв.

АН-ын дээд байгууллага ҮЗХ-гоор л жишээлэхэд социализмын үеийнх шиг ямар ч шийдвэрийг 99.9 хувийн саналаар дэмжиж гаргана гэж байхгүй. Аливаа шийдвэртэй санал нийлэхгүй хүн байж л байдаг. Гэлээ ч асуудлыг олонхийн саналаар шийдэж цөөнх нь аялдахаас аргагүй. ҮЗХ-ноос гаргасан олон шийдвэр миний санаанд нийцэхгүй байсны нэг нь Засгийн газраа хамтарч байгуулах тухай асуудал.

Би эхнээс нь зөвшөөрөөгүй ч шийдвэр нэгэнт гарсан тул дагах учиртай. Түүнээс биш нам дотор нам байгуулаад, төв намтайгаа зэрэгцсэн үйл ажиллагаа явуулаад байж болохгүй, үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Тэрбээр байр сууриа ийн илэрхийллээ. Энэ мэт зохисгүй үзэгдлүүдийг манлайлаад байна гэж үзсэн учраас С.Эрдэнэд шүүмжлэлтэй ханджээ. Чухам энэ утгаар ч АХХ-г буруутгадаг юм байна. Шулуухан хэлэхэд эдний үйл ажиллагааг АНыг хоёр хуваагдахад хүргэж байна гэж үздэг аж. Энэ холбооныхон хамтарсан Засгийн газарт АН орсныг буруушааж бүр зохион байгуулалттай тэмцэл болгож байна. ҮЗХ-ны хурлаас энэ талаар шийдвэр гаргахад Э.Бат- Үүл цөөнх болоход АХХ-г үүсгэн

байгуулагчид хамтарч ажиллахыг дэмжиж байж. Өөрөөр хэлбэл МАХНтай Засгийн газарт хамтрах шийдвэ рийг тэд гаргалцсан гэнэ. Харин С.Эрдэнэ харин сая байдлыг доор нь ухаарч нийс лэлийн АН-ын хорооны тамгыг дараагийн хүндээ шилжүүлж өгсөн нь АН-д байгаа өвчнийг илааршуулах зүгт чухал алхам болж, улс төрийн ийм соёл төлөвшүүлэхэд их үүрэг гүйцэтгэлээ гэж үзэж байв. Олонх, цөөнх байсан бол улс төржөөд нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байж болох томоохон хэд хэдэн асуудлыг ялангуяа уул уурхайн салбарт хамтарсан үедээ шийдэж буй нь сайшаалтай. АН-ын рейтинг өсөхөд энэ нь нөлөөлсөн ч байж мэднэ. Гэхдээ л хяналтгүй байдал тун аюултай. Тиймээс манай нам цөөнх болоод хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтарч хянасан бол олон зүйл тунгалаг байх байсан гэж Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлэв.

-АХХ-г Хөвсгөл аймагт хурал хийж байхад Ерөнхийлөгч тэнд байсан гэсэн. АХХ-ны үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцдог юм биш үү?

-Намын дотоод ажилд Ерөнхийл өгчийг оролцдог гэж хардах үндэслэл үнэхээр байхгүй. Ерөнхийлөгч Буриадад оччихоод замдаа Хөвсгөлд хэд хоног амрах үед АХХ-ны зохиосон арга хэмжээ давхацсан юм билээ л дээ. Ийм гай таарсан хэрэг. Баабар, бид хоёрыг Америкт очиж С.Баяртай уулзсан гээд л мэдээллээ. Баабар бид хоёр Хавайд очсон нь үнэнч С.Баярыг Америкт чухам хаана байсныг мэдэх ч үгүй. Ингэж зарим юмны учрал тохиол давхцаж таараад, түүнийг нь хэвлэл, мэдээллийнхэн шүүрч авч хардаж мэдээлээд буруу зөрүү ойлголт төрүүлчих гээд байх юм.

-МАХН үзэл баримтлалаа өөрчл өхөөр төлөвлөж буй нь олон нийтийн анхаарал их татаж байна. Та хөндлөнгөөс ажиглагчийн хувиар энэ тухайд бодлоо хэлэхгүй юү?

-Манай намынхан тамга тэмдгээ булаалдаж байхад МАХН-ынхан их оюунлаг юм ярьж байгаа нь миний атаархлыг төрүүлснийг би нэгэнтээ хэлсэн. Яг таны асуусан тухайд гэвэл байдлыг ажихад үзэл баримтлал гэж яриад байгаа улс маань өөрсдөө баруун, зүүнээ ялгаж байна уу, үгүй юү гэлтэй. МАХН дотор болж буй үйл явдал сүүлдээ эрх мэдлийн төлөөх тэмцэл болох янзтай даг. Ямар ч анги давхаргагүй нийгэм байсан социализмаас дөнгөж салсан орнуудад баруун, зүүний чиг баримжаа гэж байдаггүй бололтой юм. Манай нам өөрийгөө барууных л гээд байдаг атлаа сонгогчдыг татах гээд нийгмийн халамжийн тухай яриад л байдаг шүү дээ. “Хүүхдийн мөнгө”, “Эрдэнийн хувь” гэсэн амлалтаас нь үзэхэд эрх мэдэлд л хүрч байвал үзэл баримтлал хамаагаа алджээ.

-Намууд бие биенээсээ сайн гэсэн зүйлийг нь авч хэрэглэсээр барууны, зүүний гэсэн үзэл баримтлалын тод зөрүү аажмаар алга болж байна гэж ярих боллоо. Манай намуудын байдлаас ажихад Танд бас ийм бодол төрдөг үү?

-Дэлхий дахинд ийм байдал ажиглагдах боллоо гэж судлаачид ярьж, бичиж байна. Тэгэхдээ Өрнөдийнхний хувьд энэ байдал нь уламжлалт сэтгэлгээтэй нь зөрчилдөх учраас нийгмийг нь хямралд хүргэж мэднэ. –

Улс төрийн тэтгэвэрт гарах… гээд яриад байх болж. Ямар нөх цөлд энэ тухай ярих ёстой юм бол. Зарим хүн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа өрсөлдөөд унасны нь төлөө Н.Энхбаярт хандаж энэ үгийг хэлж ч байх шиг. Ардчиллын партизануудад ч ийм үг цухалзуулж эхэллээ.

-Миний хувьд гурван зүйл бүтээлцчихвэл энэ тэтгэвэрт гармаар байна. Юуны түрүүнд Үндсэн хуульд заасан утгаар нь орон нутагт эрх мэдэл өгөх ёстой. Аймгуудын Засаг дарга нар л гэхэд Засгийн газрын зарцаас хэтрэхгүй байна шүү дээ. Өөрөө мэдэж юу ч хийж чадахгүй. Гэтэл ийм байдлыг нь иргэд мэдэхгүйгээс Засаг даргаа юм хийхгүй байна гэж зэмлээд байдаг. Цаашилбал Парламентыг хоёр танхимтай болгох. Нэг нь ард түмний засаглалыг хэрэгжүүлдэг, нөгөөх нь хууль тогтоодог байх. Эцэст нь байгалийн баялгаас олж буй орлогыг “хараал” болгохгүйгээр ашигладаг болох.

Одоо бол үнэндээ энэ баялаг биднийг ер юунд хүргэх бол гэж айхад хүрээд байна шүү дээ. Эндээс олсон орлогоор хүн амаа сууцтай, залуусаа боловсролтой болгомоор байна. Н.Энхбаярын хувьд бодлоо хэлэхэд тэр хүн МАХН-ын гишүүн л юм чинь түүний ажил амьдралтай нь холбоотой асуудлаар санал бодлоо хэлэхээс яах юм бэ.

-Парламентын сонгуулийн хуулиа өөрчилж, одоогийн тогтолцоог хална гэж буй. Та ямар тогтолцоог нь дэмждэг вэ?

-Манай улс одоо эрдэс баялгийн төлөөх өрсөлдөөний талбар болох нь. Ийм нөхцөлд эрх мэдлийн төлөөх тэмцэлд луйвар булхай хийвэл үр дагавар нь их уршигтай байж мэднэ гэж би бодоод байгаа юм. Тийм болохоор луйвар булхай хийх боломжгүй, сонгуулийн үр дүн нь ямар ч эргэлзээгүй тодорхой байхаар бодож хуулиа өөрчл өх ёстой. Ялангуяа санал тоолох механизм маш боловсронгуй байх нь тун чухал. Төрийн алдсан орон зайг “дээрэмчид” эзэлдэг юм байна шүү…

Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.