Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.ЦЭРЭНСАМБУУ: Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болно

Манай улс “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтад өчигдрийн байдлаар зорилтот бүлгийн хүн амынхаа 22 хувийг хамруулаад байна. Дархлаажуулалтыг өргөн хүрээнд өрнүүлж буйтай холбоотойгоор иргэд олон асуултыг мэргэжлийн байгууллагынхнаас тодруулж буй билээ. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох уу, хөл хүнд болсноо мэдэлгүйгээр дархлаажуулалтад хамрагдсан бол яах вэ гэдэг нь цөөнгүй хүний санааг зовоож байгаа. Гавьяат эмч, нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ш.Цэрэнсамбуутай энэ талаар ярилцлаа.

-“Ковид-19” манай улсад маш эрчимтэй тархах боллоо. Халдварын тархалтыг хумих гол арга нь иргэдээ богино хугацаанд дархлаажуулах гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж буй. Гэтэл дархлаажуулалтын явц удааширлаа гэх шүүмжлэл хааяагүй гарч байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү.
-Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Манай улсын хувьд эхний 10 сард коронавирусийг дотооддоо алдаагүй. Харин өдгөө халдварын тархалт сэтгэл түгшээх хэмжээнд хүрлээ. Тухайлбал, халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд 2900 байсан. Гэтэл сүүлийн ганцхан сарын хугацаанд эрс нэмэгдэж, 10 000-ыг давлаа. Монгол Улс нэг сая хүнд ногдох тохиолдлын тоогоороо Номхон далайн баруун бүсдээ Филиппин, Малайз, Япон, БНСУ-ын дараа орсон. Дархлаажуулалтын явцын хувьд бусад улс орныг бодвол харьцангуй сайн байна. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн салбараараа дамжуулан орон даяар товлолт хугацаанд дархлаажуулалт хийж хэвшсэн нь манай улсын эрүүл мэндийн тогтолцооны нэг давуу тал. Түүнчлэн төр, засаг вакцины нийлүүлэлтэд онцгой анхаарч, олон улсын хөтөлбөрт хамрагдан, хоёр хөршөөсөө тусламжаар болон худалдан авах бүхий л боломжийг хайж, эрэлхийлж буй нь дэлхийн бусад улстай харьцуулахад туйлын сайшаалтай. Манайд вакцины нийлүүлэлт жаахан хүлээлт үүсгээд буй нь ажиглагдаж байна. Харин дархлаажуулалтыг бол маш богино хугацаанд хийх боломжтой. Бид хүн амаа дархлаажуулсан эхний таван улсын нэг болох зорилт тавьсан шүү дээ. Ерөнхий сайд хүн амаа дархлаажуулсан эхний 3-5 улсын нэг болно гэхэд манайхан эгдүүцэх юм. Дархлаажуулалтыг өргөн хүрээнд хийж байж бид хэвийн амьдралдаа хурдан орно, эдийн засаг сэргэнэ, гадаад, дотоод харилцаа хэвийн болно. Вакцинд хамрагдана гэдэг нь өөрийнхөө амь нас, эрүүл мэндийн төлөө, улс орон, нийгмийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага.
-Манай улсад жилд хэдэн хүн амарждаг вэ. Жирэмсэн эмэгтэйчүүд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэж болох уу?
-Монгол Улсын хүн ам жилд ойролцоогоор 75 000-80 000-аар нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсээр л байгаа. Гэхдээ амжилтгүй жирэмслэлт буюу зулбах, дутуу төрөх, үр хөндөх тохиолдол ч нэлээд өндөр. Ер нь ямар ч вакциныг хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүдэд ямар нөлөөтэйг судлах, ажиглах асуудал хамгийн чухал. “Ковид-19”-ийн эсрэг вакцинууд нь дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд бүтээсэн, мөн хамгийн их хөрөнгө зарцуулсан, туршилтын хугацаа хамгийн богино гэдгээрээ онцлог. Эхний ээлжид вакцинд хамруулсан жирэмсэн ээжүүд хараахан амаржаагүй байна. Вакцин хийлгэсэн, жирэмсэн олон эмэгтэй тусгай судалгаанд хамрагдаж буй. Тэдний жирэмслэлтийн явц, урагт нөлөөлөх байдлыг тодруулах судалгаануудын үр дүнг нэгтгэн, дүгнэх хугацаа хараахан болоогүй.
-Тэгэхээр үр дүн гарах хүртэл жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхгүй гэсэн үг үү?
-Манай улс одоогоор “Ковид-19”-ийн дөрвөн төрлийн вакциныг дархлаажуулалтдаа ашиглаж байна. Эдгээрийг жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хийхгүй гэсэн туйлын эсрэг заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, “Пфайзер, “БиоНтех”, “Модерна”, “Жонсон энд Жонсон”, “АстраЗенека”, “Спутник V” вакциныг жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүдэд хийхгүй гэсэн заалт байхгүй гэж олон улсын судлаачид бичсэн. Москвагийн Кулаковын институтийн профессор Л.В.Адамян “Ковид-19”-ийн үеийн эрсдэл хүндрэл, түүнээс шалтгаалсан үлдэц үүсэхээс 1000 дахин сэргийлсэн вакциныг жирэмслэхээр төлөвлөж байгаа эхчүүд 2-3 сарын өмнө заавал хийлгэх шаардлагатай гэж зөвлөлөө. Жирэмслэлт нь халдварт өртөх нэг эрсдэлт хүчин зүйл. Ялангуяа эрхтэн тогтолцооны эмгэгтэй, артерийн даралт ихсэх өвчтэй, II хэлбэрийн чихрийн шижинтэй эхчүүд хүндээр өвчилж байгаа. Тиймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд дархлаажуулалтад өргөнөөр хамрагдахыг уриалсан. Харин Хятадын судлаачид дийлэнхдээ жирэмсэн эхчүүд вакцин хийлгэхгүй байхыг зөвлөсөн. АНУ-д түгээмэл хийж байгаа “Пфайзер”, “Модерна” вакцины хувьд урагт нөлөөлж байгаа, эсэх тухай мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй. Гэхдээ вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүд санаа зовох шаардлагагүйг АНУ-ын Эх барихын коллежоос зөвлөсөн. Нэгтгэн хэлэхэд, жирэмсэн эмэгтэйчүүд айлтгүй вакцинд хамрагдаж болно. Мөн жирэмсэлснээ мэдэлгүй вакцин хийлгэсэн бол давтан тунгаа хийлгэхээс гадна заавал үр хөндүүлэх шаардлагагүй.

Манай улс хүн амынхаа 20 гаруй хувийг дархлаажуулчихлаа. Эдгээрийн дотор мэдээж нөхөн үржихүйн насны болон жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөсөн бүсгүй олон бий. Тиймээс одоогоор дүгнэж хэлэхэд, вакцин хэдийгээр жирэмсэн эмэгтэйчүүд, урагт аюулгүй, эсэх нь бүрэн тогтоогдоогүй ч хувь хүн өөрөө “Ковид-19”-ийн халдвар авснаар үүсэж болох эрсдэлийг тооцон шийдвэр гаргах нь зүйтэй. Вакцины эхний тунг хийлгэсний дараа жирэмсэлсэн бол хоёр дахь тунг үргэлжлүүлэн хийлгэх, эсвэл төрөх хүртэл хойшлуулах, эсэх талаар дахин ярилцах шаардлагатай. Дархлаажуулалтад хамрагдсанаас шалтгаалан жирэмслэхээ хойшлуулах шаардлагагүй.
-Манай улсад энэ чиглэлээр хийсэн судалгаа бий юү?
-Миний хувьд шавь, Английн Дандигийн их сургуулийн магистрант, эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Э.Нандин-Эрдэнэтэй хамтран вакцинтай холбоотой судалгааны материал цуглуулж, дүгнэлт хийж буй. Мөн Баруунд хийж байгаа, дархлаажуулалтад хамрагдсан жирэмсэн эхчүүдийн судалгааны загвараар Монгол Улсад судалгаа явуулахыг зорьж байгаа. “Пфайзер”, “АстраЗенека”, “Модерна” вакцинд хийсэн эмнэл зүйн бус судалгааны үр дүнгээс харахад жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон урагт хор хөнөөлтэй зүйл ажиглагдаагүй. Энэ талаарх мэдээллүүдийг олон улсын судалгаануудын дүгнэлтээс харах боломжтой. Мөн ДЭМБ, АНУ, Канад, Европын улсуудын “Ковид-19”-ийн вакцинтай холбоотой судалгааны үр дүнг хянахад одоогоор аюултай зүйл ажиглагдаагүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, зарим бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх нь халдвараас шалтгаалан үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх давуу талтай. Жишээлбэл, Британид халдварт өртөх өндөр эрсдэлтэй газарт ажилладаг, эсвэл халдвар авсан тохиолдолд хүндээр өвдөх магадлалтай жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин хийлгэхийг зөвлөсөн.
-Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох уу. Эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Хөхүүл эмэгтэйчүүд болон эхийн сүүгээр хооллож буй нярайд “Ковид-19”-ийн вакцин аюулгүй, эсэх талаарх хангалттай мэдээлэл одоогоор алга. Хөхөөр хооллох нь хүүхдийн дархлааны тогтолцоонд өндөр ач холбогдолтой. ДЭМБ-аас гадна АНУ, Британид хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно гэж зөвлөсөн. Тарилга хийлгэсний дараа ч хүүхдээ хөхөөр хооллож болно гэж үзэж байна. Мөн АНУ, Британийн эрүүл мэндийн байгууллагууд хүүхэдтэй болохоор төлөвлөсөн хосуудыг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Түүнчлэн вакцин хийлгэсний дараа ч жирэмслэхээ хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн. “Ковид-19”-ийн вакцин үр тогтоход сөргөөр нөлөөлж байгаа, эсэх талаар нотолгоо, мэдээлэл одоогоор алга.
-Бусад төрлийн вакциныг жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөсөн үед хэрхэн хийдэг вэ?
-Вакциныг дөрвөн төрөлд хувааж болно. Нэгдүгээрт, амьд вакцин. Энэ төрлийн вакцин нь сулруулсан амьд микро организмыг агуулдаг. Үүнд саа, улаан бурхан, улаанууд, сүрьеэгийн вакцин орно. Ийм төрлийн вакциныг хийлгэснээс хойш гурван сарын дараа жирэмслэх шаардлагатай. Учир нь гурван сарын дараа микро организм биеэс бүрэн гадагшилна. Хэрэв гурван сарын дотор жирэмсэлбэл амьд микро организм нь ургийг гэмтээх аюултай. Хоёрдугаарт, идэвхгүйжүүлсэн вакцин гэж бий. Энэ нь амьд бус микро организмыг бүхэлд нь юм уу, эсвэл түүний эсийн хэлтэрхийг агуулсан вакцин. Үүнд хөхүүл ханиад, томуу, менингитийн эсрэг вакцин хамаардаг. Идэвхгүйжүүлсэн вакциныг жирэмслэхээс нэг сарын өмнө хийлгэх боломжтой бөгөөд тогтвортой дархлааг бэхжүүлэхийн тулд хангалттай хэмжээний эсрэг бие үүсгэх зорилготой. Гурав дахь нь анатоксинууд. Бактериудаас ялгардаг идэвхгүйжүүлсэн хор агуулсан вакцин. Сахуу, татрангийн эсрэг вакцин үүнд багтана. Жирэмслэхээс сарын өмнө хийлгэнэ. Дөрөв дэх нь биосинтетик вакцинууд. Генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан вакцинууд үүнд хамаарна. Үүсгэгчийн геномын мэдээлэлд тулгуурлан гаргадаг. Ийнхүү зориудаар бэлтгэсэн үүсгэгч нь өвчин бус, дархлааны эсрэг бие үүсгэдэг. Жишээ нь, В вируст гепатитын эсрэг вакцин үүнд багтана. Мөн л жирэмслэхээс нэг сарын өмнө хийлгэнэ.

“Модерна” болон “Пфайзер” нь мэдээллийн РНХ (мРНХ)-д суурилсан вакцин бөгөөд амьд вирус агуулаагүй. Өөрөөр хэлбэл, эдгээр вакцин нь хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлцэхгүй, удмын мэдээллийг өөрчлөхгүй учир харьцангүй аюулгүй байх магадлалтай. “Жонсон энд Жонсон”, “АстраЗенека”, “Спутник V” нь вирусийн вектор технологид суурилсан вакцин. Өөр төрлийн вирусийг хувиргаж, “Ковид-19”-ийн вакцин гарган авсан гэж ойлгож болно. Энэхүү технологийг хэрэглэн гаргаж авсан эболагийн эсрэг вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд тарихад эх болон урагт сөргөөр нөлөөлсөн хүндрэлүүд гарч байгаагүй талаар эмнэл зүйн судалгаануудад дурдсан. Тиймээс энэ төрлийн вакцинууд ч аюулгүй гэж таамаглаж байна.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.