Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШӨХТГ-ын дарга болон гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөнө

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг анх 1993 онд баталсан. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор уг хуулийг 2010 онд шинэчлэн, Өрсөлдөөний тухай хууль нэртэй болгосон бөгөөд үүнээс хойш таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин уг хуулийг дахин өөрчлөх хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзээд, шинэчилсэн найруулгын төслийг нь 2019 оны сүүлчээр УИХ-д өргөн барьж, өнгөрсөн онд олон нийтээс санал аван, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг төсөл нь таван бүлэг, 31 зүйлтэй бөгөөд давамгай, зүй ёсны монополь болон бусад аж ахуйн нэгжийн зохицуулалт, тэдгээрийн нэгдэн нийлэх, хувьцаа худалдан авах үйл ажиллагаа хийгээд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцлийг хэрхэн хянах, ШӨХТГ-ын бие даасан байдлыг баталгаажуулах талаар тусгажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн үйлчлэлд “Аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна” гэж заасан байдаг. Тэгвэл дээрх төсөлд үйлчлэх хүрээг нь илүү нарийвчлан тодорхойлжээ. Тодруулбал, “Захиргааны байгууллагын зах зээлийн харилцаанд чиглэсэн үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр болон аж ахуй эрхлэгч, зах зээлийн харилцаанд хамаарал бүхий шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагууд хамаарна” гэж заасан байна. Товчхондоо зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, төр, хувийн хэвшлийн, ашгийн төлөө бус гээд бүх байгууллагад энэ хууль үйлчлэх нь. Мөн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн тодорхойлолтыг хэт ерөнхий гэж үзэн, өөрчилсөн байна. Ингэснээр өрсөлдөгч аж ахуй эрхлэгч нь эдийн засаг, техник, технологийн хувьд нэвтрэн орох боломжгүй, хязгаарлагдмал зах зээлд дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа бол зүй ёсны монополь, тодорхой бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын аль нэгийнх нь гуравны нэг ба түүнээс дээш хувийг дангаараа, эсвэл бусад хамаарал бүхий этгээдтэй хамтран эзэлж байвал давамгай аж ахуйн нэгж гэж тодорхойлжээ. Харин ийм аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хориглох зүйл, шударга өрсөлдөөнийг хариуцсан төрийн байгууллагын тавих хяналтын талаарх зохицуулалтыг өөрчлөөгүй аж. Тодруулбал, зүй ёсны монополь аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний өөрчлөлтийг хүчин чадалтай нь уялдуулан зохицуулах, борлуулах үнийг нь хянаж, зөвшөөрөл олгох заалт хэвээрээ байна. Мөн давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд зохиомлоор хомсдол үүсгэх, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, өрсөлдөгчөө шахан гаргах, үйл ажиллагаанд нь саад учруулах зорилгоор бүтээгдэхүүнийг зардлаас нь доогуур үнээр борлуулахыг хориглох зэрэг зохицуулалтыг өөрчлөөгүй аж. Түүнчлэн ШӨХТГ-ыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн хороо гэж нэрлэх гэнэ. Олон улсын жишгээр бол хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллагууд хороо, комисс гэсэн нэршилтэй байдаг тул ийнхүү өөрчлөхөөр тогтжээ. Зарим аж ахуй эрхлэгчийн нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах харилцаанд зохицуулалт хийдэг. Уг зохицуулалтад хамруулах аж ахуйн нэгжийн борлуулалтын босго хэмжээг Засгийн газар тогтоохоор төсөлд тусгажээ. Хэрэв компаниуд нэгдэн нийлэх, бусад аж ахуй эрхлэгчийн хувьцааг худалдан авах тохиолдолд тэдгээр этгээдийн аль нэгийнх нь борлуулалтын орлого Засгийн газрын тогтоосон хэмжээнээс илүү гарахаар бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн хороонд урьдчилан хандаж, зөвшөөрөл авах аж.

Үүнээс гадна аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан, удирдлага нь өрсөлдөгч компанийн эрх бүхий албан тушаалтнаар хавсран ажиллахыг хориглоно гэж төсөлд заажээ. Энэ заалт нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд ч туссан билээ. Мөн өрсөлдөөний асуудлаар хийсэн хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүхийн өмнөх шатанд буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн хороо урьдчилан шийдвэрлэхээр тусгасан байна. Өрсөлдөөний асуудлаар улсын байцаагч шалгалт явуулж, гаргасан шийдвэрт нь, ялангуяа торгууль ногдуулсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж шүүхэд хандах нь гарцаагүй байдаг бөгөөд шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор энэ заалтыг нэмжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн хорооны дарга нь улсын ерөнхий байцаагч байх бөгөөд түүнийг Засгийн газар томилж, тус хорооны дарга нь улсын байцаагчийн эрхийг олгохоор одоогийн хуульд тусгасан бөгөөд үүнийг дээрх төсөлд өөрчлөөгүй байна. Тус газар орон тооны хоёр, орон тооны бус зургаан гишүүнтэй. Таван гишүүнийг нь Ерөнхий сайд, үлдсэнийг нь МҮХАҮТ, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас санал болгож, Засгийн газар томилдог хуультай. Тэгвэл шинэчилсэн найруулгад зааснаар бол Ерөнхий сайд, Сангийн болон Хууль зүйн сайд тус бүр хоёр, ХХААХҮ-ийн, УУХҮ-ийн сайд нэг хүнийг нэр дэвшүүлж, Засгийн газраас томилох аж. Түүнчлэн хорооны дарга болон гишүүнд тавигдах шаардлагыг өндөрсгөжээ. Тодруулбал, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 10, үүнээс наймаас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан хүн тус хорооны гишүүнээр томилогдох эрхтэй. Харин даргаар нь эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 15, үүнээс 10-аас доошгүй жилд нь төрийн байгууллагад ажилласан хүнийг “суулгах” нь.

Төслийн эцсийн бүлэгт Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай уялдуулан өрсөлдөөний чиглэлээр хийх хяналт шалгалтын чиг үүргийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас тусад нь байхаар зааглан тусгасан байна. Уг хуулийг дагалдуулан, арав гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.