Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.Түвдэндорж: БИ ӨМНӨГОВИЙН ОНГОЦНООС БУУЖ ҮЛДСЭН НЬ ҮНЭН

Нийслэлийн АН-ын хорооны шинэхэн дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Ялимгүй эвгүй асуултаар ярилцлагаа эхэлье. Түвдэндорж нийслэлийн АНын хорооны даргын албыг хуйвалдаанаар авлаа гэсэн шуугиан дэгдсэн. Харин таны үгийг сонсъё?

-Хуйвалдаад байх боломж байгаагүй шүү дээ. Манай намынхан бүгд Өмнөговь явчихсан, эзгүй үе таарсан. Тэгээд дээр нь амралтын өдөр гэнэт хурал зарласныг ч хэлэх үү. Тэгэхээр би хуйвалдаан гэдгийг үгүйсгэж байна. Товчхондоо бол нам дуудсан цагт би ирсэн. Албаа аваад, зарим нэгэн тодорхой ажлуудыг эхлүүллээ.

-Журмын зөрчил хурлын үеэр гарсан талаар С.Эрдэнэ гомдоллосон байсан. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Нийслэлийн АН-ын хороо зургаан сар тутамд нэг хуралддаг. Тэгэхээр болох ёстой хурал зүй ёсоороо болсон. Намын дүрмээр даргын сонгуульт хугацаа дөрвөн жил байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын Нийслэлийн намын зөвлөлдөх хорооны хурлын үеэр С.Эрдэнэ даргад итгэл үзүүлэх үү, үгүй юү гэдэг асуудлыг хэлэлцье гэсэн санал танхимаас гарсан байдаг. Тэгээд энэ асуудлыг хэлэлцэх үү, үгүй юү гэдгийг илээр санал хураагаад хэлэлцэхээ больсон.

Ер нь манай намын дүрмээр бол аливаа хувь хүний асуудлаар нууцаар санал хураадаг. Тэр үед С.Эрдэнийн асуудлыг хэлэлцэхгүй гэд гийг илээр санал хураа гаад хойшлуулсан. Учир нь тэртэй тэргүй намрын хуралдааны үеэр бүрэн эрхийнх нь хугацаа дуусах байсан. Тэгэхээр анхны зөрчил тэндээс үүссэн. Тухайн үед С.Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцээгүй. Түүнээс биш хэлэлцээд итгэл үзүүлэхээр шийдсэн юм биш. Энд л ойлголтын зөрүү гараад байгаа юм.

-Нийслэлийн АН-ын хорооны хурал амралтын өдөр болсон танайхны олонх нь Өмнөговь явсан хойгуур хурал зарласан нь С.Эрдэнийн хар тактик байсан гэж тайлбарлах хүн бий. Тэр үнэн үү?

-Тэрийг үгүйсгэхгүй. Өмнөговь руу намын бүх удирдлага явж байхад хурал гэнэт зарласан л даа. Уг нь дүрэмд хурлыг нийслэлийн АН-ын хорооны дарга зарлана, тийм хугацаанд зар түгээнэ гэхчлэн заасан байдаг. Тэрийг зөрчөөд, гэнэт л маргааш өглөө хуралтай гэж зарласан. Тэгэхээр тэгж хардах нөхцөл үүссэн гэж хэлж болно. Хурал хагас сайнд болсон. Бүгд явчихлаа, хурлаа эзгүйд нь хийчихье гэсэн санаа байсныг үгүйсгэхгүй. Эрдэнэ даргад ойлголтын зөрүүний улмаас тодорхой бухимдал байсан. Тэгээд реакцласан байж болно.

-Таныг онгоцноос бууж үлдсэн гэх юм билээ. Үнэхээр та тийзээ үхүүлээд, онгоцноос бууж үлдээ юу?

Түвдэндорж онгоцноос бууж үлдсэн талаар одоо юуг нь нуухав, үнэн л дээ. Хурал зарласныг бид гэнэт мэдсэн. Хэн нэг нь бууж үлдэхээс аргагүй байсан. Ярилцаж байгаад надад хариуцлага оноосон учраас би хуралд оролцохоор үлдсэн.

-Батзандан, Тэмүүжин, Түвдэндорж нар нэр дэвшсэн. Гэхдээ тэр үед Тэмүүжин бас л гадаадад явж байсан шүү дээ?

-Түрүүчийн яриагаа үргэлжлүүлье л дээ. Ер нь манай нам зүй ёсоор, сонгуульт хугацаа нь дуусаад огцорч байгаа даргадаа итгэл үзүүлэх үү үгүй юу гэдэг асуудлаар санал хурааж, хүний сэтгэлд сэв үлдээгээд байдаг нэг муу зуршилтай. Яг ийм алдаа давтагдсан л даа. Зүй нь даргын сонгуульт албаны хугацаа дууссаны улмаас ажлаа хурал дээр хүлээлгэж өгөөд, дараа нь дахин нэр дэвших эрхтэйгээ үлддэг журамтай.

Гэтэл тэр өдөр С.Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураасан явдалд манай хүн бухимдаад хурал хаясан. Тэгээд эргээд ороод ирэхэд нь нэр дэвшүүлэх асуудал яригдаж байсан. Тэмүүжин гишүүн хурлаас хоцорч орж ирсэн, Батзандан нэрээ татаж авсан. Ингээд би ганцаараа тунаж үлдсэн. Юу гэж хэлэх гээд байна гэхээр, энд ямар ч хуйвалдаан, хор найруулсан явдал байгаагүй. Хурлын уур амьсгалыг хэн ч жолоодож чадахгүй болдог үе байдаг шүү дээ. Тийм л юм болоод өнгөрсөн.

-Яг ийм үед яагаад Түвдэндоржийг сонгосон юм бол?

Магадгүй таны мөн чанарт байна уу? -Би аливаа юмыг тас цохих дургүй. Дарангуйлах дургүй. Аль болох хүлээцтэй, эвээр шийдэж, эвлэрүүлэх бодлого барьдаг. Энэ маань ч намын амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэдэг байх.

-С.Эрдэнэ тамгаа хүлээлгэж өгөхийг хүсээгүй. Та хоёрын хооронд ойлгомжгүй байдал хэд хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд утсаар ярьсан уу?

-Ярьсан.

-Та залгаа юу?

-Тэгсэн.

-Чухам юу ярьсан юм бол?-

-Тамга тэмдгээ өгөлцөж, авалцвал яасан юм бэ. Бидэнд ямар ялгаа байхав гэж хэлсэн л дээ. Эрдэнэ ч бас дээр өгүүлсэн журмын алдааны тухай надад сануулсан.

-АН-ын генсек Д.Эрдэнэбат та гурав хэвлэлийнхний өмнө тун аятайхан харагдаж байсан. Тэврэлдээд л, дал мөрөө алгадалцаад л. Жүжиг мэт л ойлгогдсон?

-Манай намын тамганы асуудлыг генсек зохицуулдаг. Хэрэв тамгаа үрэгдүүлсэн бол хүчингүй болгох гэхчлэн шийддэг л дээ. Дүрмийн дагуу генсек Д.Эрдэнэбат асуудлыг шийдэх ёстой. С.Эрдэнэ ч бас ойлголтын зөрүү байгааг ойлгосон, тэгээд генсекийг ирэнгүүт тамгаа хүлээлгэж өгөх саналыг өөрөө тавьсан юм билээ. Тэгэхэд нь генсек “Нэгэнт олон нийтэд тодорхой болсон асуудлыг олон нийтийнх нь өмнө шийдчихье” гэсэн санал гаргасан. Тэврэлдсэн тухайд жүжиг болгож харах хэсэг байгаа л байх. Гэхдээ яг тэр мөчид жүжиглэх шаардлага байгаагүй. С.Эрдэнэ бид хоёр хоёулаа МоАХ-ны даргаар ажиллаж байсан, энэ холбооны угшилтай, нэг үгээр хэлбэл уруул дордойвч элэг дордойхгүй болсон хүмүүс. Манай намд Эрдэнээ Түвдээ хоёр гэж хоршоо үг хүртэл байдаг. МоАХ-ын партизанууд жаргал зовлонгоо хуваалцаж, унавал ч уная, босвол ч босьё, үхвэл ч үхье гэж мөр зэрэгцэн явсны хувьд одоо ч уулзах бүртээ тэврэлддэг, дал мөрөө алгаддаг заншил, хэв маягтай. Тамга хүлээлцэх мөчид бидний хэн хэн нь энэ бүхнийг бодсон, сэтгэл хөдөлсөн, тэгээд л болж байгаа үйл явдалд өмнөх заншлаараа хандсан гэж бодож байна. -Таныг Алтангадас ассоциацийн хүн болчихлоо гэж нэг хэсэг нь хардсан?

-Эвийг хичээх, ажлаа урагшлуулах үүднээс би нийслэлийн АН-ын хорооны хэрэг эрхлэх газрын даргаар Алтангадасын угшилтай Гантөмөр гэж залууг авч ажиллуулсан. Үүнийг тэгж янз бүрээр тайлбарлах явдал анзаарагдаж байгаа. Хэдийгээр фракц энэ тэр ярьж болох боловч бид нэг л намынхан. Энэ утгаараа эв нэгдлийн төлөө, ажил хийхийн төлөө, амжилт олохын төлөө хамтрах эрх нээлттэй. Ийм үүрэг ч бий.

-Бас МоАХ фракцын “Женко” Х.Баттулгын лообийгоор нийслэлийн АН-ын хороог Түвдэндоржид өгчихлөө гэсэн хардлага бий?

-Болсон явдлыг би тодорхой ярьсан. Х.Баттулга, С.Эрдэнэ бид гурав адилхан МоАХ-ын даргаар ажиллаж байсан. Тэрний хүн, энэний хүн гэж хэн хэнийг нь хэлэх шаардлага байхгүй. Энэ албыг авах гэж ямар нэгэн хор найруулаад, нэгийгээ дарамтлаад байсан юм байхгүй. Дүрмийн дагуу бүх юм болсон.

-Эрдэнэ саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Намайг дарамтлах хүн АН-д байхгүй” гэж өгүүлсэн байсан?

-Тэр үнэн л дээ. Эрдэнээг дарамтлах хүн яаж байхав. Дарамтлаад байдаг ч гэж юу байхав, дарамтлуулж суудаг ч гэж юу байхав. Та нар ажигласан бол Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагууддаа журам зөрчсөн тухай л ярьсан болохоос Түвдэндорж гэдэг хүний эсрэг юу ч дурсаагүй. Би ч бас адилхан хандсан. Учир нь бид элэг эвдрэхгүй учиртай улс гэдгээ мэднэ. Бид хоёрын найз нөхөр байх, эсэхээс илүү МоАХ гэдэг байгууллагын үнэт өв нь энэ эгнээнд багтаж, МАХН-д ялагдчихаад гудамжинд лааз өшиглөн явсан, зорилгынхоо төлөө үхэх, сэхэхээс буцахгүй босож явсан гишүүд нь л байдаг юм. Тэр нь бид.

-Нийслэлийн АН-ын дотоод амьдралд багагүй маргаан байгаа. Хэдэн дүүрэгт маргаан дэгдээд байна?

-Гурван ч дүүрэгт маргаантай байгаа. Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэйд маргаан гараад удлаа. Хан-Уул дээр жаахан төвөгтэй асуудал гарч магадгүй. Гэхдээ аливаа асуудал эвийн хүчээр шийдэгддэг. Энэ маргааныг шийдэж болно гэж үзэж байгаа. Шатаачихсан гүүрийг буцаагаад босгоно доо.

Ярианыхаа сэдвийг өөрчилье. Ойрын үед төлөвлөж байгаа ажил юу байна?

-Саяхан бид ахмадуудаа хүлээж авлаа. Энэ долоо хоногт буюу бямба гаригт Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны чуулганыг хийнэ. Ирэх долоо хоногоос Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулганыг товлож, 1000 бүсгүй цуглуулах санаатай. Залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллагаа шинэчилье. Ер нь бол аливаа нэгэн байгууллагын удирдлага өөрчлөгдөхөд заавал тодорхой хэмжээгээр салхи үлээдэг. Тэгэхээр энэ бол зүй ёсны хурал чуулган, ажлаа сайжруулахын тулд хийж байгаа арга хэмжээ. Эхний байдлаар зохион байгуулалтын ажлаа цэгцэлнэ.

-С.Эрдэнэ АН-ын нийслэлийн хорооны даргаар ажиллаж байхдаа намын удирдлагуудтайгаа төдийлөн холбоотой ажилладаггүй нь анзаарагдаж байсан. Энэ бодлого өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Тийм. Хэдийгээр нийслэлийн намын хороо бие даасан статустай боловч нэг нам гэдэг утгаараа хамтарч ажиллах ёстой. АН-ын дарга Н.Алтанхуяг, генсек Д.Эрдэнэбат, нийслэлээс Түвдэндорж нар удирдлагын гол баг болж ажиллах учиртай. Зөрчилтэй байгаа хоёр хүнээ хоёр талдаа хөтлөөд ч болсон Алтанхуяг дарга дээр очно доо. Ямар ч байсан шийднэ.

-Эрдэнэ та хоёрын эвлэрэл хагаралтай байгаа дүүргүүдэд үлгэр жишээ болох байлгүй гэж найдах уу?

-Алтанхуяг даргын эв нэгдлийг эрхэмлэдэг байдал дүүрэгт бодлогын хувьд нөлөөлнө гэж үзэж байгаа. Удаан хугацаанд ингэж задгай, маргаантай явж болохгүй. Эрдэнэ бид хоёрын эвлэрэл үлгэр болох ёстой. Нийслэл дээр эв нэгдэл эхэллээ, дүүргүүдэд бас эв нэгдэл байх учиртай гэж би бас гишүүддээ хэлж байгаа.

Р.Эмүжин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.