Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИНЭ ХАВРЫН УЛС ТӨР ОЛИГАРХУУДЫГ ТӨРӨӨС ЦЭВЭРЛЭХ ҮҮ

Олигархуудтай тэмцье, олигархуудыг улс төрөөс шахъя, олигархуудыг… гэсэн эх адаггүй, эзэн биегүй яриа залхааж байна. Ард түмэн гэдэг шиг нийтлэг ийм нэгэн тодорхойлолт өнөөдөр Монголын улс төрийг тодорхойгүй бас үнэ цэнэгүй болголоо. Эрхэм гишүүд, лидер улстөрчид нь хүртэл тэднийг нэр устай нь зарлахаас цээрлэж байна. Хэн нь тэр олигарх юм бэ, тэгээд. ҮШН-ын дарга М.Энхсайхан бизнесийг доод шатнаас нь хийж байгаад төрд шургалсан, ганц ч бизнес хийж үзээгүй мөртлөө төрийн эрх мэдлээр тэрбумтан болсон, гаднынханд Монголоо худалдаж, төрд шургалсан гурван бүлэг олигарх төрд бий болсон хэмээн тодорхойлжээ. Сүүлийн хэд хоногт Монголын улс төр антиолигарх үзлээр амьсгалж байна. АН-аас “өндөглөсөн” Ардчилсан хүчний холбоо, Иргэний нэгдсэн хөдөлгөөн гээд улс төрийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг субьектуудын зорилго бас л олигархуудын эсрэг нэгдэн нийлж байна. Энэ нь Монголын төр, улс төрийг хувьсгалгүйгээр, шинэчлэлгүйгээр олигархуудаас салгах боломжгүй болсны илрэл гэж үзэх ажиглагчид ч байна. Монголын төр өнөөдөр ард түмний биш олигархуудын төр болсныг улстөрчид өөрсдөө ийнхүү хүлээн зөвшөөрч эхэллээ. Харин яагаад ийм байдалд хүрэв. Тэднийг төрд хэн шургуулав.

Өнөөдөр Монголд улс төрийн хоёр гол хүчин төр, засгийн эрхийг хамтран барьж байгаа. Тэд өөрсдийн намын хамгийн шилдэг гэсэн эрхмүүдийг ард түмэнд санал болгон төрийн эрх барих дээд байгууллагад сонгуулдаг. Гэтэл тэр хүмүүсийнх нь дийлэнх олонхи нь өнөөдөр олигарх гэсэн тодорхойлолтод багтаж байна. Жаран чавганцаас нэгийг нь илүүд үзсэн ард түмний сонголт үүнд буруугүй. Харин мөнгийг гишүүдийнхээ үзэл бодол итгэл үнэмшлээс илүүд тавьсан улс төрийн нам буруутай. Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрөх ёстой. Харин АНын батлахтай гишүүдийн эхлүүлсэн шинэ хаврын улс төр хувьсгал байх уу, төрийн эргэлт болох уу. УИХын гишүүн Э.Бат-Үүл “Хэн нэгний эсрэг хийж байгаа зүйлийг хувьсгал гэдэггүй, төрийн эргэлт гэдэг юм. Хувьсгал гэдэг чинь тогтолцоог өөрчлөх, олигархуудыг төрүүлээд байгаа тэр тогтолцоог өөрчлөх юм” гэж хэлжээ. Тийм ч учраас тэрбээр хэн нэгнийг олигарх гэж нэр заан хэлэхгүй гэнэ. Бусад улстөрчид ч бас ийм байр суурьтай байна. Харин тогтолцооны хэмжээнд өөрчлөхөөс аргагүйд хүртэл төрд ноёрхолоо тогтоосон олигархуудыг цаашид яах вэ? Тэднийг Монголын хамгийн том улс төрийн талбар болох парламентаас хайлаа.

УИХ-ын гишүүд, сайд нарын АТГ-т албан ёсоор гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгээс шүүж үзэхэд 3/1 буюу 23 улстөрч жилд 100 сая төгрөгөөс нэг тэрбум гаруй төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. /Жагсаалтаас харна уу/ Тэдний дийлэнх нь бизнесийн салбараас том улс төрд хөл тавьсан, бүгд ямар нэгэн байдлаар үндэсний гэх “толгой” компаниудын эздээс бүрдэж байх юм. М.Энхсайханы тодорхойлсноор бол тэд бизнес хийж байгаад төрд шургалсан олигархууд гэдэгт багтах бололтой. Гэхдээ эдгээр 23 улстөрчийн цаана хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгөтэй, олон түмэнд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн олигархиуд нуугдан үлдсэнийг ард түмэн мэдэж буй байхаа. Улс төрийн харьяаллаар нь авч үзвэл 10 нь МАХН-ын, 13 нь АН-ын төлөөлөл аж. УИХ 76 гишүүнтэй. Үүний 20 гаруй нь бизнес улс төрийг хослуулсан хөтөлгөө морьтой улстөрчид байгаа нь төрд хоёргүй сэтгэлээр ажиллаж чаддаг эсэхэд нь эргэлзэхээс аргагүй. Эхнэр, хүүхдийнхээ нэр дээр компанийнхаа үйл ажиллагааг шилжүүлсэн хэмээн өөрсдийгөө хамгаалдаг ч өнөөдөр парламентаар хэлэлцэж, баталж байгаа хуулиудад парламент дахь олигархуудын ашиг сонирхол гүйж байдаг нь нууц биш шүү дээ. Нэг ийм гишүүний цаана 2-3 найз- гишүүн бий гэж тооцоход л тэд төрийн шийдвэрт яаж нөлөөлдөг нь ойлгомжтой.

Тэдний цаана хамгийн аюултай олигархууд нуугдаж байдаг нь төрөөс төрсөн тэрбумтанууд. Тэд төрөөс авдаг цалингаас өөр орлогогүй, төрд насаараа зүтгэсэн гэх мөртлөө хэдэн зуун сая төрөгийн хауст амьдарч, хэдэн зуун саяар үнэлэгдэх хөрөнгө өмчилтлөө баяжсаны цаана хэнийг хохироосон байх вэ. Ийм олигархууд өнөөдөр АТГт парламентийн гишүүний жилийн цалин болох 10 гаруй сая төгрөгөөс өөр орлогогүй хэмээн бичсэнийг олигарх биш гэдгийг баталсан баримт гэж үзэх үү. Үүнээс гадна өчнөөн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний компанийг үүсгэн байгуулагч-эзэн нь атлаа УИХ-ын гишүүний цалингаас өөр орлогогүй хэмээн мэдүүлсэн улстөрч байх юм. “Женко” гэх группийнхээ нэрээр овоглодог УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга жилд 10 сая 697 мянга 800 төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Ядаж тэр олон компаниасаа хувьцааны ашиг гэж авдаггүй юм байх даа . Үнэн гэж үү. АТГ-ынхаан. Бас олигарх гэж хэлж болох Д.Кёкүшюзан Батбаяр гишүүн хоёр сая 439 мянга 400 төгрөгийн жилийн орлоготой гэж бичжээ. Арай ч дээ гэмээр байдлаар ийм мэдүүлэг өгч буй төрийн түшээдэд итгэх арга байна уу, олон түмээн. Сүүлийн хоёр жилийн сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон бизнесмэн гишүүдийн тоо жилээс жилд нэмэгджээ. 2004 оны УИХ-ын сонгуулиас эхлэлтэй бизнесмэн-улстөрчдийн энэ арми 2012 онд хүрээгээ улам тэлэх нь ойлгомжтой. Харин үүнээс өмнө улс төрийн намууд тогтолцооны хэмжээнд шинэчлэгдэж, ард түмэнд “цэвэр” улстөрчийг санал болгох хэмжээнд хүрч чадах уу. АНын Ардчилсан хүчний холбоо энэ шинэчлэлтийг эхлүүлнэ гэж хүлээж байна. Харин яаж вэ? АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБОО=АЛТАНГАДАС АН-ын дарга Н.Алтанхуягийг өөрчилж, АН-ын удирдах дээд байгууллага ҮЗХ-ны гишүүдийг шинэчилснээр хоёр дахь шатны хэмээн нэрлэгдэж буй хувьсгалын эхлэл тавигдах уу? АН эхний ээлжинд, Монголын улс төр дараагийн ээлжинд олигархуудаасаа салж чадах уу? Одоогоос арван жилийн өмнө буюу 2000 онд АН-д бас ийм шинэчлэлийн шуурга дэгдэж “Алтангадас” гэдэг ТББ байгуулагдаж байсан. Яг өнөөдрийн Ардчилсан хүчний холбоо /АХХ/ шиг.

Ардчилсан намыг шинэчлэх, улс төрийн харьяалалгүйгээр гишүүдийг эвлэлдэн нэгтгэх гээд зорилго, үүрэг функц нь ч адилхан байсан. Харин одоо “Алтангадас” АНын гаднах олон нийтийн байгуулага биш нам доторхи хамгийн хүчирхэг фракц болчихоод байгаа. 10 жилийн дараа АН-аас төрсөн Ардчилсан хүчний холбоо мөн л ийм зорилго, зорилтыг дэвшүүлж байна. Тэдний ганц давуу тал нь УИХ дахь АНын дийлэнх олонхийн дэмжлэг хүлээсэнд оршиж буй. Улс төрийн зарим ажиглагч энэ байгууллагыг АН дахь бас нэгэн фракцийн үндэс суурь гэж үзэж эхэлсэн. Үнэхээр тийм бол АХХ болон тэдний бас нэгэн салаа мөчир болсон Иргэний нэгдсэн хөдөлгөөнүүдийн тавьж буй шаардлага зорилт, олигархуудын эсрэг тэмцэл ч Монгол Улсын хэмжээний биш АН доторх хоёр фракцийн тэмцэл төдий юм. Сүүлийн хэд хоногт өрнөсөн АН дахь улс төрийн гол үйл явц болох ҮЗХ-ны гишүүдийн ротаци үүнийг баталж эхэлсэн. АХХ-ны нам дотроо эхлүүлсэн субботник гэж хэлж болох энэ ротациар намынхаа удирдах түвшинд үндсэндээ ноёрхох эхлэлээ тавилаа хэлж болохоор байна. ҮЗХ-ны 228 гишүүний 3/1 буюу 76 гишүүнийг энэ ротациас шинэчилсэн. Тэдний олонхид нь АХХ-г дэмжигчид гарч ирлээ гэсэн мэдээлэл байна. УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү, Д.Зоригт, Д.Ганхуяг, Лу.Гантөмөр, Л.Болд, Г.Баярсайхан, Н.Батбаяр, Р.Амаржаргал нарын АХХ-ны гишүүдээс гадна АН-ынхны саналыг хуваалцаж чадахгүй гэж тооцож байсан Ж.Батзандан, О.Магнай нарын иргэний хөдөлгөөний хэд хэдэн төлөөлөгч ҮЗХ-д хүч түрэн орж, нам дахь АХХ-ны нөлөөгөө бэхжүүлжээ. Тиймээс дараагийн шат нь АН-ын даргын төлөөх сунгаа гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд байна. Энэ сунгаанд одоогийн байдлаар хэд хэдэн хүний нэр яригдаж эхэлжээ.

Тэдний дотор АХХ болон бусад фракцуудын санал болгосноор УИХ-ын гишүүн З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарыг АН-ын даргад “нэр дэвшүүлэх” сонирхол буй. Тэдэнд нам доторхи олигархуудтайгаа тэмцэх хүсэл сонирхол бий. Гэвч олигархуудын их мөнгөний эсрэг АН-ын тамгыг хэн нь ч атгасан эрх мэдэл нь хүчин мөхөсдөх л болов уу. З.Энхболдыг Н.Алтанхуягаар солиод ч энэ нам олигархуудтайгаа найз хэвээр л үлдэнэ. Ямар ч байсан 2012 он хүртэл тэд төрийг ч, АН-ыг ч олигархуудаас цэвэрлэнэ гэж чадахгүй. Харин АН доторхи “Алтангадас”-ынхныгаа шахаж чадвал олигархуудын нэгээхэн хэсгийг л цэвэрлэнэ. Ядаж л парламентад эрээ цээргүй хуйвалдаан, лообий хийж, хувийн эрх ашгаа улсынхаас дээгүүрт тавьж буй энэ УИХ дахь олигархуудын гагнагдсан гинжин холбоог сулруулж чадна. Олигархууд МАХНд ч бий. Тэдний зарим нь алдсан эрх мэдлээ мөнгөөр худалдан авах гэж оролдож буй. Жижиг гэмээр явцуу эрх ашгаа намынхаасаа, улс орныхоосоо илүүд үзэн хувьсгал биш төрийн эргэлт хийхийг санаархагчид хаврын шинэхэн яргуй шиг дэлбээлж эхэлсэн. Ийм давхцалд АН хоёр бүлэглэлийнхээ эрх мэдлийн төлөөх эрх ашигт хөтлөгдөн “Алтангадас”-ыг унаган АХХ-д үүдээ нээснээр 80 жилийн өмнөх хувьсгалт намын эрх баригчдаас ялгагдах юмгүй болж байна. 20 жилийн өмнө АН-ынханд эрх мэдлийн төлөөх ийм сонирхол лидерүүдэд нь ч, жирийн гишүүдэд нь ч байгаагүй. Харин 10 жилийн өмнөөс Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг хүн эрх мэдлийн төлөөх “ардчиллыг” энэ намд эхлүүлсэн.

Түүнээс хойш 10 жилийн дараа буюу яг “Алтангадас” ТББ байгуулагдсан түүхэн ойн босгон дээр нь “Ардчилсан хүчний холбоо” ТББ байгуулагдлаа. Түүхийн давтамж гэж ойлговол АН-ын шинэчлэлийн түүх ч бас Алтангадасынх шиг давтагдахыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ “Алтангадас”-ынхан АНыг өнөөдрийнх шиг хоёр хувааж байгаагүй нь үнэн. Харин одоо АН үндсэндээ хоёр толгойтой болчихоод байна. Ардчилсан хүчний холбооныхон ба Алтангадасынхан. Эрх мэдэл, эрх ашгаа нэгтгэж чадахгүй цаашид энэ хэвээр тэмцэлдсээр байх тохиолдолд АН улс орныг байтугай, намаа ч арван таван хэсэгт ч хувааж мэдэхээр байна. Толгой нэг л байх ёстой. Харин салаалсан тохиолдолд барын сүүл байснаас батганы толгой байхыг илүүд үзэгчид дахин шинэ нам төрүүлдэг жишиг Монголын улс төрд байдгийг ҮШН сануулсаар буйг үл тоохын аргагүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.