Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИНЖЭЭЧИД ДА ВИНЧИЙН ЗУРАГТАЙ ХАМТ ӨТЛӨВ ҮҮ

 Хүн төрөлхтний үнэт өв болсон сонгодог уран зураг, уран баримлыг сэргээн засварладаг билээ. Парисын Луврын сан хөмрөгт хадгалагдаж буй Леонардо да Винчийн “Sant’Anna, la Madonna, il Bambino” бүтээлийг сэргээн засварлах ажил өнгөрсөн оны сүүлчээр дуусаж, хүлээлгэн өгчээ. Энэхүү ажлын гүйцэтгэл дэндүү хуумгай, чанаргүй болсноос гадна зургийн эх хувийн үндсэн өнгө будгийг хэтэрхий өөрчилсөн нь түүхийн үнэт өвийг устгаснаас өөрцгүй зүйл болсон хэмээн Францын уран зураг шинжээч Жан Пьер Кюзан, Бергеон Лангль нар шуугиан дэгдээлээ. Энэхүү бүтээлийг да Винчи 1510 онд туурвисан бөгөөд судлаачид үүнийг дуусгаагүй бүтээл хэмээдэг.

Уг зургийн өнгийг танигдахын аргагүй цайвар, нэлгэр болгосон хэмээн шүүмжилж байгаа Жан Пьер Кюзан нь Луврын уран зургийн хамгаалалтын хэлтсийн ахлах ажилтан байсан бөгөөд өдгөө олон улсын шинжээчдийн багт ажилладаг аж. Уран зургийг сэргээх ажлыг дэндүү хариуцлалагүй хийсэн гэж байгаа шинжээчид Луврын музейн олон улсын сэргээн засварлах шинжээчдийн зөв лөлийн гишүүн бөгөөд энэхүү явдлаас болж ажлаасаа гарах шийдвэрт хүрчээ. Гэсэн ч тус музейн захирал Хенри Луаретте тэдний өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Лангль, Кюзан нар “Бүтээлийг сэргээн засварлахаас өмнө болон ажлын явцад тодорхой шалгууруудаар хяналт тавьдаг. Үүний дагуу бид шалгаж, хэтэрхий хүчтэй ангижруулагч хэрэглэх гэж байгааг илрүүлж, хориглосон. Гэтэл да Винчийн бүтээлийн үндсэн өнгөнд энэхүү ангижруулагч нөлөөлөхгүй гэж британи шинжээчид үзсэн.

Одоо энэ зургийн өнгө будгийг сайхан сэргээсэн байна гэж Олон улсын шинжээчдийн бүрэлдэхүүнд багтдаг 20 хүн хүлээн зөвшөөрч байна” хэмээжээ. 17 жилийн өмнө уг бүтээлийг сэргээн засварлах ажлыг эхлэх байсан ч яг иймэрхүү шалтгаанаас болж хойшлуулж байжээ. Энэ бүтээлийг сэргээн засварлахдаа алдаа гаргасан эсэхийг дахин шинжээчдийн комисс томилон шалгуулахаар болов. Энэхүү шалгалтын ажил өнөөдөр эхэлнэ. Дашрамд өгүүлэхэд, эртний Египетийн Эхнатон хааны хатан Нефиртитийн цээж баримлыг сэргээн засварлахдаа тухайн хүний дүр төрхийг хэтэрхий өөрчилсөн талаар багагүй маргаан дэгдэж байсан билээ.

Ж.ЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.