Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИЙДВЭР ГАРГАГЧ НЬ АРД ТҮМЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-наас Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр тус улсын Парламентын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Жан Рене Жермание, Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч, хатагтай Мишелин Кальми-Рэй нартай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав. Мөн Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Мартин Дахинден Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ааргау кантон (муж) дахь “Шууд ардчиллын төв”-тэй танилцав. Швейцарь бол шууд ардчиллын тогтолцоот улс юм. “Засгийн эрх мэдэл ард түмний гарт байна” гэсэн Үндсэн хуулийн заалт тус улсад шийдвэр гаргах бүх шатанд иргэний оролцоог хангаснаар бүрэн хэрэгждэг байна. Эрх мэдэл бол Парламент, Засгийн газар биш, шүүх ч биш харин ард түмэн юм гэдгийг Швейцарь Улсын шууд ардчиллын тогтолцоо харуулдаг. Засаг захиргааны хамгийн жижиг нэгжээс авахуулаад Парламент, Засгийн газар нь аливаа шийдвэр, дүрэм журам, төсөв санх үүтэй холбоотой асуудлууд, томоохон гэрээ хэлэлцээрүүд болон хуулийн асуудлыг заавал иргэдээр хэлэлцүүлж, тэдний саналыг авч байж шийдвэр гаргадаг нь манай улсад хэрэгжиж буй ардчилсан тогтолцооны “амин сүнс” хэмээн “Шууд ардчиллын төв”-ийн судлаач профессор Томас Пфистерер хэллээ.

Швейцарийн шууд ардчиллын тогтолцооны нэг онцлог бол бүх нийтийн санал асуулга. 1848 оноос хойш буюу анхны Үндсэн хуулиа баталснаас хойш ШХУ- д нийтдээ 192 удаа бүх нийтийг хамарсан санал асуулга явуулж, үр дүнд нь 143 асуудлыг иргэдээрээ дэмжүүлж шийдвэрлэжээ. Үндсэн хуульд засвар өөрчлөлт оруулах, олон улсын хэмжээний томоохон гэрээ зэрэг асуудлаар заавал бүх нийтийг хамарсан санал асуулга явуулдаг байна. Иргэд өөрсдөө санаачилга гаргаж, асуудал дэвшүүлж уг асуудлаараа санал асуулга явуулах бүрэн эрхтэй юм. 1891 оноос хойш иргэдийн санаачилгаар нийт 175 удаа санал асуулга явуулж, 18 нь төр, засгийн шийдвэр болжээ. “Парламент бол эцсийн шийдвэр гаргагч биш. Хэрвээ Парламентын баталсан аливаа хууль иргэдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзвэл санал асуулга явуулна.

Эцсийн шийдийг ард түмэн л гаргана. Ард түмний шийдвэрээс давсан юм уу зөрсөн шийдвэр байж болохгүй” гэж профессор Андреас Ауер ярив. Ирэх сарын 13-нд Холбооны Улсын хэмжээнд бүх нийтийг хамарсан санал асуулга явуулах гэж буй аж. Байнгын армигүй тус улсад цэргийн насны залуучууд 14 хоногоос дөрвөн сарын хугацаатай бэлтгэл хийсний дараа цэргийн хэрэгсэл, буу зэвсэг техник зэргийг гэртээ хадгалдаг, үе үе иргэний хамгаалалтын сургуулилтад хамрагддаг, шаардлага гарвал гэртээ байгаа зэвсгээ бариад эх орноо хамгаална гэсэн өвөрмөц тогтолцоотойгоор 150 гаруй жил явж ирсэн байна. Харин өнөөдөр энэ тогтолцоо зөв эсэхийг, гэртээ зэвсэг хадгалах эсэхийг шийдэх цаг нь болсон гэж швейцарьчууд үзсэн учраас бүх нийтийг хамарсан санал асуулга зохион байгуулах гэж байна.

ШХУ 26 Кантон буюу муж, 2600 орчим сум, багтай. Кантон тус бүр өөр өөрсдийн Үндсэн хууль, Парламент, Засгийн газартай нь тус улсын бас нэг онцлог. Санал асуулгыг Кантоны хэмжээнд ч зохион байгуулдаг. Шууд ардчиллын бас нэгэн давуу тал бол иргэд төсөв, санхүүтэй холбоотой бүх шийдвэрт оролцож, төлөвлөлт, зарцуулалтын асуудлаар өөрсдөө шийдвэр гаргадагт байгаа юм. Засаг захиргааны бүх нэгж иргэдийн оролцоогоор дамжуулж төсөв хөрөнгөө зарцуулж байна. Тухайлбал, ирэх сард Ааргау мужид их сургуулийн шинэ барилга барих хөрөнгөтэй холбоотой асуудлаар мужийн хэмжээний санал асуулга явуулах гэж байна. Шууд ардчиллын давуу тал бол төр, ард түмний хэлхээ холбоо бат байж, иргэдийн үүрэг хариуцлага ямагт өндөр, аливаа шийдвэрийн хэрэгжилт сайн байдаг юм гэж швейцарьчууд ярив.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.