Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЧӨТГӨРИЙН СЭТГЭЛ РҮҮ ӨНГИЙХӨД

“Мэрилин Монро түүний жинхэнэ нэр байгаагүй. Чарльз Мэнсоны нэр ч мөн зохиомол. Тэгэхээр би тэдний зохиомол нэрийг жинхэнэ алдраараа сонгон авлаа. Гэвч бодит байдал гэж үнэн хэрэгтээ юу юм бэ? Бид үнэнийг хэзээ ч олж чадалгүй, таалагдсан худал хуурмагаа бодит байдлаар сонгодог юм биш үү”.

                                                                                                       Мэрилин Мэнсон

Өнгөрсөн зууны хамгийн алдартай эмэгтэйн нэрний араас хэдэн мянган хүний зэвүүцлийг төрүүлдэг гэмт хэрэгтний овгийг залгаад юу үүсэхийг төсөөлбөл…Мэрилин Мэнсон. Өдөөн хатгагч, Христийн эсрэг үзэлтэн, рок дуучин. Тайзан дээр ёс бус авирлаж, нүүрээ элдэв янзаар будаж, “Хамгийн царай муутай 10 хүн”- ий нэгээр тодорч, хүүхдүүдэд муу нөлөө үзүүлдгээрээ эцэг эхчүүдийн дургүйг хүргэнэ. Түүнд дургүй байх уртаас урт жагсаалт гаргаж болно л доо. Үүнийг үл харгалзан түүний шүтэн бишрэгчдийн тоо өдөр бүр нэмэгдсээр. Учир нь тэр өөртөө үнэнч байхыг тунхаглагч төдийгүй хэдэн зууны турш хүмүүсийг мунхруулсаар ирсэн элдэв номлолыг үгүйсгэж, хүнд сурталд идэгдсэн Засгийн газрыг шүүмжлэн дуулдаг.

Мэрилин Мэнсоныг хүмүүс цонхигор цагаан царай, цус мэт улаан уруул, этгээд хувцаслалтаар нь мэднэ. Гэвч ихэнх нь түүнийг зургийн үзэсгэлэн гаргаж, Буддын гүн ухаан судалж, бясалгалын хичээл заалгадгийг нь мэдэхгүй. Мэрилин Мэнсон (жинхэнэ нэр нь Брайн Хью Ворнер) коллежид сурахын хажуугаар хөгжмийн сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж байх үедээ ирээдүйн хамтлагийн гишүүдтэйгээ танилцжээ. Тэдний анхны цомог “Америк гэр бүлийн хөрөг” хамтлаг байгуулагдсанаас таван жилийн дараа буюу 1994 онд худалдаанд гарч, 2.5 сая хувь борлогдсон юм.

Телевизийн шоу нэвтрүүлгүүд хүмүүсийн юу хийх, яаж уурлах, хэзээ инээхийг зааж, эцэг эхчүүд биелээгүй мөрөөдлөө хүүхдэдээ тулгаж, алдартнууд өөрсдийн хэзээ ч мөрддөггүй ёс суртахууны хоосон номлол айлдан, сайн баатрын дүрд тоглодог тухай уг цомгоос сонсож болно. Тэгвэл хоёр дахь цомог “Анти-Христ супер од”-ыг Германы философич Фредрих Ницщегийн нөлөөн дор бүтээсэн бөгөөд өмнөх амжилтыг эвдэж, дэлхий даяар долоон сая хувь борлогдсон юм. Мэрилин Мэнсоны хамтлагийн энэ онд гарах найм дахь цомгийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж буй. “Шинэ цомгийн дуунуудыг аялан тоглолтын замд бичсэн бөгөөд бидний шилдэг бүтээл гэж бодож байна” хэмээн хамтлагийн гитарчин Твигги Рамирез нэгэн ярилцлагтаа дурджээ.

Мэрилин Мэнсоны гадаад төрхөөс хүмүүс эмээх нь бий. Харин Их Британийн “Guardian” сонины сэтгүүлч Полли Вернон түүнийг “Тэр их зөөлөн, найрсаг хүн. Яг л дотоод ертөнц нь гадаад төрхөөсөө урвуу хамааралтай мэт” хэмээн тодорхойлсон юм. Мэрилин Мэнсоны “Guardian”, “Interview”, “Time”, “Rolling stones”-т өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэе.

…Миний гэрийн хана дууны үгээр дүүрэн байдаг. Энэ бол чимэглэл эсвэл этгээд харагдах гэсэн оролдлогын аль нь ч биш. Шинэ санаа төрөх үед нь би мартахгүйн тулд шууд л хананд биччихдэг. Хэрвээ хэн нэгэн манай байшингийн ханыг цэвэрлэвэл хүүхэд хулгайлсантай адил хэрэг болно. Заримдаа би гэртээ гэрэл зураг авч, кино зургийн хэрэгсэл авчирч тавьдаг. Эсвэл усан будгаар зурж, бясалгал хийнэ.

Гэр бол хамгийн дотно, дулаан газар. Миний хувьд гэрт маань шинэ санаанууд амилж, бүтээлүүд төрж, өсдөг. Би бурхангүй үзэлтэй. Гэвч намайг дуучин болоход Христийн шашин хамгийн их нөлөөлсөн. Хэрвээ багадаа аав, ээжтэйгээ сүмд очдоггүй, шашны сургуульд ороогүй бол би өнөөдөр сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байх байсан биз. Хүмүүсийг мунхруулсан, өөрийгөө буруутгах, гэмших мэдрэмж тулгасан номлолыг байнга сонсохын зэрэгцээ үргэлж эсэргүүцдэг байсан маань хожим дуу зохиож, зураг зурахын үндэс болсон.

Бүх зүйл яг кино шиг. Дуу зохиодог маань ч кино найруулж буйтай адил. Зарим хүн намайг үзэн ядаж, нөгөө хэсэг нь сонсож байгаа нь ч киноны нэг хэсэг биш гэж үү. Үзэхийн хувьд би Дэвид Лэнчийн бүтээлүүдэд дуртай. Далд санаа, нууцлаг үйл явдал, зүүд, бодит байдал нь ч тодорхойгүй, толгой эргэм үйл явдлын цаана амьдралын мөн чанарын тухай эргэцүүлэл байдаг учраас би тэдгээр киног дахин дахин үздэг юм.

Аав, ээж хоёр хорвоогийн хамгийн агуу хүмүүс. Тэд намайг хэзээ ч хүчилж байгаагүй. Өөртөө үнэнч байх, дуртай зүйлийнхээ төлөө зүтгэхэд үргэлж дэмжсээр ирсэн. Намайг 12 настай байхад тэд “Kiss” хамтлагийн бүх гишүүдийн гарын үсэгтэй цамц бэлэглэсэн нь амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг. Аав намайг Мэнсон гэж дууддаг. Харин ээж намайг жинхэнэ нэрээр дууддаг цорын ганц хүн. Жаахан байхад ээж “Эрт унт. Тэгэхгүй бол чөтгөр ирээд чамайг авчихна шүү” гэдэг байв. Үнэндээ энэ үг хэзээ ч намайг айлгаж байгаагүй. Би орондоо орж, унтсан болж жүжиглэн, чөтгөр ирэхийг хүлээсэн ч ирээгүй. Гэтэл олон хүний хувьд би өөрөө “чөтгөр” болчихсон юм даа. Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол хүүхэд насандаа очиж, аав, ээжтэйгээ илүү сайхан харилцах байсан.

Гэрлэлт хайрыг үгүй хийдэгт би итгэдэг. Учир нь ихэнх хүн гэрлэснийхээ дараа өөрчлөлтийг хүлээж эхэлдгийг анзаарсан. Эхнэр, нөхрийнхөө алдаа дутагдал, муу зуршил хэзээ арилахыг хүлээж, эсвэл өөрчлөх гэж оролдоно. Надад ч мөн ийм зүйл тохиолдсон. Миний хуучин эхнэр Дита Вон Тийз ч өөрчлөлтийг хүлээсэн. Гэвч хүний мөн чанар, “би”-г гэрлэлт өөрчлөхгүй. Эхнэрээсээ салсны дараа би юу ч хийж чадахаа больсон. Яг л хов хоосон болчихсон мэт мэдрэмж намайг бүчсэн. Удаан хугацаанд үргэлжилсэн сэтгэл санааны гутралын дараа “Eat me, drink me” цомог маань төрсөн юм. Миний хэлсэн, дуулсан бүхэн худал. Угаас худал хуурмаг биднийг тойрон хүрээлдэг. Хэн нэгний олсон, нээсэн үнэн гэх ойлголт нь нөгөө хүний хувьд хий хоосон зүйл ч байж болох. Хамгийн гол нь хүн өөртөө эзэн байх л хэрэгтэй.

Алдааг ч, амжилтыг ч би өөрөө хариуцна. Үүнтэй адил би бусдын хэрэгт хошуу дүрдэггүй. Гудамжинд хэн нэгэн мөнгө гуйхад би “Ажил олж хий” гэж хариулдаг. Зарим хүн ядартлаа ажиллаж, нөгөө хэсэг нь халамжийн мөнгөөр амьдарна. Энэ бол байж болох хамгийн тэнэг зүйлсийн нэг. Өөрийнхөө хэн байх, яаж амьдрахыг зөвхөн чи шийдэх ёстой. Би эрч хүч, оюун санаагаа зөвхөн хөгжимд зориулсан. Харин одоо энэ бүхнээ уран зураг, кинонд зориулах үе маань ирж байна.

Б.Эгшиглэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.