Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЧУЛУУНААС “УРГАСАН” ПЕТРА

Элсэн манханы дунд хүний нүднээс нуугдсан мэт орших Петра (чулуу, хавцал гэсэн утгатай) хотыг шинэ цагийн долоон гайхамшгийн нэг гэлцдэг. МЭӨ 2000 онд анх тэнд набатейчүүд (Арабын нүүдэлчин омог) суурьшсан. Эртний Египет, Ром, Грекийн соёл, уран баримал, ахуйн дурсгалыг хадгалж үлдсэн Петраг жижиг Иорданы том гайхамшиг хэмээн тэмдэглэсэн нь бий.

* Далайн түвшнээс дээш 900 метр өндөрт, Улаан тэнгисийг Дамасктай, Персийн буланг Гаазын зурвастай холбосон хоёр замын уулзварт Петра оршино. Үнэт чулуу, ачаа бараа, амттан ачсан тэмээн цуваа, алжааж ядарсан аянчдын түр саатан амрах газар нь Петра болдог байжээ. Хэдэн зуун жил дамнан худалдаа хийсэн наймаачдын буянд Петра тэр үеийн хамгийн баян хотуудын тоонд зүй ёсоор ордог байв. Харин ромчууд далайд гарцтай болсноор хуурай замаар бараа зөөдөг наймаачид хоосорч, Петра нь элсэн цөлийн дунд орхигдсон, бөглүү хот болсон байна

* Шинэ цагийн европчуудаас энэ хотын тухай анх бичсэн хүн нь Швейцарийн аялагч Иоганн Людвиг Буркхардт байлаа. Эртний театртай зэрэгцэн орших набатейчүүдийн суурин, хадан хавцал, хот хүрэх зам дагуу босгосон чулуун хөшөөний тухай түүний тэмдэглэлд дурдсан байдаг.

* МЭӨ XVIII- II зуунд идумеичүүд, МЭӨ 106 оноос манай эринийг хүртэл набатейчүүд, МЭ-ний 106-395 онд ромчууд, арабчууд, византчууд, МЭ-ий XII зуунд загалмайтнууд Петра хотын эзэд байжээ.

* Нэгэн цагт гладиаторуудын тулааныг үздэг байсан амфитеатрыг Петра хотын оршин суугчид мөн л чулуугаар сийлэн бүтээжээ.

* Найруулагч Стивен Спилбергийн “Индиана Жонс ба загалмайтны сүүлчийн аян дайн” киноны зургийг Петра хотод авчээ.

* Петра хотын бараг бүх барилга, байгууламж, бунхан, сүм, худгийг хад, чулуу, хавцлаас сийлэн бүтээсэн байдаг.

* Петрад хүрэх замын тухай олон домог бий. Домогт Моисейн ах Аароныг нутаглуулсан гэх газарт өдгөө лалын шашны сүм байдаг. Моисейн хөндийд, Петра хүрэх зам дагуу босгосон олон чулуун хавтан бол Душара бурхныг бэлгэддэг гэлцэнэ. Зевс, Дионисийн шинжийг өөртөө агуулсан Душара нь набатейчүүдийн гол шүтээн байсан аж.

* Петра хотыг хүрээлэн буй уулс, хадан хавцал газарзүйн онцлог, геологийн тогтцоосоо шалтгаалан нарны туяаг даган өнгөө хувиргадаг. Өглөө нь ягаавтар туяатай байсан уулс үд дундын үед цайвар шаргал, оройдоо улбартаж харагддаг гэнэ.

* МЭ-ий 363 онд болсон газар хөдлөлтийн үеэр Петрагийн зарим барилга, суурин нурж сүйджээ. Эзлэн түрэмгийлэгчид, дайн байлдааны хөлд бараг бүтнээрээ үлдэж чадсан энэ хотыг “Халдашгүй” хэмээн ромчууд нэрлэдэг байв.

* Хотод нийт 800 гаруй түүх, соёлын дурсгал байдаг, тэднийг нэгбүрчлэн үзэхэд 2-3 хоног шаардлагатай

* Хазнагийн бунхан (эль-Хазне). Хавцлыг сийлэн барьсан уг барилгыг урлаг судлаачид Египетийн Гора бурхан, Ника дагина, Кентаврын дүрстэй гэлцэх нь бий. Набатейчүүдийн толгойлогчдын нэгнийх нь бунхан гэгддэг энэ цогцолборыг саяхныг хүртэл алт, мөнгө, үнэт эдлэл хадгалах байр хэмээн түүхчид үздэг байжээ. 2006 онд археологичид Хазнагийн бунхныг нарийвчлан судалж, газар дор бас нэг давхар байгааг илрүүлсэн аж.

Х.ОД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.