Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чацарганын мод тарих арга

Манай сайт “Энэ цагийн эгэл баатар” Б.Ганхуягтай хамтран ажиллаж байгаа билээ. Тэрбээр олон мянган мод сөөг тарьж ургуулан үр шимийг нь байгаль дэлхий, олон түмэнтэйгээ хуваалцаж яваа манай үеийн гавьяатан юм. Олон төрлийн мод сөөг тарьж ургуулан буй түүний туршлагаас бид та бүхэнд толилуулах болно. 

Сүүлийн үед гэр хороололд оршин суугчид эзэмшил газар болон хашаандаа мод бут тарьж ургуулах сонирхолтой болсон.
Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаа урьдчилан хагалалгүйгээр тарихынхаа өмнө намар 40-50 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө сайжруулна. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400 гр суперфосфатыг заавал хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэдэн удаа услах ба суулгацаа суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүний гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л усаар усална. Бутны эгнээ хооронд 4 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м.кв-аас багагүй хэмжээтэй талбай оногдохоор тарих бүдүүвчээ сонгон авна.
Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болно. Хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр тус тус тарина.
Нүхэндээ суулгацаа суулган үндэсний үзүүрээс дээш 10-15 см зузаан нойтон шороогоор булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар усална. Ус газрын хөрс рүү шигэж дууссаны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, хазайсан суулгацын хажууд гадас шааж уяж тэгшлэх, үндэс нь ил гарсан бол бага зэрэг шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сажруулна.
Чацаргана тарихдаа 8-10 эм суулгацад нэг өр суулгаж байхаар бодож эр суулгацыг салхины дээд талд нь суулгана. Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг 60-80 хувьд тогтмол барих хэрэгтэй. Тарьсан жилээ 8-аас доошгүй, дараагийн жилүүдэд 6-гаас доошгүй удаа усална. Усалгаа хийхдээ аль болох суваг шуудуу ашиглах хэрэгтэй. 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр хөрсийг нэвчтэл норгон усалж өгнө. Чацарганы сортуудын дотроос ОХУ-ын “Дар Катуни”, “Масличная”, “Новость Алтая”, Шербинка”, “Золотой початок”, “Обильная”, эрдэмтэн Б.Лааган, Б.Бат-Очир гарын гаргаж авсан “Улаангом”, “Тэс”, “Чандмань” сортууд манай орны аль  ч нутагт сайн ургау, жил бүр арвин ургац өгөх боломжтой юм. Эдгээр сортууд зэрлэг чацарганатай харьцуулахад өргөс багатай, ургацын хэмжээ илүү байдаг.

"Монцамэ" агентлаг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.