Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ОРХОНСЭЛЭНГЭ: Орон сууц түрээслүүлнэ хэмээн иргэдийг залилах тохиолдол гарах боллоо

Монгол Улсад Мөрдөн байцаах алба байгуулагдсаны ой жил бүрийн есдүгээр сарын 12-нд тохиодог. 74 дэх жилдээ тэмдэглэж буй энэ ойгоо тохиолдуулан тус албанаас “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд өнөө жил цагдаагийн газар, хэлтсийн 50 алба хаагчаас гадна АТГ, ТЕГ-ын мөрдөгчид мэдлэг, ур чадвараа сорьж байна. Мөрдөн байцаах албаны өдрийг тохиолдуулан цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж буй мөрдөгчдийн нэг, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, дэслэгч Ц.Орхонсэлэнгэтэй ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажиллаж байгаа гэж сонслоо. Гэвч дэслэгч цолтой болохоор гайхаад байна л даа. Хоёулаа ярилцлагаа хэрхэн цагдаа болов гэдгээс эхлэх үү?

-Би цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх Чингэлтэйн Цагдаагийн хэлтэст дэд ахлагчаас эхлэн 11 жил ажиллаад өдгөө Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэст шилжин томилогдоод байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны гуравдугаар сараас эхлэн мөрдөгч болж, энэ хэлтэстээ томилогдсон. Би хүүхэд байхаасаа л цагдаагийн ажилтан болох сонирхолтой байлаа. Миний нутаг Булган аймаг л даа. Төрөлх аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийг 2007 онд төгсөөд хүссэн мэргэжлээ эзэмшихээр Улаанбаатар хотыг зорьсон юм. Цагдаагийн бэлтгэх дамжаа тэр жил анх удаа цэргийн албаар дамжуулан сонсогч элсүүлж эхэлсэн юм. Тэр анхдагчдынх нь нэг би. Эхний зургаан сард Дотоодын цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагаад, дараагийн зургаан сард нь тухайн үеийн Цагдаагийн академид байрлан цагдаагийн алба хаагчдыг бэлтгэх болсон. Цэрэг, цагдаагийн албанд орохоосоо өмнө хот руу шилжиж ирээд цагдаа болох хүмүүсийг судалдаг журмын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст судлуулж байлаа. Ингээд дамжаагаа дүүргээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Жижүүрийн албанд дуудлага хүлээн авагчаар дэд ахлагч цолтой ажиллах болсон. Тэнд ажиллах хугацаандаа Хууль сахиулахын их сургуульд таван жил суралцаад, 2017 онд төгсөн офицерын бүрэлдэхүүнд орсон.

-Ахлагч бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаад офицер болж, мөрдөгчөөр ажиллахад ажлын ачаалал, үүрэг хариуцлага өөрчлөгдөж байгаа биз?

-Эргээд бодоход ахлагч байх хугацаандаа үүрэг хариуцлага арай бага байсан юм уу даа гэж санадаг. Мөрдөгч болсноос хойш үүрэг хариуцлага, ажлын ачаалал нэмэгдсэн. Мөрдөгчийн шалгаж байгаа гэмт хэрэг нь хүний хувь заяатай холбоотой болохоор илүү хариуцлагатай байж хуулийн хүрээнд маш нарийн шийдвэрлэх ёстой болдог.

-Мөрдөгч болоод анх ямар хэрэг шалгаж байв?

-Айлын хаалгыг эвдэн орж зурагтыг нь хулгайлсан хэрэг анх шалгаж байлаа. Уг хэргийг гурав хоногийн дотор шуурхай шийдвэрлэж, гэм буруутай хүнд 15 хоногийн дараа шүүхээс ял шийтгэсэн. Анх хэргийн газарт очихдоо манай хэлтэст ажиллаж байгаад өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар луу дэвшин томилогдсон, хошууч Өлзийдэмбэрэл багшийн минь зааж сургасны дагуу ажиллаж, үзлэг шалгалтаа нягт нямбай хийснээр буруутай хүнийг шуурхай олж тогтоосон юм. Уг хэргийг гурав хоногийн дотор шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн. Түүнээс хойш 15 хоногийн дараа уг хэрэгт хяналт тавьсан прокуророосоо лавлахад “гэм буруутай этгээдэд хоёр жил таван сар хорих ял шүүх шийтгэсэн” гэж хэлсэн л дээ. Энэ мэдээг сурган хүмүүжүүлэгч багш Өлзийдэмбэрэл хошуучид хэлэхэд “Анхны дааж авсан хэргээ ийнхүү хурдан шуурхай, алдаа мадаггүй шийдвэрлүүлсэн нь сайн байна. Үүн шигээ сайн ажиллаарай” гэж урам хайрлаж байлаа.

-Түүнээс хойш олон хэрэг шалгаж шийдвэрлэж байгаа биз дээ?

-Тийм ээ. Хүний амь бүрэлгэсэн, хулгай, дээрэм, залилан гээд надаар шалгуулахаар дарга, удирдлагын цохож өгсөн, цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжийн харьяалан шалгах бүх л хэргийг мөрдөж байгаа.

Хүний амь хөнөөсөн хэрэг гэхэд дийлэнхдээ гэр бүлийн таагүй, гадуурх харилцаа, хардалтаас болж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байгаа нь ажиглагддаг.

-Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст ирж буй дуудлага мэдээлэл, гарч буй гэмт хэрэг ялгаатай юм шиг санагддаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд ийм ялгаа харагдаж байна уу?

-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага, мэдээлэл хүлээн авагчаар ажилладаг байхад гарч буй гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал нь Сонгинохайрханыхаас харьцангуй бага байв. Тэнд Эрүүлжүүлэх байранд хоногт 15-20 хүнд үйлчлүүлдэг бол энд дунджаар 30-50 иргэн эрүүлжүүлэгддэг. Тэгээд ч Сонгинохайрхан дүүрэг хүн ам олонтой, орон нутгаас шилжин ирсэн, оршин суух тодорхой хаяггүй хүн цөөнгүй, түүнийгээ дагаад эрүүгийн нөхцөл байдал хүнд, ажлын ачаалал ихтэй л дээ.

Тиймдээ ч ЦЕГ-ын удирдлага ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд шуурхай хүрэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт Цагдаагийн гурван хэлтэс байгуулсан. Манай I хэлтсийн харьяалах нутаг дэвсгэрт гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал их хүнд байдаг.

Хөдөө орон нутгаас нүүж ирсэн иргэдийн 80 хувь нь шилжүүлгээ хийлгээгүй. Ийм хүмүүс нь гэмт хэрэгт холбогдох нь элбэг. Цагдаагийн байгууллагаас дуудсан хугацаанд ирэхгүй тохиолдол хэвийн үзэгдэл болсон. Тэр болгонд нь хэрэг шалгаж байгаа мөрдөгч нар араас нь эрэн сурвалжилж байж олж ирдэг гэх мэтээр хэрэг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, цаг алддаг явдал гардаг.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот баруун тийшээ тэлж байгаатай холбогдуулан манай хэлтсийн харьяалах нутаг дэвсгэрт эрүүгийн нөхцөл байдал ч хүндэрч болзошгүй байгаа. “Эмээлт” түүхий эдийн, “Сутайн буянт” зах, Авто худалдааны цогцолбор манай хэлтсийн харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах болсон, хотын баруун хэсэгт зөвхөн Сонгинохайрхан дүүргийн нутагт газар өмчлүүлж байгаа зэрэгтэй холбоотойгоор гэмт хэрэг гарах нь ихэссэн.

-Сүүлийн үед онц ноцтой ямар хэрэг шалгав?

-Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг гарсаар байна. 45 үйлдэлтэй тийм хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүллээ. Энэ хэргийн холбогдогч нь “Нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж, иргэдийг залилсан юм. Мөн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлдаг 5-6 бүлгийнхний үйлдсэн хэрэг, хүний амь санаатай бүрэлгэсэн гэх зэрэг үйлдлийг шалгаж шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлээд байна.

-Залилан мэхлэх гэмт хэрэг жил бүр л нэмэгдээд байх юм. Энэ төрлийн хэрэг яагаад буурахгүй байна гэж мөрдөгч хүний хувьд бодож байна вэ?

-Иргэдийг ажилгүй, орлогогүйг далимдуулан залилагчид янз бүрийн сүлжээний бизнест урьж төөрөгдөлд оруулдаг. Мөн найз, нөхөд нь уруу татаж, итгэдэг хүмүүсээр нь дамжуулан мэхлэгчдэд боломж олгосноор энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, улам өсөж байна. Гарч буй гэмт хэргийн 80 орчим хувь нь залилан. Тиймээс Мөрдөн байцаах албанаас “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” гэх зэрэг энэ төрлийн гэмт хэргийн эсрэг нөлөөллийн аян, арга хэмжээ өрнүүлсэн нь нэлээд үр дүнд хүрч байгаа.

Ер нь залилагчдын үйлдэл, арга улам нарийсаж буй учраас иргэд сайтар нягталж, шалган баталгаажуулж байж мөнгөө шилжүүлэх хэрэгтэйг ташрамд сануулах ёстой болов уу. Орон сууц түрээслүүлнэ гэж иргэдийг залилсан хэргийн тухайд гэхэд олон нийтийн сүлжээнд ийм худлаа зар тавьж иргэдийг төөрөгдүүлдэг. Улмаар зарынх нь дагуу иргэд утсаар нь холбогдон лавлахад “Байр түрээслэх гэсэн хүмүүс их байна. Хэрэв та үнэхээр орох гэж байгаа бол урьдчилгаа төлбөрөө шилжүүлчих. Гурван сараар төлбөрөө хийвэл 500 000, нэг сарынх нь 300 000-ыг энэ данс руу шилжүүлчих гэж залилж байна. Ийм байдлаар Булган, Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл зэрэг аймгийн иргэдийг хохироосон. Мөн олон нийтийн сүлжээнд олны танил хүмүүсийн фэйсбүүк хаягийг хуурамчаар нээж 300 гаруй хүнийг хохироосон хэргийг манай хэлтсийнхэн шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байна. Хуурамч фэйсбүүк хаяг нээгээд иргэдийг гар утас, их хэмжээний мөнгөний “азтан боллоо” хэмээн төөрөгдүүлж, урьдчилгаа 30 000, 50 000 төгрөг шилжүүл гэж мэхэлж байсан хэргийг удахгүй шүүхээр шийдвэрлэх байх. Энэ бүхнийг ярьсны учир нь иргэдийг залилагчдаас сэрэмжлүүлэх гэснийх.

-Нэлээд олон хэрэг шуурхай шийдвэрлүүлж, сайн ажилладаг шилдэг мөрдөгчийн нэг гэж танай удирдлага үнэлж байна лээ.

-Хэлтсийн хамт олон, манай Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Л.Цогтсайханаар удирдуулсан мөр зэрэгцэн ажиллаж буй мөрдөгчдийн минь, намайг мөрдөгчийн ажилд сурган хүмүүжүүлсэн хошууч Өлзийдэмбэрэл, мөн ар гэрийнхний дэмжлэг туслалцааны үр дүнд ажил сайн байгаа юм шүү. Би 2018 оны гуравдугаар сард мөрдөгчөөр томилогдож ирээд богино хугацаанд ч гэсэн хийсэн ажлыг минь үнэлж НЦУГ-ын шилдэг мөрдөгчөөр өргөмжилсөн. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны аварга мөрдөгчөөр тодорхойлж, ажлын үзүүлэлтээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан ч бүртгэл, судалгаа дутуугаас үүдэн ажлаа үнэлүүлж чадаагүй. Энэ онд өмнөх жилийнхээ алдааг давтахгүйг хичээж байна. Бидний ажлын үзүүлэлт бол мөрдөж байгаа хэргээ ямар нэг зөрчилгүй, алдаа мадаггүй, түргэн шуурхай шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж, хохирсон иргэнийг гомдолгүй үлдээхэд чиглэдэг. Дарга удирдлагынхаа итгэлийг алдахгүйг хичээн ажиллаж байна.

Энэ ташрамд, Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан мөрдөн байцаагч ахмад үеийнхэн, өдгөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа мөрдөгч нартаа, тэдний ар гэрийнхэнд 74 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.