Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн нэг өдөр

Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн гадаа өнөөдөр 09.00 цаг гэхэд цөөн тооны хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Хугацаат албаны дайчдын ар гэрийнхэн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нарт “Цэргийн нэг өдөр” нээлттэй өдөрлөгийг тус ангиас зохион байгуулахаар урьсан юм. Ар гэрийн төлөөллөөс 10 дайчдын аав, ээж эсвэл ах, эгч нь ирсэн байх бөгөөд энэ нь цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цөөн тооны иргэдийг урьсантай холбоотой ажээ. Гэхдээ хугацаат албаны дайчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс хүндэт зочдоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, ангийн байрлал руу нэвтрүүлсэн.

Их эзэн Чингис хааны алдарт шадар хишигтэн цэргийн алтан аргамжийг бөхлөн, Монгол төрийн хүндэт харуулын нэн хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Зэвсэгт хүчний 032 дугаар анги нь 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан, БНМАУ-ыг тунхаглаж, Нийслэл хүрээг улсын нийслэл “Улаанбаатар хот” хэмээн нэрлэсэнтэй зэрэгцэн “Улаанбаатар хотын комендант” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан манай хамт олон Монгол Улсын хэмжээнд Үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах нүүр тахалдаг. Мөн Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирсэн юм байна.

Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын нэрэмжит шалгалтад 1988, 1990, 1992, 1997, 2002, 2005, 2011, 2015, 2017 онуудад сайн үнэлгээтэй шалгагдаж, “Тэргүүний анги” шагналыг 9 удаа хүртэж байжээ.

Зэвсэгт хүчний Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг энэ үеэр “Цэргийн нэг өдөр”-тэй танилцахаар хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдэд талархал дэвшүүлээд хугацаат цэргийн албаны онцлог, ач холбогдол, цэргийн сургалт бэлтгэл болон өдөр тутмынх нь үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Мөн ар гэрийнхэнд нь авьяаслаг дайчдын урлагийн хэсэгчилсэн тоглолтыг өргөн барив. Эцэг, эхчүүдийн алга ташилт дунд 40 минут үргэлжилсэн тоглолтыг дэд түрүүч С.Мишээлт “Алтаар гялбаалах газар шороо, амины үнэтэй ширхэг чулуу, ассан галтай мөнхийн голомт, аавын мөртэй эх дэлхий минь” хэмээн аялгуу сайхан морин хуураар эхлүүлж, энхийг сахиулагчдын сүлд дуу “Хэнгэрэг дэлхийн цэрэг”-ийг байлдагч Л.Лхагвасүрэн омогшин байж дууллаа. Үргэлжлүүлэн байлдагч Э.Өсөхбаяр нүүдэлчин ахуйг монгол бүжгээр гаргаж, байлдагч Э.Отгонболд, Л.Лхагвасүрэн, Л.Пэрэнлэйдорж, А.Энх-Амгалан, Г.Мөнххүслэн нар “Тэнгэрийн хүү”-дууг дуутай, шүлэгтэй нь хамт толилуулж, төгсгөлд нь дайчид “Цэргийн бодол” дууг хүндэт зочдын алга ташилттай хамт өндөрлүүлсэн юм. Урлагийн тоглолтын дараа эцэг, эхчүүд тус ангийн штаб, Соёлын төв, алдрын тасалгаа, сэтгэл зүйн алжаал тайлах танхим, цэргийн гал тогоо, амралтын өрөө, бялдаржуулах танхим, ахуйн үйлчилгээний төв болоод Хүндэт харуулын ротын байраар зочилж, хугацаат цэргийн алба хаагчдын өмсөж, зүүхээс эхлээд өдөр тутмын хэрэглээ болоод төрийн ёслолын хувцас хэрэглэлийг дэлгэсэнтэй танилцлаа. Хугацаат цэргийн алба хаагчдад жилд 36 нэр төрлийн хувцас хэрэглэл, бараа бүтээгдэхүүн, бусад эд зүйлийг нийлүүлдэг талаар мэдээлэл өгч, эдэлгээнээс нь хамааран тодорхой хугацаанд шинэчилдэг талаар, хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцлийг бүх талаар сайжруулж ирсэн, манай Зэвсэгт хүчний ямар ч ангид та очно, сайхан орчин угтаж авна хэмээн бригадын генерал С.Дашзэвэг эцэг, эхчүүдэд онцолж байсан юм. Өдөрлөгийн төгсгөлд хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулж, “Таны хүү эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Эх орны хүү төрүүлсэн эрхэм танд баярлалаа” хэмээх дурсамжийг эцэг, эхчүүдэд гардуулан өгсөн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.