Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Элбэгдорж оюун санааны хувьсгалд нийслэлчүүдийг уриалав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй Төрийн ордны Их танхимд өчигдөр уулзлаа. Тэрбээр тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших 10 сарын хугацаанд 10 аймгийн 30 орчим суманд ажиллаж, иргэдтэй уулзаж байсан билээ. “Хаврын урин дулаан болж, цаг наашилж байна. Олон газар өвөлжилт хүндэрч, урт удаан хүнд өвлийг бид тууллаа. Нийгэм улс төрийн идэвх сэргэдэг, хүмүүс санал бодлоо илүү идэвхтэй хэлдэг цаг үед бидэнд ярих зүйл их байна. Тийм учраас хаврын энэ өдрийг сонгож та бүхэнтэй уулзаж байна” хэмээн Ерөнхийлөгч ярианыхаа эхэнд хэллээ.

Баримтлан ажиллаж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа зургаан үндсэн чиглэлд хуваан тайлбарлалаа. Аливаа улс үндэстний амин чухал эрх ашиг болсон аюулгүй байдал, хуулийг хэрэгжүүлж шударга ёсыг хангах, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, монгол хүний оршин тогтнох үндэс болсон өв соёлоо хамгаалах, дэлгэрүүлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярьсан юм. Дараа нь иргэд санал бодлоо хэлж, асуулт тавилаа. Намуудыг гишүүнчлэлгүй болгох, хүүхдийн мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх , төсвийн тухай хуулийг өөрчлөх, оюун санааны хувьсгал хийх, байгаль дэлхийгээ хайрлахтай холбогдсон Ерөнхийлөгчийн санал санаачилгууд, шийдвэр, хийж байгаа ажлуудыг талархан хүлээж авч байгаагаа иргэд илэрхийллээ.

Шагналын бодлого, цаазаар авах ялыг халах тухай шийдвэр, өршөөлийн хууль, улс төрийн намуудын бэлэн мөнгөний асуудал, том орд газруудыг тойрсон асуудлуудаар иргэд мөн асуулт тавьж, Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Нийслэлийн бүтээн байгуулалт, газар олголт, хог, утаа, зам гүүр, барилга төлөвлөлт гэх мэт хоттой холбоотой тулгамдсан асуудлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хариулав. Цаашид жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзаж байхаар боллоо гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.