Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ЦОЛМОН: Хөрөнгө гаргасан нь хөлжиж, хөдөлмөр зарсан нь өлсдөг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

Үндэсний Шинэ Нам (ҮШН)-ын дарга Ц.Цолмонтой ярилцав. Өнөөгийн улс төрийн “хөдөлгөгч хүч” болоод буй парламентын сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр бидний яриа эхэллээ.


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь парламентын гол асуудал болоод байна. ҮШН Сонгуулийн хуулийн шинэ төслийг хэрхэн үзэж байгаа вэ? Ер нь хувь тэнцүүлэх тогтолцоо оновчтой хувилбар мөн үү?

-Сонгуулийн хуулиа бид олон удаа өөрчилсөн улс. Асуудлын ээдрээ нь хуулиндаа биш юм шиг байна. Ямар ч тогтолцоогоор явуулсан будилаан, луйвар л болж байна. Иймд Үндэсний Шинэ Нам шударга сонгууль явуулахын тулд яах ёстой вэ гэдэг талаас нь өөрчлөлтийг харж байна.

-Яаж. Та нарт санал болгож буй хувилбар бий юу?

-Өнгөрсөн хугацааны төрийн сонгуулийг төр биш нам зохион байгуулж ирсэн. Сонгууль гэдэг айсуй дөрвөн жилд төрийн эрхийг аль нам барих вэ гэдгийг сонгон шалгаруулах үйл явц. Гэтэл тендерт оролцогч намууд зохион байгуулж, намын томилолттой сонгуулийн хэсэг, хорооны ажилтнууд намынхаа эрх ашгийн төлөө ажиллаж будилуулсаар ирэв. Ийм байдалтай хорин жил явлаа. Дахин хэлье асуудлын гол нь тогтолцоо нь можаритари байна уу, порпорцианаль байна уу гэдэгт биш сонгуулиа шударга, үнэн явуулахад л байгаа юм. Олон орны туршлагаас харахад төрийн сонгуулийг төрийн албан хаагч, төрийн байгууллага, төр өөрөө зохион байгуулдаг юм байна. Намаасаа түдгэлзэж, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид сонгуулийг зохион байгуулбал эцсийн үр дүнд хариуцлага хүлээх эзэнтэй болно. Иймд төрийн байгууллага сонгуулиа зохион байгуулдаг болох өөрчлөлтийг хуульд оруулж өгөхийг манай нам хүсч байна.

-Парламентын гаднах намуудаас Сонгуулийн хуулийн төсөлд санал авсан уу?

-Тийм юм байхгүй. Нэг намын дарангуйлал хоёр намын дарангуйллаар солигдсон гэж ярьдаг шүү дээ. Энэ хоёр нам (МАХН, АН-ыг хэлэв) дараагийн сонгуулийг ямар системээр явуулбал өөрсдөд нь ашигтайг ярилцаад л шийдчихдэг. Бидний оролцоо байхгүй. Хөндлөнгөөс саналаа хэлж л байна. Аль зэрэг сонсч байгааг бас мэдэхгүй.

-Сонгуулийн хуулиас гадна Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-1992 оны Үндсэн хууль бол завсрын шатанд хийгдсэн хууль. Хорин жил түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Эцсийн үр дүнд бид бүхний шүүмжлээд буй олигархи засаглал энэ Үндсэн хуулийн хүрээнд, энэ Үндсэн хуулийн хөрсөн дээр бий боллоо. Энэ нь хуульд засч залруулах, сайжруулах зүйл байна гэсэн үг. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төдий бус шинэ Үндсэн хууль боловсруулахыг ҮШН санал болгож байгаа. Бид мэдэж байгаа, одоогийн мөрдөж буй дөрөвдүгээр Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг тугаа болгосон хууль. Бидний санал бол Монгол үндэсний эрх ашгийг суулгаж өгөх, товчдоо үндэсний эрх ашгийг дээдэлсэн агуулгатай Үндсэн хуулийн төлөө байгаа.

-Яагаад?

-Нөхцөл байдал ч үүнийг нэхэж байна. Хорин жилийн өмнө монголын баялаг нээгдээгүй, улс, амьтан анзаарамгүй жижиг, буурай орон байсан бол өнөөдөр байгалийн баялаг, ашигт малтмалын улмаас дэлхийн анхаарлын төвд орлоо. Муугаар хэлбэл дэлхийн шунал монголд төвлөрч байна. Ийм үед үндэсний эрх ашгаа яаж хамгаалах, авч явах вэ гэдэг асуудлыг онцгойлон үзэх шаардлага гарч ирж байгаа юм. Тодруулбал агуулга, концепцийг шинээр харах хэрэгтэй байна. Иймээс манай намынхан тавдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулан хэвлэн нийтэлж олон нийтэд танилцуулсан. Монголын сүүлийн зуун жилийн түүхээс харсан ч хорь, хорин жилээр Үндсэн хуулиа шинэчлээд явсан байна.

-Тийм ээ, Үндсэн хуулиа шинэчлэхийн төлөө нэг хэсэг байхад эрс эсэргүүцэж буй хүмүүс ч бий. Тэд Америк Үндсэн хуулиа өөрчлөлгүй 200 жил болж байна гэдэг. Мөн Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв ч өнөөгийн олигархжсан парламент баталж болохгүй гэж гурав дахь бүлэг хүмүүс үздэг.

-Өнөөдөр бид өөрсдийгөө дөвийлгөн Америктай жиших хэрэггүй. Монгол бол олон зууны түүхтэй атлаа үндэстнийхээ хувьд залуу үндэстэн. Хорин жилийн өмнө ардчилал, зах зээл гэдгээ төдий л мэдэхгүй байх үед баталсан хуулиа өнөө- дөр шинэчлэх цаг болсон. Бидний яриад байгаа шинэ хуулийг хорин жилийн дараа шинэ, залуу хүмүүс гарч ирээд шинэчилж, сайжруулах нь зүй. Тэр үед хууччуул нь дургүйцээд, үгүйсгээд байх хэрэггүй. Хамгийн гол нь үндэсний эрх ашгаа л гүнзгийрүүлээд, ахиулаад явах хэрэгтэй. Үндсэн хуулийг шинэчлэн, батлах бүрэлдэхүүн нь өнөөгийн парламент байж таарахгүй гэдэгтэй санал нэг байна. Олигархиудын эрх ашигт нийцүүлж өөрчлөнө гэдэг хардлага оргүй хоосон ч биш байх. Монголчууд эрт цагт хүмүүсийг таван хэсэгт хуваан нэг хэсгийг нь “булхай” гэж нэрлэдэг байсан байна.

“Жанжин шиг завилж, мангас шиг иддэг” гэх тодотголтой тэр бүлэг хүмүүс хувийнхаа эрх ашгийг төрийнхөөс давамгайлуулдаг байж. Өнөөгийн олигархиуд л юм шиг байгаа юм. Хамгийн их булхай, луйвраар гарч ирсэн 76 хүн Үндсэн хуулийг өөрчлөхөөр өөдтэй юм болохгүй. Ийм хүмүүст итгэж болохгүй учраас бид Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулсан. Сум бүрийн төлөөлөл, ажил үүргийн хуваарь нь үндэсний эрх ашгийн төлөө явж байдаг, тухайлбал үндэсний Их сургуулиудын удирдлага гэх мэт 400-500 хүний бүрэлдэхүүнтэй хурлаас л шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй.

-УИХ-ыг тарахыг шаардсан Амлалт нэхэх хөдөлгөөнийг ҮШН турхирч байна, М.Энхсайхан санхүүжүүлж байна гэх үгийг намын даргын хувьд энэ хавар олон сонсов уу?

-Үндсэн хуулиа шинэчлэх, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх асуудлыг манай нам ил тод тавьсаар ирсэн. Хэн нэгнийг турхирах, хэн нэгнээс нуугдах шаардлага байхгүй. Миний бие өнгөрөгч гуравдугаар сард болсон намынхаа Бүгд хурал дээр Үндэсний хувьсгал айсуй илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн. Илтгэлд дээрх асуудлуудыг онол болоод нийгмийн туршлага талаас нь дүгнэж гаргасан. Шинэ нөхцөл байдал ч үүнийг шаардаж байгаа. Бид УИХ тарж, шинэ Үндсэн хуулийн хүрээнд төрийн тогтолцоо бий болох ёстой гэж үзэж байгаа. Энэ утгаараа тэр хөдөлгөөний УИХыг тараах шаардлага, үзэл бодлыг дэмжсэн. Хөрөнгө мөнгөний тухайд дэмжих боломж бололцоо ч байхгүй. Тэр бол гүтгэлгийн чанартай л мэдээлэл.

-Уучлаарай, засаглалын гадна үлдсэн хүмүүс хонзонгоо тайлах гэхдээ иргэдийг жагсааж байна гэж хэлэх улстөрч ч байна.

-Бид засгийн үйл ажиллагаанд саад болох, төвөг учруулах зүйл хийгээгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч ажилладгаараа ажилла, УИХ-ыг тарааж, тогтолцоогоо сайжруулья гэх асуудлыг тавьж байгаа. УИХ тарлаа гээд Монгол төргүй болчихгүй. Тарахдаа хүрвэл дараагийн Их хурлыг бүрдүүлэх, бүрдэх хугацаа хүртэлх эрх зүйн харилцааны актыг батлаад тарах ёстой. Түүнээс хөөгдөж буй юм шиг явахгүй л дээ. Улс төрийн соёлтой хийнэ. Тухайлбал, манай нам шилжилтийн тухай хуулийн төсөл боловсруулсан. УИХ сайн дураараа, эсхүл ард түмний шахалтаар тарах тохиолдолд монгол төрийн тасралтгүй чанарыг хадгалах, хамгаалах үүднээс ийм, ийм нөхцлийг бүрдүүлэх ёстойг тусгасан. УИХ тарчихаар төр эзэнгүй болчих юм шиг яриад хүмүүс түүнд нь үнэмшээд байх шиг байсан. Ерэн онд ч бид төрийн тасралтгүй чанарыг хадгалаад шинэ тогтолцоо руу шилжсэн шүү дээ.

-ҮШН-ын лидерүүд Ардчилсан намаас өрх тусгаарласан. Монгол Улс ардчилсан улс, Ардчилсан нам хүчиэй хэвээр байна. Яагаад та нар шинэ нам байгуулсан юм, юунд тэмүүлээд байгаа юм бэ?

-Бид ардчиллаас ухраагүй. Монгол Улс ардчилал, зах зээлд шилжсэн нь ололт мөн. Гэхдээ ардчилал сөрөг үр дүн ч авчирсан. Ерэн оноос өмнө монголчуудын тэн хагас нь ядуу байгаагүй. Ажилгүй хүн ядуу байгааг ойлгож болно. Гэтэл ажил хийж байгаа хүн ядуураад байна. Багшилж буй хүн ядуурч байна, барилга дээр ажиллаж буй хүн ядуурч байна. Аливаа баялаг хөдөлмөр, хөрөнгө хоёроос бий болдог. Хөрөнгөө гаргасан нь их ашиг олдог, хөдөлмөрөө зарсан нь ядуурдаг ийм л тогтолцоо бий болоод байна. Энэ маягаар удаан явбал хүн амын маань 80, 90 хувь нь ядуурна. Иймд бага дээр нь засч авах хэрэгтэй гэдгийг АН-д байхдаа ч судалж хэлж байсан, шинэ нам байгуулаад ч судалж байна. Явж явж үндэсний эрх ашиг гэдгийг орхигдуулж, хувийн эрх ашгийг хэтэрхий тавьж, өрх гэр гэдгийг мартжээ. Түүх үзвэл монголын бүх л юм өрх гэрээр явж байсан юм билээ. Одоо бол өрх гэр, өрхийн тэргүүнээ тоодоггүй, дураараа л хэдэн улс байх шив. Товчдоо, социализм, коммунизм байгуулж болно, ардчилал, ер нь юуг ч байгууллаа гэсэн монголын ард түмэн баян чинээлэг л байх учиртай. Энэ зорилт хорин жилд хэрэгжсэнгүй.

-Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хэмжээ өсч, эдийн засаг томорч байгаа гэх ч иргэд хоногийн хоолоо яах вэ гэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн авцалдахгүй баланс л харагдаад байна.

-Монголд мөнгө, баялаг бий болж байгаа нь үнэн. Нүдэнд ил байна. Харин түүнээс хүртдэг нь цөөхөн, хүртэх ёстой олонхи нь хүртэхгүй байгаад хэргийн учир байгаа юм. Хөрөнгө гаргасан нь хөлжиж, хөдөлмөр зарсан нь өлсдөг энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

-Тогтолцооны өөрчлөлт мөн л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдэх байх. Тийм үү?

-Өнөөдөр бид ардчилал, зах зээл гэж хамтдаа яриад байгааг салгаж бодох хэрэгтэй. Улс төрийн тогтолцоогоо өөрийн үзлээр, эдийн засгийн тогтолцоогоо дэлхийн жишгээр явуулах учиртай юм. Гэтэл улс төрийн тогтолцоогоо дэлхийн жишгээр, тухайлбал 200 сая хүнтэй Америк шиг төр аливаад оролцохгүй байвал сайн гээд байж болохгүй шүү дээ. Хоёрхон сая хүнтэй Монголд төр нь хүчтэй байж, аливааг төр нь хамгаалахгүй бол хоёр том хөршийн дунд бид яаж амь зуух юм. Цөөнөөр олныг ялаад байсан нь Чингис гэдэг хувь хүнд бус хүчтэй төрийг байгуулж чадсанд байсан.

Төр нь сул, төр оролцохгүй, ер нь байхгүй байвал сайн гэдэг бол харь улсын л онол. Америкт, Европын орнуудад төр нь монгол шиг хэдэн зуунаар тасраагүй, хүчтэй төр улам хүчирхэгжсээр хэтрэх тал руугаа орсон тул түүнийг хязгаарлах, хазаарлах тухай ярьж байгаа юм. Манж, Хятадын нөлөөнд Монголын төр хоёр зуун жил суларсан. Дараа нь социализм, коммунизм байгуулах гэж оролдсон далан жилд мөн л суларсан. Одоо монголын төр хүчтэй болох тухай л ярих ёстой. -Эцэст нь, тун ерөнхий асуултаар ярилцлагаа өндөрлөе. Монгол Улс яагаад хөгжихгүй байна вэ? -Өнгөрсөн жил эдийн засгийн хямралтай холбогдуулан намынхаа хурал дээр би нэг илтгэл тавьсан юм. Тэнд монгол яагаад хямарсан бэ гэдэгт, нэгд эзэнгүйгээс, хоёрт, үзэлгүйгээс, гуравт үйлдвэргүйгээс гэсэн хариулт өгсөн. Энэ байр суурь минь одоо ч хэвээр байна. Үйлдвэргүйн тухайд тайлбарлах нь илүүц. Үзлийн хувьд Үндэсний үзэл л монголчуудын язгуур үзэл гэж бид үзэж байгаа. Эзэнтэй байхын тухайд бид төсөл боловсруулсан тухайгаа дээр хэлсэн.

-Эзэн гэдэг нь Ерөнхийл өгчийн засаглал уу?

-Үгүй ээ, парламентын засаглал. Ерөнхийлөгч нь Засгийн газраа удирддаг, хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын засаглал бүхий тогтолцоог санал болгож байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.