Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.СҮХБААТАР: Д.Сүрэнхор бидний итгэлийг ажлаар хариулахын оронд буруу замаар будаа тээсэн

-ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг цагдаагийнхан баривчилсан нь олны ярианы гол сэдэв болоод байна. Хамгийн гол нь тэр МАХНын залуу боловсон хүчний нэг байсан учраас бусдын анхаа ралд ихээхэн өртөөд байх шиг. Танай намын боловсон хүчний сонголт, шалгуур ямар байдаг вэ?

-Бид ардчилсан нийгэмд амьдраад 20 жил болж байна. Олон намын системтэй, олон ургальч үзлээ уралдуулдаг ардчилсан улс оронд иргэн хүн ямар үзэл бодолтой байх, ямар намыг сонгохоо өөрөө шийддэг болоод удлаа. Нам хүнийг сонгодоггүй, харин иргэн өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намаа сонгодог болсон. МАХН 150 гаруй мянган гишүүнтэй. Манай намын гишүүд дотор янз бүрийн хөдөлмөр эрхэлж, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл болсон хүмүүс байдаг. Амьдрал ахуй нь ч янз бүр. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулиар аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө, гишүүний хувьд ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглосон байдаг. Энэ хүн хийсэн хэргээрээ шалгагдах нь ойлгомжтой. Харин МАХН-ын гишүүн байсны нь хувьд хэлмэгдүүлж хэрхэвч таарахгүй.

-Д.Сүрэнхор МАХН-ын Олон нийттэй харилцах албаны дарга байсан. Та ч хамт ажиллаж байсан байх. Хүнийх нь хувьд Та тодорхойлж хэлээч?

-Д.Сүрэнхор МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Түүний тухай бичиж байгаа хэвлэлүүд МАХН-ын Олон нийттэй харилцах албаны дарга байсан гэж нийтлэх юм. Тийм алба МАХН-д байгаагүй. МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд бид хамт ажиллаж байсан. Үг дуу цөөнтэй, даруу, боловсрол өндөртэй, ажил хэрэгч, сайн залуу. Харамсалтай нь мөрийтэй тоглоомд татагдсан хүн байсан юм байна. Үүнийг бид яаж мэдэх вэ. Энэ нь түүний алдаа, сүүдэртэй тал байж. Алддаггүй хүн гэж хаана байх вэ. Хүн л болсон хойно. Гол нь алдаагаа ухамсарлаж засах л хэрэгтэй. МАХН-ын олон мянган гишүүн бүгд өндөг шиг өөгүй цэвэр гэж хэлэхгүй. Амьдрал өөрөө олон талтай, зовлон, жаргал хосолж байдаг хорвоо. Хүн л болсон хойно алдана, ононо, сайн, муу талтай л байдаг биз дээ.

-Түүнийг танай намын удирдлага, тухайлбал, намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Идэвхтэн, нарийн бичгийн дарга У.Барсболд нар улс төрд хөтлөн оруулж ирсэн гэдэг. Намын дарга нартай дотно бол албан тушаалын шатаар ногоон гэрлээр ахих бололцоотой гэсэн үг үү?

-Би Д.Идэвхтэн, У.Барсболд нарын өмнөөс хариулмааргүй байна. Эдгээр хүмүүс сониноор бичээд байгаа шиг Д.Сүрэнхорыг дэмжсэн бол сайн хэрэг. Залуу хүнийг дэмжих нь юу нь буруу байх вэ. Хүн бүр л түшиг тулгатай хүмүүсийг, багш нараа, аав, ээжийгээ, ах, дүүгээ дагаж байж амьдралд хөлөө олж, гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрдэг бус уу. Энэ чинь хүмүүний ёс. Харин Д.Сүрэнхор өөрөө мөрийтэй тоглоомд донтож амьдралдаа том алдаа хийсэн бол мэдээж өөртөө л гомдохоос, эдгээр хүмүүс заагаагүй нь ойлгомжтой. МАХН залуу гишүүдээ эх оронч иргэн болж хүмүүжихэд нь, сурч боловсроход нь, ажил амьдралын туршлагатай болоход нь, төр засгийн ажилд оролцоход нь аль болох тусалж дэмждэг уламжлалтай.

-Д.Сүрэнхорыг буруу замаар явахад нь МАХН доторх улс төрийн хавчилга нөлөөлсөн гэх утгатай зүйл зарим хэвлэлд гарсан байна билээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ бол ёстой дэмий үг. Д.Сүрэнхор яамны Төрийн нарийн бичгийн дарга болж, улмаар энэ их итгэлийг ажлаар хариулахын оронд буруу замаар будаа тээсэн нь өөрийнх нь алдаа болов уу. МАХН дотор улс төрийн хавчилга гарч, тэр нь мөрийтэй тоглоомд донтсон, хүний алдсан мөнгөнд нөлөөлсөн гэж байгаа хэрэг үү. Дашрамд хэлэхэд, өнөөдөр МАХН-д улс төрийн хавчилга гэсэн ойлголт байхгүй. МАХН бол ардчилсан үйл ажиллагаатай нам. Харин намын эв нэгдлийн эсрэг байнга өдөөн турхирч байдаг хүмүүс мэр сэр бий. Хэрвээ нам чинь таны эрх ашигт нийцэхгүй байгаа бол гарах хаалга нээлттэй, сонгож болох улс төрийн намууд байгаа гэдгийг хэлье. Бидэнд улс орны хувьд ч, намын хувьд ч эв нэгдэл хэрэгтэй.

-МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Д.Сүрэнхорд их хэмжээний мөнгө өгөөд алдсан гэх юм. У.Хүрэлсүх энэ талаар намынхандаа ямар нэг тайлбар өгсөн үү?

-У.Хүрэлсүх дарга ийм зүйл хийж, ярьж явдаг хүн биш. Тэгээд ч хувийн амьдралаа бидэнд тайлагнаж, тайлбар өгөх албагүй.

-Танай намын ирээдүйтэй гэгдэж байсан залуу зүтгэлтэн тань буруу замаар яваад байгааг тухайн үед Та бүхэн мэдээгүй хэрэг үү. Намын Ёс зүйн хороо мөрийтэй тоглоомд нэр холбогдох болсон Ц.Чимидцэрэн, Д.Сүрэнхор гэх мэт хүнд анхааруулж байсан зүйл бий юү?

-Манай намын залуу гишүүд улс орноо гэсэн үзэл бодолтой, намынхаа ажилд идэвхтэй оролцдог эгэл жирийн хүмүүс байдаг. Д.Сүрэнхорыг онцолж хэлэх зүйл байхгүй. МАХНаас түдгэлзэж төрийн алба хашиж байсан хүн. Энэ талаар МАХН-ын Ёс зүйн хорооныхон илүү хариулт өгөх байх аа. Намын удирдлага 150 гаруй мянган гишүүнээ тагнаж, чагнаж, мөрдөж явдаггүй. Ардчилсан оронд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ардчилсан бүтэц, зохион байгуулалттай улс төрийн байгууллагын хувьд МАХН-д хийх ажил хангалттай байгаа.

-Д.Сүрэнхорыг МАХН-ын Бага хурлын өмнө баривчлан авчирсан нь танай намын өнөөгийн удирдлагуудын нэр хүндийг унагах, ёс зүйгүй болгож харагдуулах гэсэн тоглоом мэтээр гадуур яригдаж байна. Та бүхэн бодвол сонсоо байлгүй.

Д.Сүрэнхорыг Интерполоор Монголын цагдаагийн байгууллага олон жил эрэн сурвалжилж, баривчилсан гэж бид ойлгож байгаа.

-Удахгүй МАХН-ын Бага хурал хуралдах гэж байна. Бага хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

МАХН-ын ээлжит Бага хурлыг ирэх дөрөвд үгээр сард хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 2008 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор МАХНаас санал болгож төрийн албанд сонгогдож, томилогдсон гишүүдийнхээ үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, амласан зүйлээ шат шатандаа хэрэгжүүлэхийн төлөө эрчимтэй ажиллах асуудлыг хэлэлцэнэ. Гишүүдийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх талаар улс төрийн намуудын тухай хуулийн хү рээнд МАХН-ын дүрэмд зарим нэмэлт тодруулга хийх шаардлага ч гарч магадгүй.

-МАХН-ын Сонгуулийн мөрийн хөтөлб өрийг хэрэгжүүлэх ажлын явц ямар байна вэ?

-Сонгуульд амласан мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлэх нь бидний өнөөгийн гол ажил. Амласнаа хэрэгжүүлэх талаар уйгагүй, бүтээлчээр ажиллахыг шат шатанд ажиллаж байгаа гишүүдээсээ нам шаардаж, шахаж ажиллаж байна. “Ард түмнээ сонсъё” аян өрнүүлж 2010, 2011 онд бүх аймаг, сум, баг, хот, дүүрэг, хороогоор явж иргэдийнхээ санал хүсэлт, шүүмжлэлийг сонсоно, ажилдаа тусгана. Энэ ажил эхлээд байна. Энэхүү аяны үйл ажиллагаанд УИХ-д болон, аймаг, сум, хот, дүүргийн ИТХ-д сонгогдсон гишүүд, төр засагт ажиллаж байгаа гишүүдээ оролцуулж ажлын тайланг нь сонсож, иргэдээр үнэлж дүгнүүлж байна. Эх орны хишиг буюу ард иргэдэд 1.5 сая төгрөг хүртээх амлалтыг хэрэгжүүлэх ажил эхлээд байгааг бид мэдэж байгаа. Цаашдаа бүрэн хүртээх замаар иргэдийнхээ орлогыг хүн бүрээр 1.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг судалж байна. Хүн амын тодорхой хэсэгт амлалтыг бэлэн мөнгөөр хүртээхээс гадна Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний, орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр олгох хувилбарыг ажил хэрэг болгоход анхаарна. Үүнээс гадна банкны зээл, орон сууцны барьцаа хөрөнгө, зээл, жижиг, дунд үйлдвэрийн зээл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн урьдчилгаа зээл зэрэг өр авлагын тооцоог барагдуулах хэлбэрээр Эх орны хишгийг хүртээх хувилбаруудыг ч ашиглах боломж бий. Стратегийн орд газрууд болон одоо ажиллаж байгаа томоохон үйлдвэрийн газруудын хувьцааны тодорхой хэсгийг ард иргэд эх орны хишгийн эх үүсвэрээр эзэмших хувилбарыг мөн судалж байна.

-Бага хуралд МАХН-ын дарга С.Баяр оролцох нь тодорхой болсон, хэлэлцэх асуудлын жагсаалтад намын даргын асуудал орж магадгүй гэж байсан?

-Бага хурлын хуралдаанд МАХН-ын дарга С.Баяр оролцож, улс төрийн илтгэлийг тавьж хэлэлцүүлнэ. Хэлэлцэх асуудлыг ойрын үед МАХНын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ярилцаж шийдвэрлэнэ. Ийм дүрэмтэй.

-Хурал нэлээд халуухан болж магадгүй байгаа. Танай намын дарга асан Н.Энхбаяр намынхандаа гомдож явдгаа сүүлийн үед хэвлэлээр илэрхийлсэн. Бага хурлын үеэр түүнийгээ нэлээд хүчтэй тавих болов уу?

-Ардчилсан үйл ажиллагаатай намын аль ч хурал санал шүүмжлэлтэй, халуухан болдог болсон шүү дээ. Аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахдаа гишүүдийнхээ дунд санал шүүмжлэлийг хүчтэй өрнүүлж, цөөнхийнхөө үгийг сонсож, харин олонхоороо шийдвэр гаргасан нөхцөлд тухайн зорилт, асуудлыг хэрэгжүүлэх талаар намын хэмжээнд нэгдмэл үйл ажиллагаатай, эв нэгдэлтэй, хамтын хүчээр ажиллахыг ардчилсан зарчим гэж үзэж, мөрдөж байгаа. Гэхдээ нэгэнт намаараа хэлэлцээд, шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа үед нөгөө шүүмжлэлээ өрнүүлсэн хэвээр байдаг хүмүүс мэр сэр байх юм. Энэ бол харин ардчилсан биш зарчим гэдгийг хэлмээр байна. Н.Энхбаяр дарга намаас түдгэлзсэн алба хашиж байгаад эргэж намдаа гишүүнчлэлээ сэргээсэн. МАХН-ыг сонгуульд ялагдал хүлээсэн хүнд үед намын даргын сонгуульт ажлыг хийж байсан, намын эв нэгдэл, нэр хүнд, сахилга, үүрэг хариуцлагыг сайн мэднэ.

-Н.Энхбаярын гомдлын дагуу өнгөрсөн сонгуульд хангалтгүй ажилласан гэх хүмүүст арга хэмжээ авах асуудал яригдах уу?

-МАХН-ын Хяналтын ерөнхий хороонд Н.Энхбаяр даргаас гомдол ирсэн гэж би л сонсоогүй юм байна. Н.Энхбаяр дарга ч ийм зүйл бичиж суухаар хүн биш гэж би хувьдаа боддог.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хороо багагүй бужигнасан. Асуудал Засаг даргад бус албан тушаалын өрсөлдөөнд байсан юм биш үү. Өөрөөр хэлбэл, дүүргийн голлох албан тушаалын төлөө танай намынхны хоорондын зөрчлийн илрэл гэж үзэж болох уу?

-Сонгинохайрхан дүүргийн намын хороонд үүссэн нөхцөл байдлын тухай МАХН-ын Удирдах зөвлөл, МАХН-ын Хяналтын Ерөнхий хорооны хамтарсан хурлаар хэлэлцэж улс төрийн дүгнэлт гаргаж, холбогдох намын байгууллагуудад үүрэг өгсөн, хэрэгжиж байна. Дүүргийн МАХН-ын хорооны ажлын дутагдал, намын нэрээр төрийн албанд сонгогдож томилогдсон хүмүүсийн дотоод зөрчил маргаанаас болж дүүргийн төр засгийн ажил доголдож, ард иргэд хохирч хэрхэвч таарахгүй. Энэ бол МАХН-ын үйл ажиллагаандаа баримталдаг хатуу зарчим. Гаргасан шийдвэрийг нийт аймаг, дүүргийн намын удирдлагад хүргүүлж үүрэг даалгавар өгсөн байгаа. Цаашдаа энэ чиглэлээр хийх ажил намд бий.

-Сүүлийн үед хамтарсан Засгийн газрын амыг барьчих юм шиг асуудал сөрөг хүчний зүгээс яригдах боллоо. Энэ асуудал Бага хурлын үеэр яригдах уу?

-Хамтарсан Засгийн газар хэрэгтэй, боломжийн ажиллаж байна гэж ард олны дийлэнх нь үзэж байгаа шүү. Бид сүүлийн 20 орчим жил хэт улстөржиж, намаар талцан, бие биеэ үгүйсгэж, их ч цаг хугацаа алдсан. Одоо монголчууд хамтарч ажиллах цаг болсон. Хамтарснаар монголчууд л хожно. Нэг гарцаагүй үнэн зүйл бий. Тэр нь гадныхан ирж бидний аж амьдралыг дээшлүүлэхгүй, хөгжүүлэхгүй. Зарим хүн МАХН, АН үгсэж байгаа мэтээр ярьж, бичдэг боллоо. МАХН, АН хоёр нэгдэхгүй, харин ард олныхоо, улс орныхоо эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллах ёстой гэсэн зарчмыг бид баримталж байгаа. Бусад намуудтай ч, олон нийтийн болон ТББ-уудтай ч хамтран ажиллана. Бидний үүд хаалга нээлттэй.

-Ардчилсан хүчний холбооноос хамтарсан Засгийн газрын хоёр ч сайдыг огцруулах асуудлыг хөндсөн. Тэр хоёр сайдын нэг нь танай намын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдорж. Түүнийг огцрох үндэслэлтэй эсэхийг Бага хурлаар хэлэлцэх үү?

-С.Ламбаа, Ц.Нямдорж нарыг огцруулах саналыг зарим хүн гаргаж, бичиж байгаа гэсэн. Хэн ч, ямар ч санал гаргаж болох нийгэмд бид амьдарч байна. МАХН-ын Бага хурлын хуралдаанаар Ц.Нямдорж сайдыг огцруулах гэсэн хүмүүсийн саналыг хэлэлцэхгүй.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх, пропорциональ системээр сонгууль явуулахыг олон нийт дэмжиж байгаа. Гэтэл УИХ дахь МАХНын бүлгийн олон гишүүн сонгуулийн системд өөрчлөлт оруулахын эсрэг байгаа талаар УИХ дахь танай намын бүлгийн дэд дарга Д.Дондог манай сурвалжлагчтай ярилцахдаа дурдсан байна лээ. Энэ асуудлыг хэлэлцэх болов уу?

-Сонгуулийн системийг өөрчлөх талаар УИХ дахь МАХН-ын бүлэг Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. “МАХН – XXI зуун” шинэчлэлийн хөтөлбөрт энэ асуудал тусгагдаж, судалгаа хийсэн. Ойрын үед МАХН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж улс төрийн дүгнэлт, шийдвэр гаргаж УИХ дахь МАХН-ын бүлэгтээ чиглэл өгч таарна. Сонгууль явуулах системийн талаар УИХ дахь МАХН-ын бүлэг ингэж байна гэж онцлоод байх нь юу юм бэ. УИХ-ын 76 гишүүн сонгуулийн янз бүрийн хувилбартай, саналтай байгаа нь мэдээж. Сайн шүүж хэлэлцэх ёстой. МАХН-ын Бага хурлын ээлжит хуралдаанаар ярилцах зүйлийн нэг нь Сонгуулийн тогтолцооны асуудал байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.