Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Сэдванчиг: Х.Баттулгын санаачилсан ажлыг Засгийн газар явуулдаггүй байсан юм билээ

Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд АН-аас гарын үсэг зурсан хүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг юм. Түүний байр суурийг сонирхлоо.

-Ноцтой зөрчөөгүй л бол дараагийн сонгууль хүртэл хүчин төгөлдөр байна гэж тохироод хоёр нам Гэрээ байгуулсан. Гэтэл хугацаанаасаа өмнө Засгийн газраас гарахаа АН-ын удирдлага мэдэгдлээ. Гэрээг баталгаажуулсан хүний хувьд Та ямар бодолтой байна вэ. Энэ талаар байр сууриа илэрхийлээгүй шиг санагдаж байна.

-УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн төлөөлөл болж уг гэрээнд миний бие гарын үсэг зурсан. Тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн. Хоёр нам хамтарсан бол үр дүн нь хоёр дахин илүү байх ёстой. Гэвч тэр хэмжээнд хүртэл ажиллаж чадаагүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж ирсэн хүний нэг нь би. Нэг сайдыг нь огцруулах бичиг хүртэл өргөн барьсан. Манай намын сайд нар, ялангуяа Х.Баттулгын санаачилсан ажлыг МАН-ын сайд нар зориудаар явуулдаггүй байсан юм билээ. Намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд засгаас гарах мэдэгдэл хийсэн. Н.Алтанхуяг намаа төлөөлөх эрхтэй учраас түүнийг буруутгах үндэслэл байхгүй. Засгийн газраас гарах нь анхнаасаа тодорхой байсан. Харин ч намын дарга ийм шийдвэрийг бие даан гаргасан нь онолоо.

-ҮЗХ-ны хурлаар намын даргаа огцруулна гэсэн зүйл дуулдаад байгаа?

-Засгийн газраас гарах намын даргын мэдэгдлийг олонхийн саналаар дэмжсэн албан ёсны шийдвэр гаргана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Асуудлыг зөвхөн дүрмийн хүрээнд хэлэлцэх учраас Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудал яригдахгүй. Сонгуулийн өмнө Их хурлыг зарлахгүй байх. Цаг хугацааны хувьд тийм боломж үлдээгүй. Дараагийн сонгуульдаа амжилттай оролцох нь АН-ын гол зорилго. Сонгуулийн үр дүнгээр даргын асуудал шийдэгдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Өнөөдрийг хүртэл хамтарч ажилласан хоёр нам шатахуун, ам.долларын ханшийг хүртэл улстөржүүлж байгаа нь зохисгүй биш үү?

-Монголбанк валютын хангалттай нөөцтэй. Төгрөгийн ханш чангарна, валютаар “хахаж” байна гэж Л.Пүрэвдорж байнга ярьдаг. Гэтэл одоо огт өөр зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Нүүрс, зэс, алт зэрэг бүтээгдэхүүний экспортын орлогыг хянаж чаддаггүй гэдгээ Монголбанкны удирдлага хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас дотоодын зах зээлд валютын нийлүүлэлт хангалттай хийж чадахгүй байна. Шатахууны үнэ өссөн нь үүнтэй шууд холбоотой.

Нэг кг мах 7000 төгрөгт хүрлээ. Нөөцийн мах хангалттай юм бол үнэ яагаад өсөөд байна вэ. Бас л хууль бус, далд бизнестэй холбоотой. Нөөцөлсөн махны кг тутамд 650 төгрөгийн урамшуулал олгодог. Үүнийг зарим хүн ашиглаж байна. Зах зээлд нөөцийн мах нийлүүлсэн гэсэн хуурамч баримтаар энэ урамшууллын мөнгийг завшиж, залилан хийж байгааг үгүйсгэхгүй. Мах, валютын нийлүүлэлтийг бодитойгоор хийж чадсан бол өнөөдөр үнэ өсөхгүй байх байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.