Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.НЯМДОРЖ: ЭРҮҮГИЙН ХУУЛИАР “ЦООРСОН” ХУУЛЬЧ ГАРЧ ИРЭЭГҮЙ БАЙНА

Эрүүгийн хэмээх том хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүн Ш.Сайхансамбуу өргөн барьсан тухай өнгөрсөн жил шуугиад авсан. Мэргэжлийн хуульч нар хүртэл халгаад байхад “Нарантуул”-ын босс гишүүн түүнийг бариад авсныг хачир, инээд болгон бичсэн билээ. Үнэндээ Ш.Сайхансамбуу гишүүн ганцаараа сууж байгаад эрүүгийн ертөнцийг зохицуулдаг том хуулийн төслийг боловсруулчихааг үй гэнэ. Тэрбээр мэргэжлийн хуульч, судлаачдын баг хөлсөлж төсөл боловсруулснаа дараа нь тайлбарлаж гайхсан хүмүүсийн санааг “амраасан”.

Тэгвэл уг төслийг шинэчилсэн найруулга болгон өргөжүүлж, Ж.Сүхбаатар тэргүүтэй өөр 10 гишүүн гарын үсгээ зурсан байна. Үүнийг хэлэлцэх эсэхийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор ярив. Эрүүгийн хуулийг 2002 онд баталснаас хойш жижиг “засвар” хийж байсныг эс тооцвол хөндөөгүй юм байна. 11 жилийн хугацаанд шинэ шинэ гэмт хэрэг бий болж, зохицуулах, өөрчлөх заалт олон болжээ. Ядарсан эмэгтэй 1500 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан түүхээс хойш Эрүүгийн хуулийн энэрэлгүй, уян хатан бишийг хүний эрхийн байгууллагууд ч, хэвлэлийнхэн ч шүүмжилсэн.

Ер нь манай ул сад гардаг гэмт хэргийн 49 хувийг хулгай эзэлдэг аж. Дээрх шиг тохиолдолд уян хатан хандаж, энэ мэт хэрэгт ялгаатай байх, нийгэмд хор хохирол багатай хэрэг үйлдсэн хүний ялыг нөхөн төлбөр төлөх байдлаар дүйцүүлэх гэх мэтээр ялын бодлогыг өөрчлөх олон заалт тусгасан юм байна. Байнгын хорооны гишүүд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэхээсээ хэлбэр талаас нь анхаарав. “Эрүүгийн хуулийг бүхэлд нь өөрчилж байсан туршлага манайд байхгүй, тиймээс энэ бол газар хөдлөлт л гэсэн үг” хэмээн Р.Гончигдорж зүйрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахыг эрс эсэргүүцэв. Төсөл санаачилсан 11 хүнийг төлөөлж Ж.Сүх баатар л иржээ.

Ийм том хуулийг дуртай гишүүн нь өөрчлөх эрхтэй юү, ер нь ялын бодлогод шинэчлэл хэрэгтэй юм уу, тийм бол энэ төслөөс “шүүх” заалт юу вэ, буцаах хэрэгтэй гэх мэтээр гишүүд байр сууриа илэрхийллээ. Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын хуульч, олон жил төр түшсэн голдуу гишүүн харьяалагддаг. Д.Лүндээжанцан “Энэ төслийг өргөн бариад удсан. Хууль санаачлагч нар нь ч бас асуултад хариулахаас халшраад ирээгүй биз. Хэцүү хууль, тиймээс шууд л үгүйсгэлгүйгээр тал талаас нь сайн ярья. УИХ-ын даргын захирамжаар том ажлын хэсэг байгуулаад ажиллая” гэлээ. Шаардлагатай заалтуудыг нь тусгаад хэлэлцэх хэрэгтэй хэмээн Р.Гончигдорж хэлэв. Захирамж гаргаад Ажлын хэсэг байгуулж болно гэдгээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэллээ. Ц.Нямдорж “2002 онд Монгол Улсад байгаа энэ талаар мэдэж болзошгүй хүн бүр оролцож уг хуулийг боловсруулсан юм. Одоо яах гээд байгаа юм. Энэ төсөлд чинь онцгой өөрчлөлт алга.

Одоо хүртэл Монголд Эрүүгийн хуулиар “цоорсон” хуульч гарч ирээгүй байна. Энэ хуулийг олон улсын дундаж жишгээр хийсэн. Зэвсэг, хар тамхи, хүний наймаа гээд шинээр гарч ирсэн бүх гэмт хэргийг зохицуулах заалт Эрүүгийн хуульд бий. Эрүүгийн хуулиар хэргээ шийдүүлсэн хүмүүсийн 50 хувь нь хождог, 50 хувь нь хожигддог. Хожигдсон нь гомдол гаргадаг. Хожих, хожигдох зарчмаар хийдэг онцлогтой хууль. Үүний алтан дунджийг олох хэцүү. 2008 онд уг хуульд томоохон өөрчлөлт оруулсан. 2002 онд Эрүүгийн хуулийг баталсны дараа хэдэн сарын турш баахан сургалт зохион байгуулсан. Одоо арай гэж систем тогтож байхад дахин өөрчлөх гэх юм. Тэгээд ч уг хуульд өөрчлөлт оруулах сургаар ял эдэлж байгаа хүмүүс тайван биш болчихдог” гэлээ. Хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулийг тэрбээр “хангалттай” гэж үзэж буй аж. Шинэчилсэн найруулга гэдэг үгэн дээр л олон гишүүн эмзэглэн, халширчээ.

Төсөл санаачлагчдаа төлөөлсөн Ж.Сүхбаатар төрийн байгууллагаас хэрэгжилт нь эхлэх учир хуулийг өөрчилж болно, шаардлагатай бол том Ажлын хэсэг байгуулахыг дэмжинэ, харин буцаах эсэх тухайд бусадтайгаа ярилцах хэрэгтэй гэлээ. Эрүүгийн хуулийн (төрөлжсөн) хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад Ж.Сүхбаатараас бусад нь дэмжсэнгүй. Хэцүү хууль гээд бүр ор хиж байгаа юм биш гэдгээ хэлээд, Байнгын хорооноос тогтоол гаргаж, хэдий хугацаанд дахин боловсруулж оруулж ирэхийг зааж өгөөд хаврын чуулганаар хэлэлцье хэмээн тэд санал нэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.