Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар нарын маргаан Байнгын хороон дээр үргэлжлэв

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт дахь асуулт, мэдээллийг дотор нь задалж, нарийвчлахаар төсөл боловсруулжээ. УИХ-аас 2007 онд баталсан хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөх маягт дахь асуултыг ойлгохгүйгээс буруу бөглөснөө Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр төрийн зарим албан хаагч учирлаж байсан. “Барилга, байгууламж” гэсэн хэсэгт нь орон сууц, зуслангийн байшингаа бичих үү, эсвэл бүр үйлчилгээний том объектыг хэлэх юм уу гэх мэтээр будилснаа тэд ярьж байсан билээ. Төрийн хэдэн албан хаагчийг дуудаж, дээрх сонсгол дээр алдаа, оноог нь сонссон. Үүний үр дүнд Х.Жекей гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг маягтыг шинэчлэх тухай тогтоолын төсөл боловсруулсныг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэв.

Мэдээллийг хэт нарийвчилснаар төрийн албан хаагчид улам л будилна гэж цөөнгүй гишүүн үзэж байлаа. Ц.МөнхОргил “Одоо байгаа маягтыг бөглөхдөө л будилаад байгаа юм чинь илүү нарийвчилбал бүр төвөгтэй болно. Тиймээс энгийн байсан нь зөв. Мөн шаардлагатай гэвэл хашилтад тайлбар, жишээ оруулж өгөх саналтай байна” гэлээ. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг төрийн албан хаагчдаас авч, хянадаг АТГ-ыг харин хэн хянах тухай яриа энэ үеэр гарлаа. “Манаачийг манахын тулд хэвлэл, мэдээллээр АТГ-ын 100 орчим албан хаагчийн мэдүүлгийг ил зарлаж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлье” гэсэн санал гишүүд гаргав. АТГ зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлэг авдаг, түүнийгээ хянаж, алдааг нь залруулахаар ажилладаг байгууллага л болчихлоо хэмээн Д.Одбаяр шүүмжлэв.

Хоорондоо “дайн” зарлаад байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гишүүн Ж.Сүхбаатар нарын маргаан Байнгын хороон дээр бас үргэлжиллээ. АТГ, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор зохион байгуулсан нээлттэй сонсголтой уг маргаан холбогдов. Ж.Сүхбаатар гишүүн “Нээлттэй сонсгол зохион байгуулснаас хойш Ц.Нямдорж сайд надад дургүйцлээ илэрхийлэх болсон” хэмээн ярьж байтал нь эрхэм сайд танхимд орж ирж таарчээ. Тэгээд нээлттэй сонсгол хийж, хүмүүсийг шалган байцаах нь хууль бус гэсэн утгатай хариу хэлэв. Ж.Сүхбаатар “Та Хууль зүй, дотоод хэргийн сайд байж золбин юм ярилаа” хэмээн уурсав. Бас “Нээлттэй сонсголд Ц.Ням дорж сайд их бухимдаж байгаа. Юунд тэгтэл зэвүүцдэг юм бэ. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт ойлгомжгүй байгааг энэ сонсголын ачаар л мэдэж авсан. Үр дүн нь энэ. Харин ч Байнгын хорооны ажлыг сайжруулахад сонсгол чиглэсэн” гэлээ. Тогтоолын төслийг хэлэлцэхийг олонх дэмжив.

С.Туул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.