Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.БАТЧУЛУУН: НҮБ-ЫН ТАНХИМД ТОГЛОХДОО Ч ИНГЭЖ САНДАРСАНГҮЙ

 “Морин хуур” чуулгын удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулууны уран бүтээлийн цуврал цомгийн нээлт өнгөрсөн даваа гаригт Улсын Филармонийн концертын танхимд боллоо. Урлагт 40 гаруй жил зүтгэж буй энэ эрхмийн бүтээлүүдээс дээжлэн шавь нар нь цуврал цомог гаргасан байна. “Саруул тал” нэртэй цомогт өөрийнх нь хуурдсан, алтан фондод хадгалагдаж байгаа “Эрдэнэ засгийн унага”, “Хэен хуар” зэрэг бүтээл багтсан бол нөгөө цомогт түүний удирдсан “Цагаан суварга-2”, “Нутаг минь, хүлэг минь”, “Их тэнгэрийн ивээл” зэрэг бүтээл оржээ.

Цомгийн баярыг нээж, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров “Ц.Батчулуун бол XX зууны алдарт хуурч Г.Жамъян гуайн шавь гэдгийг хэн хүнгүй мэднэ. Найз минь “Морин хуур чуулга”-ыг үүсгэн байгуулж, өдий зэрэгт хүргэх гэж зүтгээгүй бол олон бүтээл туурвисан мундаг эрдэмтэн байх байсан” хэмээн онцолсон юм. “Морин хуур” чуулгыг байгуулж, ерөнхий удирдаачаар ажилласан цагаасаа хойш хуур хөгжмөө бариагүй гэх ардын жүжигчин Ц.Батчулуун хүндэтгэлийн тоглолтыг “Мандал Жуужаа” ардын дууг хуурдан эхлүүлсэн.

Цаг хэртэй үргэлжилсэн хүндэтгэлийн тоглолтод “Морин хуур” чуулгынхан дэлхийн сонгодог бүтээлээс дээжлэн багшдаа хүндэтгэл үзүүлсэн юм. Тоглолтын төгсгөлд хос цомгийн эзэн “Гайхамшигт хуурынхаа хөг аялгуугаар дэлхийн дэвжээн дээр уулзан золгоцгооё” гэдэг ерөөл өргөн “Нутаг минь хүлэг минь” бүтээлээр өндөрлүүлсэн. Хүндэтгэлийн тоглолтын дараа ардын жүжигчин Ц.Батчулуунтай цөөн хором ярилцлаа.

-Урлагт 40 гаруй жил зүтгэсэн хэрнээ анхны цомгоо гаргаж байгаа гэхээр сонин санагдлаа?

-Шавь нар маань санаачлаагүй бол би цомог гаргахгүй байсан байж ч магадгүй. Тэднийг энэ тухай анх хэлэхэд “Та нар өөрсдөө хийе гэж байгаа бол надад ямар хамаа байх вэ” гэсэн. Учир нь энэ бол Ц.Батчулуун гэдэг хүний уран бүтээл гэхээсээ илүү Монголын хөгжмийн урлагт өв болон үлдэх юм. Шавь нар маань ми ний тоглосон болон удирдан тоглуулсан бүтээлүүдийг эмхтгэн хоёр цомог болголоо.

-Та алдарт хуурч Г.Жамъян гуайн гарын шавь. Гэтэл сая таныг 20 жилийн дараа хуур тоглож байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Үнэн, хуур барилгүй удчихаж. 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдсанаас хойш хүн загнадаг ажил хийж байснаа сая л анзаарлаа. Хөгжимчин хүн нэг өдөр давтахгүй бол өөрт мэдэгдэнэ, хоёр өдөр давтахгүй бол хажуугийн хүндээ анзаарагдана гэдэг болохоор цаашид хуур хөгжмөөсөө холдож болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Өнгөрсөн аравдугаар сард НҮБ-ын хүндэтгэлийн танхимд тоглохдоо ч ингэж сандраагүй.

Б.МАНДУХАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.