Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цахимаар золгоё

Шог зургийг С.ЦОГТБАЯР

Цахимаар золгох уриалга, давлагаа төрийн болон төрийн бус байгууллагууд гаргаж эхэллээ. Энэ уриалгыг монголчууд дэмжиж, биелүүлэх хэрэгтэй. Коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өчигдөр 47, өмнөх өдөр нь 50 хүн коронавирусийн халдвар авчээ. Аюулт өвчний харанга улам чанга дэлдсээр байна. Коронавирусийн тархалтыг хумих гол арга бол олон хүн нэг дор цуглуулахгүй, хүмүүсийг хооронд нь уулзуулахгүй байх, халдвар авсан нэгнээ тусгаарлах гэдгийг хэн хүнгүй мэддэг болсон. Хатуу хөл хорио тогтоохоор хүмүүс халдвар авах нь багасаад, харин сулруулахаар ихсээд байгааг анзаарсан уу. Тэгэхээр хөл хорио тогтоох нь халдварын голомтыг хумьж авах гол арга билээ. Мэдээжийн хэрэг хатуу хөл хориог байнга тогтоох нь эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хохиролтой. Удаан хугацаанд хөл хорио тогтоовол иргэд орлогогүй болж, ядуурах эрсдэлтэй юм.

Зарим айл их хэмжээний бууз, банш хийж, зах, худалдааны төвүүдээр явж бэлэг цуглуулж байна гэнэ. Цагаан сарыг “эрх чөлөө”-тэй тэмдэглэхээр шийдчихэж. Бэлэг сэлтээ зэхсэн хүмүүс ганган дээл хувцсаа өмсөөд айл хэсэж өгнө л гэж бодож байна уу. Гэрээсээ гараад тэнэж яваад торгуулна, коронавирусийн халдвар авах аюул араас тань ойртож байгаа гэдгийг ухаар.

Засгийн газраас Цагаан сарын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ихсээд буй халдварын голомтуудыг хумих гэж байна. Энэ хатуу хөл хорио хоёр зорилго агуулсныг ойлгох хэрэгтэй. Эхний зорилго нь өмнө дурдсанчлан халдварын голомтуудыг хумих юм. Удаах нь олон хүн уулзуулахгүй байх зорилгыг агуулжээ. Монгол түмний уламжлалт Цагаан сар бол айл хотол, ахан дүүсээрээ учран золгож, амар мэндээ мэддэг заншилтай баяр. Коронавирусийн халдвар тусахгүйн тулд хүнтэй уулзахаас зайлсхийх хэрэгтэй. Тэгвэл учран ирж буй Цагаан сар танаас ахан дүүс, хамаатан садантайгаа уулзан золгохыг “шаардана”.

Таныг Засгийн газар Цагаан сар тэмдэглэхийг хориглосон. Мөн айл хэсүүлэхгүйн тулд хөл хорио тогтоож байна. Энэ бол таныг цагдан хорьж, эрхийг чинь хасаж буй хэрэг биш. Харин эрүүл мэндийг тань хамгаалахын тулд зайлшгүй арга хэмжээ авч байгаа хэрэг юм. Улсын онцгой комиссоос Цагаан сар тэмдэглэж айл хэсэж буй хүнийг 500 мянга, албан байгууллагыг таван сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хэрэв төрийн шийдвэрийг дагахгүй, сөрж Цагаан сар тэмдэглэж айл хэсвэл та торгуулах нь байна. Энэ бол таныг айлгах, хариуцлага тооцох захиргааны арга хэмжээ. Нийгмийн нэг хэсэг болж амьдарч байгаа бол та бусдын өмнө хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ монголчууд гэрээсээ гарч гүйгээд, хулгайн замаар айл хэсээд байх ухамсар дорой хүмүүс биш байлгүй.

Цагаан сараа гэр бүлээрээ, айл хэсэхгүйгээр тэмдэглэхийг хориогүй. Гэртээ идээ будаагаа засаад, өөр хоорондоо золгоод баяраа тэмдэглэж болно. Харин гэрээсээ гарч, айл хэсэж болохгүй. Цагаан сар бол монголчуудын сэтгэл зүрхэнд шингэсэн бэлгэдэлт баяр. Хэрэв шинийн нэгний өдөр настай аав, ээж, ах, эгчийнхээ амар мэндийг эрэхгүй бол санаа тань амрахгүй байвал цахимаар золгохыг санал болгоё. Гар утас, интернэтийн сүлжээ нэвтэрсэн бүх газраас хүмүүс нийгмийн сүлжээ, харилцааны программуудаар холбогдох боломжбүрдсэн. Тиймээс та цахимаар золгоорой. Цахимаар холбогдож, нүүр нүүрээ харж ярилцан ахмадуудынхаа амар мэндийг эрээрэй гэж зөвлөе. Уулзахгүй учраас танд коронавирусийн халдвар авах ямар ч эрсдэл байхгүй. Цахимаар харилцах нь “Ковид-19”-өөс сэргийлээд, ахмадуудынхаа мэндийг мэдэх давуу талтай. Ялангуяа Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд амьдарч байгаа хүмүүс цахимаар золгочих хэрэгтэй.

Заавал биеэрээ очиж золгоно гэж муйхарлаад хэрэггүй. Коронавирусийн халдвар тусах хамгийн эрсдэл өндөртэй бүлэг бол ахмадууд. Байгалийн жамаар хүч чадал, тамир тэнхээ нь барагдаж буй тэдний дархлаа буурсан байгаа. Тиймээс коронавирусийн халдварт маш амархан өртөнө гэсэн үг. Нэгэнт биеийн эсэргүүцэл суларсан тэд аюулт өвчин тусвал эдгэх гэж удна. Үүгээр зогсохгүй амь насанд нь аюул учруулж мэднэ. Ахмад настнаа хүндлэх гэж очоод вирус халдаачихвал нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болно. Тэгэхээр хэт ёсорхог зангаа хойш тавьж, ахмадуудынхаа амар мэндийг цахимаар эрэн, тэднийгээ хайрлаарай.

Үндэсний бөхийн холбооноос Цагаан сарын баярт зориулан 128 бөхийн барилдаан зохион байгуулах санал гаргав. Бөхчүүдийг коронавирусийн шинжилгээнд хамруулаад, үзэгчгүйгээр барилдуулах гэнэ. Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байхад буюу өнгөрсөн жилийн Цагаан сараар ийм санал гаргаагүй Үндэсний бөхийн холбооныхон юу болсон юм бол гэмээр л байлаа. Улсын онцгой комиссоос үүнийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдмэгц Говь-Алтай аймагт зохион байгуулах санал гаргасан. Бөхийн хорхойтнууд олон нийтийн сүлжээгээр дэмжсэн сэтгэгдэл хөврүүлээд сүйд. Тэд хорхойгоо дарах гээд ухааны жолоо алга. Нэг л алдаа гаргавал 128 бөх, засуул, гарын даа, хөлийн цэц гээд 200 орчим хүн өвчин тусна. Тиймээс болгоомжлох хэрэгтэй. Улсын онцгой комиссоос хориглосон шийдвэр гаргасан нь зөв болсон. Олон хүн цугларах зохион байгуулалт яавч хийж болохгүй.

Зарим айл их хэмжээний бууз, банш хийж, зах, худалдааны төвүүдээр явж бэлэг цуглуулж байна гэнэ. Цагаан сарыг “эрх чөлөө”-тэй тэмдэглэхээр шийдчихэж. Бэлэг сэлтээ зэхсэн хүмүүс ганган дээл хувцсаа өмсөөд айл хэсэж өгнө л гэж бодож байна уу. Гэрээсээ гараад тэнэж яваад торгуулна, коронавирусийн халдвар авах аюул араас тань ойртож байгаа гэдгийг ухаар. Хамгийн гол нь таны хөлийг хориод байгаа хэрэг биш, эрүүл мэндийг тань хамгаалж байна гэдгийг сана.

Цагаан сарын битүүний орой идээ будаагаа засаж, гэр хогшлоо цэвэрлээд, шинэ дээл хувцсаа зэхэхийн зуур бөхийн барилдааны гурвын давааны цол дуудахыг сонсон, маргааш түүнийдээ, үүнийдээ очно гэж ярилцан суух ай сайхан. Аюулт өвчнийг “дарсан”-ы дараа тэр сайхан цаг дахин ирэх нь гарцаагүй. Харин одоо хүн бүр тэвчээртэй, хянамгай байж аюулт өвчнөөс өөрийгөө, бусдыгаа хамгаалах нь чухал байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.