Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цар тахлаар халхавчилсан хяналтгүй тендер

Цар тахлын улмаас улс орнууд хөл хорио тогтоож, боловсрол, үзвэр үйлчилгээний зэрэг олон салбарын үйл ажиллагааг хумьсан. Үүний нэг нь Монгол Улс. Гэвч манай улс коронавирусээр түрээ барьж, бүх зүйлд хэт туйлшрах хандлага гаргах болсоор удав. Тодруулбал, хүний эрхийг зөрчих, гадаад, дотоодын хандив тусламжийг хяналтгүй зарцуулах, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудалд хаалттай, ил тод бусаар хандаж ирлээ. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, БНХАУ-ын буцалтгүй тусламж, Японы Засгийн газрын зэрэг их наядаар тоологдох зээл, тусламжийг манай улс авсан. Үүний зэрэгцээ дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдээс ч багагүй хандив авсан билээ. Мөнгөн болон мөнгөн бус хандивыг ард иргэд сайхан сэтгэлийн үүднээс Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Малчид хүртэл хэдэн зуугаар нь хонь хандивласныг бид санаж буй. Гэвч энэ бүхний зарцуулалт тодорхой биш, нэгдсэн мэдээлэлгүй байна. Хандив тусламжийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан, эсэх нь тодорхойгүй байхад төрийн бүх шатны байгууллагын тендер шалгаруулах үйл ажиллагаа ч асуудал дагууллаа.

Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ) N95 стандартын 20 000 амны хаалт нийлүүлэх тендер сонгон шалгаруулсан. Ингэхдээ 400 сая төгрөгийн өртөг бүхий худалдан авах ажиллагааны мэдээллээ энэ сарын 5-ны баасан гарагт цахим хуудсандаа байршуулж, материал хүлээн авах хугацааг гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 8-нд гэж заажээ. Өөрөөр хэлбэл, материал хүлээн авах хугацааг амралтын хоёр хоногтой нийлээд гурван өдөрт багтаахаар төлөвлөсөн байна. Амны нэг ширхэг хаалтыг 20 000 төгрөг гэж тооцоолжээ. Олон улсын зах зээлд N95 стандартын амны хаалт ойролцоогоор гурван ам.долларын үнэтэй аж. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үзэж, тендерийг ЭМЯ-нд буцаахыг НЭМГ-т даалгасан юм. Үүгээр зогсохгүй цар тахлын үед хийсэн төрийн бүх шатны байгууллагын худалдан авах ажиллагааг хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн. Үүний дагуу тендертэй холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж буй, эсэхийг тодруулах гэсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Ганц энэ жишээ ч биш, цар тахлын үед зохион байгуулсан тендер шалгаруулах үйл ажиллагаа тавдугаар сарын 14-нөөс хойш хяналтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1-т “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараах нөхцөлд хэрэглэж болно” гэж заажээ. Энэ нь гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үе гэж тодотгожээ. Уг заалтад өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд нэмэлт оруулжээ. Бүр тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө ийм өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийн заалтын дагуу бол хөл хорио тогтоосон үед тендер зарлахгүй, шууд худалдан авч болно гэсэн үг. Хуулийн 34.1-т заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх юм байна. Тендерийн үйл явцыг Сангийн яам хянаж, хуульд нийцсэн, эсэхийг дүгнэх ёстой. Энэ талаар хуульч Л.Галбаатар “Бэлэн байдлын зэрэгт шилжсэн гэдэг нь аль зэрэгт байхаас үл хамаарч байгаа юм. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг өнгөрсөн тавдугаар сарын 14-нөөс өөрчилсөн. Тодруулбал, өдөр тутам, өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж гурав ангилсан. Тэгэхээр тендерийн хуулийн заалт нь уг гурван зэргийг бүгдийг хамарч байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нөөс хойш шууд худалдан авалт хийж, ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр тендер явуулж байна гэсэн үг. Уг нь бол хамгийн хүнд зэрэгт шилжсэн үедээ шууд худалдан авахыг зөвшөөрсөн бол туйлшрахгүй байв. Ингэж хэтэрхий өргөн хүрээг хамруулах хэрэг байв уу” хэмээсэн юм. Түүний хэлснээр нэн шаардлагатай үед л шууд худалдан авах ажиллагааг зөвшөөрсөн бол ашиг сонирхлын зөрчил бага гарах байв. Тендер сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар явуулах боломж бий. Гэтэл туйлширснаас болж нэг хэсэгт нь давуу тал олгож, хүссэн үедээ сонгон шалгаруулалт зарлаж, дуртай компаниа сонгож байгаа нь хэт өрөөсгөл. Хэдийгээр цар тахлын үед тендер сонгон шалгаруулах ажлыг 30 хоног зарлах нь хугацаа алдах талтай ч төрийн бүх шатны байгууллага “Ковид-19”-өөр халхавчлан өнгөрсөн тавдугаар сараас хойш төсвийн хөрөнгийг дураараа зарцуулж буйд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Манай улсад коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон үеэс эхлэн хандив тусламж, тендер сонгон шалгаруулах ажилд хөндлөнгийн хяналт тавьж, иргэдэд мэдээлэл хүргэж ирсэн нь “Захиргааны шинэ санаачилга” ТББ юм. Тус байгууллагынхан Коронавируст халдвар цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ГХЯ, ЦЕГ-ын удирдлагад мэдээлэл тайлбар авах албан хүсэлт удаа дараа илгээжээ. Тухайн байгууллагууд орлогын мэдээллээ шилэн дансандаа байрлуулдаг ч зарцуулалт нь хоорондоо зөрүүтэй, бүрэн бус байдаг аж. Өнгөрсөн оны 10-12 дугаар сард ЭМЯ-наас “Ковид-19” цар тахалтай холбоотой нийт 64.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий найман удаагийн худалдан авалтын тендер зарласан байна. Ингэхдээ “Гэрээ шууд байгуулах арга”-аар худалдан авах ажиллагаа явуулж, 33.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 13 гэрээ байгуулжээ. Мөн “Харьцуулалтын арга”-аар нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 26 гэрээ байгуулжээ. Тодруулбал, “Гэрээ шууд байгуулах арга”-ын дагуу нийт долоон компанитай гэрээ байгуулсан байна. Үүнд “Мөнхийн тун” компанитай 27.6, “Энхийн шүүдэр” 2.9, “Голден мед” 1.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Биосистемс” компани 700, “Космостек Монгол” 369, “Монгол фарм” 283, “Бүрэнхайрхан сервис”-тэй 281 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсныг “Захиргааны шинэ санаачилга” байгууллагынхан тайландаа дурджээ. Тус байгууллагын тэргүүн С.Цэрэнпүрэвээс зарим зүйлийг тодруулсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.