Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаа хүн буудсан нь тогтоогдсон ч хууль зөрчөөгүй гэв

Улсын ерөнхий прокурорын газраас 2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр хүний амь үрэгдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаараа өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэв. Уг мэдээлэлд “Хэргийн газрын үзлэг болон мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураагдсан хонгио, сумны хошуу нь галт зэвсгийн шинжээчийн дүгнэлтээр ЭХГ-ын эзэмшлийн буугаар буудагдсан нь тогтоогдсон.

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн 1000 орчим хүний 100 нь “Цагдаагийн ажилтнууд байлдааны зориулалттай гэрэлт сум хэрэглэсэн” гэж мэдүүлсэн. 2008 оны долдугаар сарын 1-2-нд шилжих шөнийн 01.35-02.00 цагийн хооронд дөрвөн хүн буудуулан нас барж, зургаан хүн шархадсан нь гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд шилжиж, ҮАБЗ-ийн хуралдаанаас энэ байдлыг тараах чиг үүргийг цагдаагийн байгууллагад даалгасан.

Уг хуралдаанд оролцсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод байлдааны галт зэвсэг хэрэглэхгүй байх үүрэг өгсөн бөгөөд тэрбээр НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригтод энэ үүргийг утсаар мэдэгдсэн байна. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа О.Зоригт нь эмх замбараагүй байдлыг тараах ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг газар, хэлтсийн дарга нарт өгсөн. Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Батсүх үүргийн дагуу АКМ маркийн бууг Эргүүл хамгаалалтын газрын VI тусгай тасгийн ажилтнуудад тэр үеэр тараажээ.

Улмаар цагдаагийнхан МУБИС, Улсын клиникийн төв эмнэлэг, Гадаад харилцааны яамны дэргэдэх автозамын уулзварын орчимд болсон эмх замбараагүй байдлыг тараах, үймээнд оролцогч нарыг баривчлах ажиллагааг явуулсан бөгөөд энэ үеэр тэд “Авеко” автомашинаар халхавч хийж, явган явж гэрэлт сумаар буудаж байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар тогтоогдсон. Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хянаад галт зэвсэг хэрэглэсэн гэх цагдаагийн ажилтнуудын үйлдэл нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан ”Цагдаагийн албан хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэж довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн” заалтын дагуу хэрэглэжээ.

Нийгмийн хэв журмыг хамгаалах явцдаа бусдын амь насыг хохироосон нь санаа зорилго, сэдэлтгүй байсан тул Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан бусдыг санаатай алсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нь “Хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүнд хор уршиг учирсан” гэмт хэрэг, НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга асан, хурандаа Ш.Батсүх нар “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт буй нотлох баримтуудаар тогтоогдсон.

Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгааг үндэслэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.