Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн алба хаагчдыг тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлүүлэхээр сургаж байна

Зүүн гар талаас Б.Саранчимэг, Б.Солонго, Б.Бүтэдмаа нар сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах, дадлага хийж буй нь

…Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд амаргүй. Тэр дундаа сонсголын, ярианы, тулгуур эрхтний бэрхшээлтэй бол өөрийгөө бүрэн илэрхийлж, дэмжлэг хүсэх, авах боломж хязгаарлагдмал. Нийгмийн харилцаанд орж, өөрт хэрэгтэй тусламж, мэдээллээ авахад нь хүндрэл учруулахгүйн тулд цагдаагийн алба хаагчид анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс манай байгууллагынхан 2015 оноос энэ чиглэлийн мэргэжилтэн сургаж эхэлсэн…

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.4 хувийг эзэлдэг. Тэдний 57 000 гаруй нь эрэгтэй, 47 000 орчим нь эмэгтэй бол үлдсэн нь хүүхэд. Хөгжлийн бэрхшээлийг олдмол, төрөлхийн гэж ангилдаг. 2017 онд олдмол бэрхшээл нь төрөлхийнхөөс илүү байсан бол сүүлийн жилүүдэд эсрэгээрээ болжээ. Жишээлбэл, Архангай аймагт энэ оны долдугаар сарын байдлаар төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 17.2 хувиар өссөн гэнэ. Тусгай хэрэгцээ бүхий эдгээр хүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Төрийн байгууллагынхан энэ чиглэлд дорвитой анхаарч, тэдэнтэй харилцах мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай ч энэ үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн. Улсын гэх тодотголтой эмнэлгүүдийн алинд нь ч харааны, сонсголын, хөдөлгөөний, сэтгэцийн, ярианы, бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ганцаараа очоод үзлэг, оношилгоонд хамрагдах боломж алга. Мөн гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч болсон тохиолдолд мэргэжлийн хэлмэрч хөлсөж, өөрийгөө төлөөлүүлэхээс өөр аргагүй болдог. Цагдаагийн байгууллагынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн ойлголцож, харилцдаг талаар сурвалжиллаа.

Манай улс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн ч үүнээс хоёр жилийн дараа л Цагдаагийн ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулжээ. Энгийн иргэдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүн гэмт хэргийн хохирогч, гэрч, холбогдогч болсон тохиолдолд дээрх хэлтсийнхэн хамгаалдаг юм байна. Ингэхдээ урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечлэн хамгаалах, мэдээллийн нууцлалыг хадгалах, тусгай хэрэгсэл болон техник олгох, аюулгүй газарт түр байрлуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж. Тус хэлтсийнхэн 2018 онд гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах 51 арга хэмжээ зохион байгуулж, 65 иргэнийг хамгаалалтад авсан байна. Урьдчилан сануулах 31, тодорхой үйлдлийг хязгаарлах гурав, биечлэн хамгаалах ес, мэдээллийн нууцлалыг хангах нэг, тусгай техник хэрэгслээр хангах дөрөв, аюулгүй газарт түр байрлуулах гурван арга хэмжээ авчээ. Харин өнгөрсөн онд 103 иргэнийг хамгаалсан бөгөөд долоо нь гэрч, 92 нь хохирогч, дөрөв нь хамаарал бүхий этгээд байсан гэнэ. Тэдний цөөнгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байж. Аюулгүй байдлыг нь хангах үүднээс энэ талаар олон нийтэд тэр бүр дэлгэдэггүйг цагдаагийн алба хаагчид хэлсэн.

Биднийг очиход дээрх хэлтсийн ажилтнууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн дохионы хэлний орчуулагч, багш Б.Саранчимэгтэй уулзаж байв. Тэрбээр цагдаагийн алба хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй яаж харилцах, сэтгэл зүйг нь хэрхэн тогтворжуулах талаар санал солилцохын зэрэгцээ дохионы хэл эзэмшсэн, эсэхийг нь шалгасан. Б.Саранчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүй тогтворгүй байдаг. Ялангуяа сонсголын болон ярианы бэрхшээлтэй хүмүүс өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй учир үүндээ бухимдаж, цагдаа төдийгүй асран хамгаалагчдадаа хүндрэл учруулдаг. Дохионы хэлээр овог, нэр, гэрийн хаягаа хэлэхэд цагдаагийн алба хаагчид түүнийг нь ойлгохгүй, хэл нэвтрэлцэхгүй нь олон. Асран хамгаалагчийг нь дуудахгүй л бол ойлголцдоггүй. Тиймээс сэтгэл зүйг нь тогтворжуулж, тэдэнтэй ярилцаж сурах нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхны эзэмшвэл зохих чадваруудын нэг. Ядаж л тухайн хүний овог, нэр, гэрийн хаяг, өөрт нь юу тохиолдсоныг дохионы хэлээр асууж чаддаг байх ёстой. Тэгж байж л тэдний эрхийг хамгаална” гэв.

Энэ бүхнээс үүдэлтэйгээр тусгай хэрэгцээт иргэд цагдаагийн байгууллагад санал гомдол, өргөдөл гаргасан тохиолдолд анхан шатны дэмжлэг үзүүлэх зорилгоор алба хаагчдыг сургаж эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Эрдэнэмөнх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд амаргүй. Тэр дундаа сонсголын, ярианы, тулгуур эрхтний бэрхшээлтэй бол өөрийгөө бүрэн илэрхийлж, дэмжлэг хүсэх, авах боломж хязгаарлагдмал. Нийгмийн харилцаанд орж, өөрт хэрэгтэй тусламж, мэдээллээ авахад нь хүндрэл учруулахгүйн тулд цагдаагийн алба хаагчид анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс манай байгууллагынхан 2015 оноос энэ чиглэлийн мэргэжилтэн сургаж эхэлсэн. Эхний жилүүдэд амжилттай болоогүй ч сүүлийн хоёр жил урагштай байгаа. Одоогоор нийслэлийн 17 алба, нэгж, газар, дүүрэг, хэлтсийн 30, орон нутгийн 25 алба хаагчийг сургалтад хамруулаад байна. Дохионы хэлний анхан шатны мэдлэгээс гадна сэтгэл зүйн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлэхийг заадаг. Тэр дундаа жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг түлхүү хамрууллаа” гэв.

Үүнээс гадна Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн сонсгол, харааны бэрхшээлтэй иргэд алба хаагчидтай дадлага, сургуулилалт хийдэг аж. Тэдний нэг нь Б.Бүтэдмаа. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Солонготой дадлага хийж байв. Б.Солонго хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах сургалтад хоёр ч удаа хамрагджээ. Тэд сурсан дохионы хэлээ давтаж, овог, нэр, нас, гэрийн хаяг зэрэг ерөнхий мэдээлэл солилцсоны дараа хохирогчид тохиолдсон асуудлаар мэдүүлэг авах сургуулилалт хийж байсан юм. Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлэг, тэр дундаа олон үгтэй өгүүлбэрийг зөв ойлгож байгаа, эсэхийг шалгах сорилт гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээл олон янз. Эдгээрээс сонсголын, ярианы, оюуны, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэнтэй харилцахад ихээхэн ур чадвар шаарддаг гэнэ. Тэд хүнд цочролд орсон тохиолдолд удаан тайвширдаг, сэтгэл зүй нь тогтворгүй байдаг. Тайвшруулахын тулд багадаа нэг, ихдээ дөрвөн цаг гаруйн хугацаа зарцуулдаг аж. Ингэсний эцэст мэдүүлэг авдаг юм байна. Мөн асран хамгаалагчийг нь байлцуулан гомдлыг хүлээн авахгүй бол сандрах, үзэл бодлоо бүрэн илэрхийлж чадахгүй байх, дутуу мэдүүлэг өгөх зэрэг бэрхшээл тулгардаг гэсэн. Тиймээс гэнэтийн аюул, осол, гэмт хэрэгт өртсөн тохиолдолд асран хамгаалагчийг дуудаж, тайвшруулах нь тэдний хувьд анхан шатны тусламж болдог. Цочирдсон хохирогчийг нэмж айлгахгүйн тулд намдуу ярих, биед нь хүрэхгүй байх нь чухал.

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийнхэн хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна энгийн иргэдийг халдлагад өртөхөөс хамгаалдаг учир ачаалал ихтэй ажилладаг. Өнгөрсөн онд хийсэн

“Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бий болгох асуудал” судалгааны тайланд “Жилд дунджаар 5432 шахам хохирогч, 16 мянга гаруй гэрчийг хамгаалах шаардлагатай. Харин хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 1200 шахам хохирогч, 3600 орчим гэрчийг хамгаалах хэрэгтэй болдог” гэж дурдсан байна. Үүнээс Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийнхний үүрэг, хариуцлага ямар чухал болох нь харагдана. Эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Солонго “Гэрч, хохирогчид ямар төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаас хамаараад нэг алба хаагч 3-4 хүнийг хамгаалдаг. Хэрэв биечлэн хамгаалахаар болбол 20-48 цаг харгалздаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд энэ төрлийн хамгаалалт үзүүлэхээр бол цаг, минут тутамд харгалзан, хамт хонож, цуг хооллодог гэсэн үг. Ингэхдээ асран хамгаалагчийг цуг байхыг шаардах нь цөөнгүй. Хөгжлийн бэрхшээлийн төрлөөс хамаарч хүмүүсийн харилцаа өөр өөр байдаг учир ийм шаардлага тавьдаг юм. Оюуны бэрхшээлтэй иргэн юм ярих нь битгий хэл, хүүхэд шиг сэтгэдэг учир харилцахад амаргүй. Харин сонсгол, ярианы бэрхшээлтэй иргэдтэй дохионы хэлээр харилцдаг, ойлголцоход арай хялбар. Гэхдээ ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос хамаарч сэтгэл зүй нь өөр өөр байдаг. Хүчирхийллийн болон, дээрмийн хэрэгт холбогдсон бол сэтгэл санаа нь их тогтворгүй байдаг юм билээ” гэв.

Тэдний дадлага, сургуулилалт дууссаны дараа Б.Саранчимэг багш, Б.Бүтэдмаа нар Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийг зорилоо. Б.Солонго өөрийн хариуцаж буй хохирогчийг хамгаалахаар явсан юм. Харин бид Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд очив. Эл төвийнхөн өнгөрсөн долоо хоногт орон нутгийн 10 гаруй алба хаагчийг энэ чиглэлийн сургалтад хамруулжээ. Дээрх төвийн дарга Н.Амарсанаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүндрэл, чирэгдэл учруулахгүйн тулд цагдаагийн байгууллагынхан сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байгаа. Алба хаагчдыг бэлтгээд зогсохгүй өөр бусад арга хэмжээ ч авч буй. Үүний нэг нь хөтөч нохой сургах. Бид хөтөч нохой сургах асуудлаар холбогдох албаныхантай ярилцаж, санал солилцож байна. Хараагүй, сонсголгүй, хэлгүй зорчигчдод замчлуулах зорилгоор тусгайлан сургасан хөтөч нохой үржүүлэх, сургах нь тийм ч амар биш. Багагүй хугацаа шаардлагатай. Энэ ажил одоо судалгааны шатандаа байгаа” гэв.

Ямартай ч хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч болсон тохиолдолд тэдэнд анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлэх алба хаагчдыг нийслэлд төдийгүй орон нутагт ч бэлтгэж эхлээд байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.