Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цаазаар авах нь хүсэх зүйл биш ч, түүнийг халах цаг нь болоогүй

Цаазаар авах ялыг халах алхам хийх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарган санаачилга олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй. Хүмүүсийн санал бодол уг асуудлын тухайд хоёр хуваагдаж байгаа. Манай сонины ажилтнууд энэ талаарх бодлоо уралдууллаа.
Санал солилцсон эл ярилц лагад. Рэнчинханд,Ш.Даваадорж, Б.Нацаг дорж, Д.Заяа бат, О.Тогоо нар оролцов.

Сэтгүүлч И.Рэнчинханд
И.Р: -Юуны урьд хийсэн хэрэгт нь тохирсон ял оноох нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна. Онц хэрцгий аргаар, хүний санаанд багтамгүй харгис хандаж, балчир насны хүүхэд, хөгшид зэрэг өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийг илтэд басамжилж доромжлон, үзэшгүй булай хэрэг үйлдсэн этгээдэд л цаазын ял оноож байгаа шүү дээ. Тийм болохоор ийм хүмүүст энэрэнгүй хандах гэх нь амь насаа алдагсдыг “хохь нь” гэсэнтэй адил болох биш үү. Харин цаазаар авах ял оноох заалт манай хуульд нэлээд түгээмэл байж мэдэх юм. Үүнийг эргэж харах нь зүйд нийцнэ.
Сэтгүүлч О.ТОГОО
О.Т: -Тэгэхлээр цаазаар авах ялыг хүчингүй болгох ёстой гэдэг үндэслэлийг зөвтгөх бас их хэцүү юм байна л даа. Гэмт хэрэгтнийг 20-30 жил хориод суллана гэдэг бол мэдээж болохгүй. Тийм хууль эрх зүйн үндэслэл байдаг эсэхийг мэдэхгүй юм. Хайртай, дотны хүнээ бусдын гарт харамсалтайгаар алдсан хүмүүс бүх насаараа сэтгэлийн зовлонд унана. Гэтэл тийм хэрэг үйлдсэн этгээд ердөө л цаазаар авахуулах хүртлээ шанална. Зүй нь тэр хүн сүүлчийн өдөр хүртэл хийсэн хэрэгтээ шаналж, тарчлах ёстой. Ихэнх нь бүх насаар нь хорихыг ял биш юм шиг үзээд байдаг. Судалгаанаас харахад олонх нь хорих өрөөндөө амиа хорлох оролдлого хийдэг. Зовлонгоосоо салах гэж тэр шүү дээ. Бүх насаар нь хорих гэдэг нь яг таарсан шийтгэл.
И.Р: -Цаазаар авах ялыг бүрмөсөн байхгүй болгох нь хүмүүсийг гэмт хэрэг рүү түлхэх нэг хүчин зүйл болж ч мэднэ. Хүний амь хохироосон гэмт хэргээс үүдсэн цусан өшөө авах, удам дамжсан хонзогнол бий болохоос сэргийлж, энэ айхтар асуудлыг иргэдээр өөрсдөөр нь шийдүүлчихгүйн тулд гэмтнийг цээрлүүлэх энэ онцгой үүргийг төр өөртөө хүлээж буй юм биш үү. Хэвлэлд зарим хүн ийн бичсэн байсантай санал нэг байна. О.Т: -Өс хонзон авах тухай ярьж байна. Ямар ч хүнд байдаг араншин. Гэхдээ нөгөө талаасаа шүүх алдаа гаргадаг. Манайд ямар тоо баримт байдгийг мэдэж чадсангүй. АНУ-д гэхэд 1900 оноос хойш 23 хүнийг хилсээр цаазалсан мэдээлэл байна. Энэ тохиолдолд миний эцгийг, ахыг, дүүг гэмгүй байхад нь төр хилсээр цаазалсан гэж мөн л өс хонзон санах явдал онолын хувьд гарч болно шүү дээ. Төрийн эсрэг ийм гомдол тээж явдаг хүмүүс бидний дунд явж байна гээд бод л доо. Тэд өсөө жинхэнэ маньяк маягаар жирийн хүмүүсээс авдаг. Цаазаар авах ял байхгүй бол ийм явдлаас сэргийлж болмоор санагдана. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон ч 30 гаруй жилийн дараа уг хэргийг хийгээгүй болох нь нотлогдсон тохиолдол бишгүй дээ л байна.
Сэтгүүлч Д.ЗАЯАБАТ
Д.З: -Би И.Рэнчинханд ахтай санал нэг байна. Цусан өшөө авна гэдэг бол зөвхөн лалын шашинт ард түмэнд л байдаг заншил биш бололтой юм. Монголчууд ч эртний ийм уламжлалтай, ер их өсөрхүү ард түмэн гэж судлаачид бичсэн байдаг. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд ч тодорхой гардаг. Есүхэй баатарыг хорлосон татаруудыг хасаг тэргэний дугуйтай чацуулан цаазалдаг. Гэмт хэрэгтнийг цаазлана гэдэг нь хохирогчийн өмнөөс төр өшөөг нь авч өгч байгаа хэрэг юм болов уу. Тэгвэл хохирсон иргэний өшөөг төр нь авч өгөхөө больчихоор яах бол. Магадгүй өнөөдөр, маргааш, энэ жил биш юм аа гэхэд боломж, нөхцөл нь таарвал талийгаачийнхаа өшөөг гэмт хэрэгтний хамсаатан, ах дүү, үр хүүхдээс авахыг үгүйсгэх аргагүй. Шүүх хурлаас харж байхад хохирогчид ”Амийг амиар нь солино” гэж мэдүүлдэг юм билээ. Түүнээс биш “Энэ хүнийг цаазласнаар тэр минь, энэ минь босоод ирэх биш” гэж хэлдэггүй юм билээ. Монголчуудын ухамсар, мэдлэг боловсрол ямар байгаа билээ. Тиймээс Ерөнхийлөгч арай эрт дуугарчихав уу даа.
И.Р: -Улстөрчид пиар гээч юмыг хийхийг ихэд эрмэлздэг. Цаазаар авах ял, үр хөндөх гэх мэт үр дагавар ихтэй, олны анхаарал их татдаг асуудлыг шийдэх гарцыг улстөрчид өөрийн нэр хүндийг өсгөх, олон түмнээс оноо үнэлгээ авах зорилгод ихээхэн ашигладаг. Ийм явдал хаа сайгүй гарч байдаг. Би хувьдаа Ерөнхийлөгчөө бас л ийм зорилгоор энэ санаачилгыг гаргачихав уу гэж хардаад байгаа.
Сэтгүүлч Ш.ДАВААДОРЖ
Ш.Д: -Би тантай санал нэг байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээлжит популист арга хэмжээний нэг нь цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн явдал. Нийгмийг хамгаалахын тулд цаазаар авах ял зайлшгүй байх ёстой юм биш үү. Цаазаар авах ялыг түдгэлзүүлснийгээ Ц.Элбэгдорж тайлбарлахдаа “… Тэнгэрлэг монгол хүн цаазлуулах ёсгүй…” энэ тэр гэж уран “донгодож” байгаа биз дээ. Долоо, найман настай охиныг хүчирхийлж, нэг айлын голомтыг тэр чигээр нь самарч, гэр бүлийнхнийг нь хүйс тэмтэрчихэж байгаа тэдгээр садист, маньяк, алуурчдыг “тэнгэрлэг монгол хүн” гэж Ц.Элбэгдоржоос өөр хэн хэлэх болоо.
О.Т: -Цаазаар авах ялыг үлдээх эсэхийг улстөрчид л шийдэх учраас улс төрөөс ангид байх арга байхгүй. Хаана ч ийм байдаг. Түүнээс гадна шийдвэр гаргаж байгаа улстөрч хэн байхаас олон зүйл шалтгаална. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гээд хэлж, ярьж байгаа нь нийгэмд асар их ялгарал үүсгэж байдаг лидерүүд байна. Хэрэв Н.Энхбаяр иймэрхүү санал гаргасан бол үг дуугүй дэмжих хүмүүс олон бий, эсэргүүцэх хүмүүсийн тоо мөн л ойролцоо байх болов уу. Миний хувьд Ц.Элбэгдоржийг хараад хайрын нулимс унагаад байдаггүй. Гэхдээ түүний саналыг үг дуугүй дэмжинэ. Тэгээд ч цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр л гарсан. Бүр мөсөн татгалзах эсэхийг Парламент шийднэ.
Ер нь хүний амь санаатайгаар хөнөөсөн хүн цаазлуулах ёстой юм бол үр хөндөлтийн тухай асуудал ч босч ирнэ. Энэ чинь гарцаагүй аллага. Ж.Буш хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө үр хөндөлтийн эсрэг байснаараа католик шүтлэгт олон сая америкчуудын саналыг авч чадсан. Шинжлэх ухаан технологийн хөгжил бидэнд олон асуултыг шинээр тавьж байна. Хүний 14 хоногтой ургаас ялгаж авсан тулгуур эсээр (stem cell) эдгэршгүй гэх олон өвчнийг анагааж хэдэн зуун хүний амийг онолын хувьд аварч болно. Гэвч эсийг нь авахын тулд ургийг хөндөхөөс өөр аргагүй. Шашин, ёс суртахууны хувьд байж боломгүй ч юм шиг. Японд Хууль зүйн сайд нь цаазаар авах тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдол хэд хэд гарсан тухай интернэтэд байна л даа. Шалтгаанаа бурхны шашин шүтдэг учраас хэмээн тайлбарлаж. Ц.Элбэгдоржийн хувьд ч ялгаагүй. Шинийн нэгний өглөө Жанрайсигт мөргөхдөө, ард түмэндээ сайн сайхныг л хүсээ байлгүй. Нэр хүндээ өсгөх гэж бодит хөрснөөс тасарсан алхам хийж байна гэж шүүмжилж байна. Ямар ч улстөрчид байдаг л араншин.
Цаазлах ял зуун хувь эзнээ олсон байх ёстой. Гэтэл шүүхэд хүмүүс л ажиллаж байгаа учраас алдаа гарч байна. Энэ алдаа хүний аминд хүрч ерөөсөө болохгүй. Тийм учраас л энэ алдаанаас зайлсхийх хамгийн оновчтой арга нь цаазлах ялыг бүх насаар нь хорих ялаар солих явдал. Манайд ч гэсэн Завханы Эрдэнэ-Очир гээд залуу шүүхээс дөрвөн удаа хуулийн дээд хэмжээ сонссон. Сүүлдээ хэрэг хийгээгүй гэдэг нь тогтоогдоод цагаадсан. Хэрэв тогтоолыг нь гүйцэтгэчихсэн бол…
И.Р: -Цаазын ял онооно гэдэг төр хилэгнэж буй хэрэг биш юм. Харин шударга ёсыг хэрэгжүүлж буй нь тэр. Цаазын ялыг ард иргэдээ айлгах гэж, ийм хэрэг гарахаас сэргийлэх гэж оноодоггүй болов уу. Харин хэрцгий явдалтантай хариуцлага тооцож буй хэрэг гэж үзвэл зохилтой мэт.
Сэтгүүлч Б.НАЦАГДОРЖ
Б.Н: –Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа, ардчилсан Үндсэн хуультай орон мөн юм бол энэ ялыг үгүй хийх цаг нь болсон. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүн амьд явах эрхтэй” хэмээн биччихсэн мөртлөө төр нь иргэнээ цаазлах хуультай байж яаж болох вэ. Тэгээд ч бид цөөхүүлээ гэдгээ мартаж болохгүй. Үнэнийг хэлэхэд хэн нэгэн хүн амины хэрэг хийлээ гэхэд төр гэмт хэрэгтнийг яллаж байна гээд нэг дор хоёр хүний амийг авч байгааг тооцохгүй байж боломгүй санагдана.

Д.З: -Өнөөдөр Монгол Улсын хууль, шүүхийн тогтолцоо ямар байгаа билээ. Хийдэл, цоорхой ихтэй, нэг үгээр шүүрэн шанага шиг л юм байгаа шүү дээ. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд засаж залруулах зүйл маш олон байгааг хуульч, судлаачид шүүмжлэн ярьдаг. Улсын хэдэн зуун сая төгрөгийн хөрөнгө шамшигдуулсан албан тушаалтан хөнгөн ял авдаг, өршөөгддөг байхад өлсөж үхэхгүйн тулд, нялх үрдээ ганц талх авч өгөх гэж бусдын халааснаас 10 мянган төгрөг суйлсан эмэгтэй 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байх жишээтэй. Сүүлийн жилүүдэд хүний наймаа, хар тамхи, бэлгийн мөлжлөг, зэвсгийн худалдаа гэх мэт урьд өмнө дуулдаж байгаагүй шинэ төрлийн олон хэрэг Монголд гарах болсон. Энэ бүх гэмт хэргийн шинж чанар, нийгэм, ард иргэдэд учруулах хор хөнөөл манай хуульд туссан бил үү.
Шинэ төрлийн байтугай, хуучин хэргүүдийнхээ мөн чанарыг гүйцэд таниагүй байгаа. Тиймээс эхлээд хууль, шүүхийн тогтолцоогоо олон улсын түвшинд хүргэе. Дараа нь олон улстай хөл нийлүүлэн цаазаар авах ялаа цуцалбал яасан юм бэ.
Ш.Д: -Тэгээд ч цаазлах ялыг байхгүй болгосноор нийгэм амар тайван болох юм уу? Бүх насаар нь хорьдог юм байж, Энэ чинь жинхэнэ хүч хөрөнгө зарсан явдал болно биз дээ. Бүх насаараа хоригдох шийтгэл авсан гэмт хэрэгтнийг байлгаж байх бат бэх сав хэрэгтэй. Тэгээд байнга манаж, цагдаж байх ёстой болно. Цаазлуулах ял авдаг этгээдүүд нь ихэвчлэн засаршгүй гэмт хэрэгтнүүд л байдаг. Тэд бол “За яадаг юм. Намайг ямар цаазлах юм биш” хэмээн бодож явахаасаа сийхгүй гэдгийг ч бодолцох ёстой гэж бодож байна.
О.Т: -Цаазлах ял байлаа гээд аллага, онц ноцтой гэмт хэргийг бууруулахад нөлөөлөхгүй. Тийм судалгаа ч алга. Шоронгоос оргож, нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэн тэдгээр хоригдлууд цаазлуулсан. Гэлээ гээд тэрнээс хойш онц хэрцгий аллага гарсаар л байна. Хятадад ч гэсэн олны өмнө жигшүүлээд, сонин хэвлэлээр зарлаж байгаад л цаазлаад байдаг. Үр дүн байгаа юм уу. Нэг амьсгаагаар цаазлах ялыг хүчингүй болгочихгүй байх л даа. Харин тогтоол гүйцэтгэх хугацааг сунгах, эсвэл цаазаар авах ял оноодог зүйл ангийг цөөлөх зэрэг нь эхний удаа авах ёстой арга хэмжээ байх л даа. Хар тамхи, насанд хүрээгүй хүүхдийг амь насыг хэрцгийгээр хөнөөх, хүний наймаа зэрэгтэй хатуухан үзэхээс өөр арга одоохондоо байхгүй байх аа.
Д.З: -Манай хоёр хөршид эрүүгийн нөхцөл байдал хамгийн хүнд ноцтой байдаг. Хятад гэхэд нэг жилд цаазаар авах ял ногдуулдаг тоогоороо дэлхийд толгой цохидог. ОХУ-д гарч буй хэргийн талаар бид өдөр бүхэн сонсож байна. Ямар аймшигтай юм дуулддаг билээ. Эрүүгийн ийм хүнд нөхцөлтэй хоёр их гүрний дунд байгаа жижигхэн Монгол цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиасаа авч хаях нь хэр оновчтой бол. Өнөөдөр дэлхий хавтгай болж, бүх зүйл даяарчлагдаж байна. Гэмт хэрэг ч энэ даяарчлалаас ангид байхгүй нь мэдээж. Хууль, шүүхийн тогтолцоо нь хаана сул дорой байна, тэнд гэмт хэрэгтнүүд цуглаж, жигшүүрт үйлээ хийж байдаг. Цаазаар авах ялгүйгээр нь Монголд очиж хэрэг хийе гэх хүн байхыг үгүйсгэх аргагүй. Орос, хятадуудыг дагаад манай эрүүгийн нөхцөл ч хүндрэх бус уу. Оросууд цаазаар авах ялаа халсан. Тэглээ гээд гэмт хэрэг буурсан юмгүй. Улам л хэрцгий болж байгаа биз дээ. Хоёр хөршийнхөө эрүүгийн нөхцөл байдалтай уялдаж ялын бодлогдоо өөрчлөлт оруулж байвал яасан юм бэ. Энэ нь иргэдээ хамгаалж байгаа нэг алхам байж болох юм.
О.Т: -Цаазлах ял байсан байгаагүй үүнийг тойрсон асуудал маш бүрхэг байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Хэдийг уучилсан, жилд хэдэн хүний цаазар авах ялыг хэдийд гүйцэтгэсэн зэрэг нь хохирогчийн болон хэрэгтний ар гэрийнхэнд тодорхойгүй байдаг бололтой юм билээ. Нэг хүний тогтоолыг гүйцэтгэх хүртэл дунджаар хэдэн төгрөгний зардал гардаг, насаар нь хорилоо гэхэд өдөрт ямар зардал гардаг эсэхийг нийтэд мэдээлж болмоорсон.
Б.Н: -Өнөөдөр бид монголчуудын дунд байнга ярьдаг, хамгийн эмзэг, түвэгтэй асуудлаар ярилцаж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цаазаар авах ялыг гүйцэтгэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэнтэй ч холбоотойгоор сөхөж байгаа юм биш ээ. Урьд энэ асуудлыг нэг биш удаа тавьж байсныг эргэн санах хэрэгтэй. Тэр дундаа Эрүүгийн хуулийг хэлэлцэх болгонд л энэ асуудлаар дээр доргүй, эх адаггүй маргаан болдог шүү дээ. УИХ-ын эрхэм гишүүд ч өөр өөрийн байр суурьтай байдаг ч эцсийн дүнд цаазаар авах ялыг нүд аниад л хэвээр үлдээдэг. Тэр байтугай цаазаар авах ялыг халчих юм бол нийгэмд хүн алах, хэрцгийлэл нэмэгдэх мэтээр ярьдаг шүү дээ. Тэгвэл УИХ дотор өрнөж буй энэ уур амьсгал нийгэмд ноёлж байна уу гэвэл огт үгүй. Харин ч нийгмийн нэлээд хэсэг нь цаазаар авахын эсрэг байгаа гэж хэлэхэд буруудахгүй байх аа.
И.Р: -Хэдийгээр бид дэлхийн жишигт нийцэж явах, тэдэнтэй хөл нийлүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй ч уламжлал, ёс заншлаасаа үүдээд монгол хүний онцлог, бусдаас ялгагдах шинж, дагаж мөрдөж ирсэн сургааль, төлөвшсөн дадал, үзэл бодол гэж бий. Нийгэмд нөлөө бүхий томоохон алхам хийхдээ үүнийг харгалзахгүй байж болохгүй.
Б.Н: -Бид урьдын түүхээ мартаж болохгүй. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүний амь үнэгүй болсон. Монголчууд бид Эх орны дайн, Халх голын дайнд оролцон ялалт байгуулсан гэж ярьдаг. Чухам тэр дайнд монгол хүний амь үрэгдсэн нь өчүүхэн бага. Тэгвэл цөөн хүн амтай Монгол Улс бусдын ятгалгаар олон иргэнээ цаазаар авсан гэж ярьдаг ч үнэндээ тухайн үеийн манай хууль өөрөө тэр бололцоог олгосон шүү дээ. Тэгээд ч тэр цагийн гэмгүй олон хүнийг цаазалсан явдлын хохирлыг зуун дамжаад ч бид нөхөж барахгүй байгааг мартаж болохгүй. Бид өнөөдрийг биш маргаашийг харж цаазаар авах ялаас татгалзах л хэрэгтэй. Тэр гарцыг өнөөдөр л хайхгүй юм бол цөөхөн монголчууд бид бие биенээ цаазалсаар энэ зууныг дуусгаж мэднэ. Цаазын ялыг цуцалчихвал бүх зүйл эмх замбараагаа алдана гэдэг утгагүй асуудал. Харин ч өнөөдрийн ороо бусгаа цаг үед цаазаар авах ялыг хэвээр үлдээх гээд байгаа нь харин ч хачирхалтай санагдана. Олигархуудын тэмцэл хүчээ авч байгаа энэ цаг үед хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадах, тэр бүү хэл хэн нэгнийг хэлмэгдүүлж цаазын тавцанд аваачиж чадах тийм цаг үе ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Өнөөдөр манай хууль цаазад шударга байдал хангагдсан гэдэгт хүмүүс тэр бүр итгэдэггүй шүү дээ. Тэр байтугай цаазын ялыг завшигчид ч байдаг юм билээ. Үнэндээ өнөөдөр хэнийг, юуны учир, хэрхэн цаазлав гэсэн мэдээлэл манайд байдаггүй шүү дээ. Энд мэдээж бүх цаазын ялыг үгүйсгээгүй. Гэхдээ хууль цаг үеэ даган өөрчлөгддөг гэдгийг мартаж болно гэж үү. Өнөөдөр цаазын ял авсан нэгэн маргааш гэмгүй нь тогтоогдвол хэн түүний өмнөөс хариуцлага хүлээх хэрэг вэ. Энэ тал дээр би О.Тогоотой адил байр суурьтай байгаа юм. Ер нь бид цаазаар авах ялыг шууд халдаггүй юм гэхэд цаазаар авахыг түдгэлзүүлж, ядаж л Үндсэн хуулийнхаа заалтын дагуу хүний амьд явах эрхийг нь үлдээх хэрэгтэй юм л даа.
Ш.Д: -Цаазаар авах ялыг гүйцэтгэх ажиллагааг нь өөрчлөх шаардлагатай юм болов уу гэж боддог. Түрүүн Тогоогийн хэлж байгаа шиг гэм буруугүй хүнийг цаазлан хэлмэгдүүлэхгүйн тулд гүйцэтгэх хугацааг нь уртасган тэр хооронд маш нарийн нягтлан шалгах гэх ч юм уу? Тиймэрхүү өөрчлөлтийг хуульд сайн тусгаж өгвөл яадаг юм бол.
И.Р: -Амьдын хагацал гэж айхтар юм байдаг. Муухай хэрэг хийсэн хүн түүндээ тохирсон ял аваад хорвоог орхиход ар гэрийнхэн, ах дүү, анд нөхөд нь хэсэгтээ гашуудаад тайтгарна. Гарцаагүй нүүрлэсэн аюулын өмнө хүний сэтгэл шулууддаг. Тэгвэл амьдаараа тарчилж, бүх насаараа шоронд хоригдож байгаа хүний ойр дотныхон нь түүнээс дутахгүй шаналж, бие сэтгэлийн зовлон эдэлнэ. Ялангуяа сэтгэлийн зовлон. Түүнийг минь насаар нь ингэж зовоож байснаас хороочихсон бол шулуухан байж уу гэх бодол төрж мэдэх юм шүү.
Ш.Д: -Гэмт хэрэгтнийг үйлдсэн хэргийнх нь шинж байдлаас шалтгаалан заавал шийтгэх ёстой биз дээ. Цаазаар авах ялыг хэрэглэдэг байх нь нийгэм дэх амар амгалан амьдралыг хамгаалахад нэмэртэй болохоос нэрмээс лав болохгүй гэж бодож байна.
И.Р: –Түүнээс гадна цаазаар авахаар оноосон ял болгоныг гүйцэтгээд байхгүй байх, өөрөөр хэлбэл шүүхээс дээд хэмжээ авсан ч тэр хүний амийг хэлтрүүлэх боломж бий. Энэ бол Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх болох уучлал үзүүлэх явдал.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.