Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.ХАШБААТАР: АЛБАН ТУШААЛТНЫ ХАСХОМ-ИЙГ ХЯНАН ШАЛГАХАД БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг (ХАСХОМ) бүртгэж авах хуулийн хугацаа энэ сарын 15-нд дууслаа. Мэдүүлбэл зохих 43.6 мянган албан тушаалтан өнөө жил бүгд буюу 100 хувь мэдүүлгээ гаргав. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатартай ярилцлаа.

-ХАСХОМ-ийг ийм өндөр хувьтай гаргахад юу нөлөөлөв?
-Өмнө нь зарим албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хоцроох, гаргахгүй байх тохиолдол байсан. Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон тул албан тушаалтнууд цахимаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа, 2020 онд явагдсан хоёр ч сонгуулийн үр дүнгээр сонгогдсон, томилогдсон цөөнгүй албан тушаалтан мэдүүлгээ анх удаагаа гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг дүгнэн АТГ энэ жил мэдүүлгийн бүрдүүлэлтэд онцгой анхаарсан. Тухайлбал, АТГ-аас цаг үеийн эрсдэлийг тооцон яам, агентлаг болон төв, орон нутгийн салбар нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа цахим сургалт зохион байгуулж, тухай бүр мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэн, шаардлагатай сурталчилгааг сайтар хүргэсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд ХАСХОМ-ээ шинэчлэн гаргах 43.6 мянган албан тушаалтан 100 хувь бүгд мэдүүлгээ шинэчлэн өгсөн нь 2007 оноос хойших 14 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ нь нийтийн албан тушаалтнууд мэдүүлэг гаргах үүргээ чанд биелүүлэхээ ухамсарласан, мөн хариуцлага, ёс зүй дээшилж байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно.
-Ер нь ХАСХОМ гаргахын ач холбогдол юу байдаг вэ?
-ХАСХОМ гаргах нь албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил үүсэх, үндэслэлгүй хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, энэ талын зөрчлийг илрүүлэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах, хяналт тавихад ач холбогдолтой. Товчхондоо ХАСХОМ-ийг авч, хянаж байгаа нь албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх механизмыг бүрдүүлж байгаа юм.
Мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байдлаар цахим системд байршуулснаар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогод иргэд, олон нийт хөндлөнгийн хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ таныг төрд төлөөлөхөөр сонгогдсон, эсхүл таны төлсөн татварын мөнгөөр цалинждаг албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлого нь хэрхэн өөрчлөгдөж буйд олон нийт хяналт тавих, улмаар иргэдийн зүгээс АТГ-т хандан өргөдөл, гомдол гаргах, хөрөнгө, орлогоо хууль ёсны дагуу олж авсан, эсэхийг нь шалгуулах боломж олгож байгаа гэж ойлгож болно. ХАСХОМ гаргах нь нэг талаас иргэдийн хяналтыг сайжруулах, нөгөө талд албан тушаалтны албан үүргээ хариуцлагатай, чин шударгаар гүйцэтгэх нэгэн том хөшүүрэг болдог.
-ХАСХОМ-ийг хэрхэн хянаж, шалгадаг юм бол?
-Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн, тухайн хөрөнгөө хэрхэн олсноо үндэслэлтэй тайлбарлаагүй бол АТГ хянан шалгадаг. Мөн тухайн жилдээ тодорхой байгууллагуудыг төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулдаг. Албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын талаарх томоохон бааз мэдээллийг АТГ-ын цахим системд өргөжүүлэн төвлөрүүлсэн. Уг мэдээллийг ашиглан судалгаа, дүн шинжилгээ хийж, бүртгэлийн бусад байгууллагын албан ёсны мэдээлэлтэй тулган хяналт шалгалт явуулж байгаа.
АТГ улсын хэмжээнд мэдүүлэг гаргадаг 43 мянга гаруй албан тушаалтны ХАСХОМ-д нарийвчилсан хяналт шалгалт хийдэг. Цахим хөгжүүлэлтийн тусламжтайгаар албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийг бүрэн хянах боломж бүрдсэн. АТГ 2018 онд 171, 2019 онд 381 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж байсан бол 2020 онд 542 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь өмнөхөөс 42.2 хувиар өссөн үзүүлэлт. Хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй 46 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан.
-Мэдүүлгээ гаргадаг бүх албан тушаалтны ХАСХОМ-ийг тухайн жилд хянах боломж байгаа юу?
-Цахим системд үндэслэн бид эрсдэл өндөр мэдүүлгийг түүвэрлэж сонгодог. Өөрөөр хэлбэл, орлого нь өмнөхөөс өссөн, мөн хөрөнгө ба орлогын харьцаа нь анхаарал татаж байвал шалгах үндэслэл болно гэсэн үг. Тэгэхээр эрсдэлтэй хэсэгт чиглэсэн хяналт шалгалт явуулж байна. Хянан шалгахдаа хөрөнгийн эх үүсвэр нь үндэслэлтэй юү, олсон орлогод нь нийцэж байгаа юу, хууль ёсны үйл ажиллагаа явуулснаа нотлох баримтаар баталж чадаж байна уу гэх зэргийг харгалзан нягтлан шалгадаг юм. Зөрчил тогтоогдвол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Таны яриандаа “Үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол, үндэслэлгүй хөрөнгөжих” гэх мэтээр дурдлаа. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдгийг хэрхэн ойлгох вэ?
-Албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үздэг. Үүнийг хянах хамгийн том системийн нэг бол ХАСХОМ. Бид энэ системийг улам бүр хөгжүүлэх, төрийн байгууллагуудын зарим мэдээллийн сантай бүрэн холбох, цахим хөгжүүлэлтийг шат дараатай хийж байна.

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нуух, өөр хүнд шилжүүлэх нөхцөл байдал цөөнгүй гардаг. Тиймээс АТГ хяналт шалгалтыг улам нарийвчлан явуулж байгаа. Нэг жишээ хэлэхэд, 2020 онд хяналт шалгалтын үр дүнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй долоон этгээдийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Албан тушаалтнуудын зарлагыг хянах чиглэлээр юу хийж байгаа бол?
-АТГ албан тушаалтнуудын орлогоос гадна зарлагыг хянах бодлогыг стратегийн нэг зорилт болгон дэвшүүлсэн. Үүний тулд мэдүүлгийн маягт, мэдүүлэг гаргагчдын хүрээг оновчтой тогтоох, холбогдох заавар, журмыг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Мэдүүлгийг хянан шалгахад хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Наад зах нь банк санхүүгийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах эрх хуулиар хязгаарлагдмал. АТГ-ын зүгээс Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Ингэснээр заавал гэмт хэрэг үйлдэгдсэний дараа мөрдөн шалгах биш, авлигын гэмт хэрэг гарахаас өмнө хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлэх боломжтой. Тухайлбал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн зарим зохицуулалтыг сайжруулах чиглэлд судалгаа хийж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг хууль санаачлагчдад уламжилсан. Хууль тогтоомжид шаардлагатай зохицуулалт хийснээр албан тушаалтны орлого, зарлагыг тэнцвэртэй хянан шалгах, зөрчилд нь тохирсон хариуцлага хүлээлгэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд том өөрчлөлт оруулах боломж бүрдэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.