Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.РЭНЦЭНДОРЖ: Сайн аав, ижий, нутаг усныхаа буянд эрхэм дээд цол хүртлээ

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар төрсөн нь Хандын Рэнцэндорж гуай. 13 настайгаасаа эхлэн 70 гаруй жил мал малласан түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлэн Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор уржигдар энгэрийг нь мялаасан билээ. Тэрбээр улсын хошой аварга, Гавьяат малчин төдийгүй анх удаа малчдад мэргэжлийн үнэмлэх олгоход гардан авсан “эрдэмтэн” эрхэм юм. Олон жил нар, салхинд гундсан ч улаа бутарсан царайтай, бор дээлийнхээ энгэрийг одонгоор дүүргэн гоёсон буурал төв талбайд цугласан олноос онцгой харагдаж байв. Сүхбаатарын хөшөөний урд талын сандалд бид хэсэг саатан, түүнтэй цөөн хором ярилцах боломж гарсан юм. Хөдөлмөрийн баатрыг үр хүүхэд, сумынх нь Засаг дарга шамдуулсаар авч одсон тул олон асуултад хариулт авч чадалгүй үлдсэн нь харамсалтай.

-Юуны түрүүнд Хөдөлмөрийн баатар болсонд баяр хүргэе. Төрийн дээд цол хүртэх мөчид ямар сэтгэгдэл төрж байв?

-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд сар шинийн мэнд хүргэе ээ. Сайн аав, ижий, сайхан нутаг усныхаа буянд ийм эрхэм цол хүртдэг юм байх даа л гэж бодож зогслоо. Би унасан нутаг, эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул. Тэр нутагтаа өсөж өндийж, өдий зэрэгт хүрлээ. Бага сургуулиа төгсөөд буюу 13 настайгаасаа эхлэн өнөөдрийг хүртэл мал маллаж явна. Энэ хугацаанд сайн аав, ээжийн буянд алдаа бага гаргаж, сум, аймаг, улсын аварга малчин, 2007 онд Гавьяат малчин болж, өнөөдөр Хөдөлмөрийн баатар болсондоо маш их баяртай байна. Ард түмэндээ баярлалаа. Залуучууд минь сайн ажиллаж, хөдөлмөрлөөрэй. Өмнөө тавьсан зорилготой, өөрийн гэсэн бодолтой, эх орноо гэсэн сэтгэлтэй л ажиллавал амжилтад хүрнэ. Нойроо багасгаарай л гэж хэлье. Бид ийм сайхан эх оронд хүн болж төрсөн нь ямар азтай вэ. Төрсөн нутгийн уул ус нь хардаг юм шүү.

-Шагнуулах мөчид хамгийн түрүүнд аав, ижий, нутаг ус бодогдсон гэлээ. Тэднийхээ талаар дурсахгүй юу?

-Миний аав, ижий Боржигон Цэц вангийн хошуу, их, бага Монгол отгийн улс байсан. Би тэр малч удмаа залгаж малчин болсон. Аав, ээжийнхээ гар дээр өсөж өндийгөөд 13 настайгаас мал аж ахуйн салбарт тасралтгүй ажиллалаа. 1960-1970 оны үед мал аж ахуйн үйлдвэрлэлийн даалгавар маш хүнд байв. Түүнийг биелүүлэхийн тулд ганцаараа зүтгэдэг байсан. Эцэг, эх минь нас өндөр гарсан, аав минь Хатанбаатар Магсаржавын цэрэгт хэдэн жил алба хашиж бие муутай болсон байлаа. Тэр үед хоёр ахын минь нэг нь цэрэгт, нөгөө нь сургууль соёлын мөр хөөсөн тул би гэртээ ганцаараа ачааны хүндийг үүрч үлдсэн. Номын дуу сонссон ах минь доктор, профессор эрдэмтэн хүн болсон. Би багаасаа л хүнд хүчир ажил хийж ирлээ. Улсын бэлтгэлийн малыг мал баазад хүргэхээр тууж байв. Тэр үед нэгдэл гэж байгаагүй. 17 настайдаа бэлтгэлийн мал тууж, Сүхбаатар аймагт хүргэж байлаа. Би өөрийгөө эх орныхоо төлөө зүтгэдэг хүн гэж боддог доо. Миний бие долоон өдөр, шөнийн нойр даадаг. Мал туугаад явж байхдаа унтаж үзээгүй шахам. Тавдугаар сарын 15-наас аравдугаар сар хүртэл нойр, хоолгүй мал туудаг байлаа.

-Та айлын бага хүү гэл үү?

-Тийм ээ. Гурван хүүтэй айлын отгон нь.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу. Хэзээ гал голомтоо бадраасан бэ?

-Ханийг минь Моломжамцын Цэсэндолгор гэдэг. Бид 1962 онд гэр бүл болсон. Түүнээс хойш 12 хүүхэдтэй боллоо. Хань минь их ажилсаг тул үр хүүхдээ өгсөх, гэр орноо өөд нь татах, малаа өсгөж үржүүлэхэд түүртэж үзээгүй дээ. Тэр үед 600-650 хонь, 150 ямааг хоёулхнаа төллүүлнэ. Унтаж амарна гэсэн ойлголт байхгүй. Ингэж нойр хоолгүй зүтгэж ирсний минь үр шим гэж бодож сууна. Тиймээс ч малчдад мэргэжлийн үнэмлэх анх олгоход эхнэр, бид хоёрт “Малчны үнэмлэх” гардуулсан болов уу.

-Мал маллахад хүнд хүчир, шантармаар явдал зөндөө л тохиолдоно биз?

-Бага залуу байхад хүнд хэцүү санагддаггүй байв. Өнөөдөр, маргааш төчнөөн хонины ноос авна, энэ сардаа төдөн удаа нүүнэ гээд төлөвлөгөө гаргачихна. Төлөвлөснөө заавал биелүүлнэ. Сурвалжлагч нар надаас “Та малаа яаж өсгөв” гэж асуудаг юм. Энэ бол жирийн л нэг ажил гэж хариулдаг. Онгирч байгаа ч юм биш. Малын маань гол нь хонин сүрэг. Тиймээс хонь голдуу маллаж ирлээ. Залуу байхдаа хурдан морь уяж л явлаа. Бог мал гэдэг дөрвөн улиралд хараа салгаж болохгүй, жилдээ нэлээд олон удаа отор нүүдэл хийнэ. Мал тарга тэвээрэг сайн авна. Мал төллүүлэх гэж би зовоогүй. Яагаад гэхээр тарга хүч сайн авсан малын хурга, ишгийг угжих асуудал байхгүй, ажиллагаа багатай байдаг юм.

-Олон нялх хүүхдийн хажуугаар малаа өсгөж үржүүлнэ гэдэг амаргүй л даваа байсан байх даа.

-Тэр мэдээж хэцүү л дээ. Гэхдээ одоо хүнд хэцүү зүйлийн талаар яриад яах вэ. Манай хөгшин сүү муутай, хүүхдүүд минь бүгд “тэжээвэр”. Би шөнө унтдаггүй болохоор энэ арав гаруй хүүхдийг бүгдийг нь үнээний сүүгээр тэжээж өсгөсөн. Миний хань 10-11 сард л хүүхдээ төрүүлнэ. Өөр цагт амаржихгүй. Тиймээс үхрээ заавал зохицуулж төллүүлдэг байв. Жил өнжихгүй төрсөн бүсгүй хүн тийм ч чанга биетэй байхгүй шүү дээ. Тиймээс би л шөнө орой босож, гал түлж, хүүхдүүдээ угждаг байлаа. Бас гэргийн минь ээж минь их тус болсон. Гол өсгөсөн хүн нь гэж хэлж болно. Бид хоёрыг малдаа явсан хойгуур хүүхдүүдийг угжих, хуурайлах ажлыг тэр хүн л хийсэн. Тэр үед одоогийнх нь шиг халуун паар гэж байх биш. Хүүхдийн өлгий, даавуу хөлдчихнө. Хөлдүү даавуунуудыг давхарлаад л халуун биедээ нааж хатаадаг байлаа.

-Танай хүүхдүүдийн хоёр нь ч улсын сайн малчин гэж дууллаа. Уламжлалт мал аж ахуйн өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэх нь таны зорилгын нэг байв уу?

-12 хүүхдийн минь тав нь малчин. Хоёр нь улсын сайн малчин, гурав нь сум, аймгийн аварга малчин. Ганц охинтой. Тэр минь холбооны инженер. Том хүү минь хөргөлтийн инженер, хоёр ч их сургууль төгссөн. Багануурт амьдардаг хүү минь жолооч. Улсын аварга тээвэрчин. Олон хүнд олддоггүй гавьяа шагнал юм гэнэ лээ. Бусад нь яах вэ хувь хувийнхаа ажлыг хөөцөлдөөд л сайхан амьдарцгааж байна.

-11 хүүгийн дунд ганц охин гэхээр аавын амин хүүхэд байв уу. Эрхлүүлнэ биз дээ?

-Эрх байгаагүй ээ, хөөрхий. Таван хүүгийн дараа гарсан ганц охин доо.

-Сүүлийн үед залуу малчид цөөрч, малчдын залгамж халаа бараг тасарлаа гэх болов. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Үүнд би сэтгэл их гонсойж явдаг. Бэлчээрийн даац хэтэрчихсэн учраас малынхаа тоог цөөлж, чанарт нь анхаарах чухал. Залуу малчин цаашид олон болно гэж санадаг. Хатуу ширүүн цаг уур, зудаас болж залуу малчид их хойргошсон. Ажил хийхгүй байна. Зургаан настайгаас нь эхлээд сургуульд явуулчихаар хөдөөний амьдрал мэдэхгүй, 18 хүртлээ сургууль соёл дамжаад сум нутагтаа ирэхгүй юм. Олон сайхан залуу гадаад орон руу явчихаар их харамсдаг. Малтай хувь заяагаа холбосон 70 гаруй жилдээ цөөнгүй хүнд мал маллах арга ухаан зааж сургаж ирлээ. Хэдэн хүнийг малын дөртэй болгосноо одоо мартжээ. Улсын сайн, аварга малчин ч хэд хэд төрсөн дөө. Өнгөрсөн зун тэнгэр хангай хур бороогоо дутуу хайрласнаас болж мал хорогдож эхэллээ. Гэхдээ сайхан цаг удахгүй ирж, хүнд хэцүүг хамтдаа давж гарна гэж итгэж сууна даа. Монголын ард түмэндээ ёсоо бодож, сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.