Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөшөөтийг хөшигний цаана нуух сонирхол буюу УЛСТӨРЧИД ХУЙВАЛДАН ХУВААЖ ЭХЛЭВ ҮҮ

-Өрсөлдөөнд АН, МАХН-ынхны хэн нь ч ялсан Хөшөөт стратегийн ордод орох ёстой-

Монголын баруун хязгаар Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний орд газрыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” гэх компани эзэмшиж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган олон тэрбум доллар босгож буй талаар асуудал хөндсөн нийтлэлийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх бичиж байлаа. Тухайн үедээ компанийн хувьцааны ханш минут, секундээр өсч, 18.06 хонконг долларт хүрч биржийн түүхэнд рекорд тогтоож байсан гэдэг. Тиймдээ ч “чөтгөрийн хувьцаа” хэмээн нэрлэн шуугиж байсан юм. 2009 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 27 тэрбум НКD буюу 2.7 тэрбум ам.долларыг аль хэдийнэ босгочихоод байсан нь манай улсын нийт төсвөөс ч давсан байлаа. Тухайн үедээ Хятад, Монголын алинд бүртгэлтэй нь мэдэгдэхгүй байсан энэ компанийг Монголын газар нутгийн баялгаар их хэмжээний хөрөнгө хууль бусаар босгож байна хэмээн хардаж, харамлаж энэ нийтлэлийг бичсэн юм. Удалгүй нууц ноёнтон нь ил гарч, “Хөшөөт” төслийн зохицуулагч хэмээн өөрийгөө зарласан нь МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд байв. Чухам үнэндээ энэ орд У.Барсболдынх нь байна уу, Хятадуудынх нь байна уу гэдэг бидэнд огт падлийгүй. Гагцхүү 2.4-3.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн олон улсад зарлагдсан энэ баялаг Монголын стратегийн ач холбогдолтой ордод оролгүй сугаран үлдэж, хятадуудын мэдэлд оччихоод байгаад асуудлын гол зангилаа оршиж байсан юм.

     Тэр үед бид энд, Улаанбаатарт бүгдээрээ шахуу тооны машин барьчихаад геологич болон мэдэмхийрцгээж, Айвенхоу майнзаас 250-хан сая долларын урьдчилгаа авах гэж өөр хоорондоо уралцаж байх хооронд ар хударгаар Хөшөөт гэх хэний ч үл мэдэх энэ ордыг дэлхийн зах зээл дээр ийнхүү үнэ хүргэн хором, минут бүрээр хятад ноёд халаасаа зузаалсаар байгаа нь монгол цус судсаар нь урсаж буй хэний ч анхаарлыг татахгүй байхын аргагүй байв.

     Түүнээс хойш энэ өдрийг хүртэл хагас жил өнгөрчээ.

    Хонконгийн хөрөнгийн биржид “Мо Эн Ко” компанийн хувьцаа арилжаалагдсаар Хөшөөтөөс босгосон хөрөнгө нь өнгөрсөн таван сарын хугацаанд 200 гаруй сая доллараар нэмэгдсэн гэсэн албан бус тооцоо байна. Монголын баялаг хэдэн тэрбумаар үнэлэгдэн хөрөнгө босгож буй нь анхаарал татсан уу, стратегийн орд газрыг Ху намын нөхөр “сугалж” үлдсэн нь атаархал төрүүлсэн үү, ямартай ч энэ хэдэн сарын хугацаанд Хөшөөтийн асуудалд УИХ-ын гишүүдийн анхаарлыг хандуулж чадсан.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд санаачлан Хөшөөтийн ордын асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт асуулга тавьж, энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХын чуулганаар ЭБЭХЯ, АМГ болон холбогдох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас Хөшөөтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан.

     Хөшөөтийг стратегийн ордод оруулах болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан “Мо Эн Ко” компанитай холбоотой асуудлыг судалж, шалган УИХ-д дахин танилцуулах үүрэг өгсөн. Төр, засгийн хэмжээнд Хөшөөтийг анхааралдаа авсанд олон нийт талархан дэмжиж, хэрхэн шийдэхийг хоног тоолон хүлээж байсан билээ.

     Үүнээс хойш гурван сарын хугацаанд судалж, шалгасаар Хөшөөтийг стратегийн ордод оруулах нь зүйтэй гэдэг дээр урьдчилсан байдлаар санал нэгдэн, удахгүй УИХ-д танилцуулахад бэлэн болоод байна. Гэвч үүнтэй зэрэгцээд Хөшөөтийг Стратегийн ордод оруулахгүй авч үлдэх, “орон нутгийн хэмжээний уур хай” гэд гийг батлахын тулд эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд, улс төрийн бүлэглэлүүд нутаг ус, ашиг сонирхлоороо нэгдэн нийлж, Хөшөөтийг ард түмэнтэй биш хэсэг бүл гээрээ хуваалцах хуйвалдаанаа эхэлжээ. Одоо “Хөшөөт” Монголд, Монголын ард түмэнд ач холбогдолтой стратегийн орд биш, Монголын улс төрийн бүлэглэлүүдийн арааны шүлсийг савируулсан “саалийн үнээ” болж, улстөрчдийг талцуулж эхэлсэнд харамсахгүй байхын арга алга. Нэг талаас МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд ба нам үл харгалзан нэгдсэн Ховдынхон, нөгөө талаас АН-ын АСЗХ-ны дэд ерөнхийлөгч Н.Хүрэлсүх ба Алтангадасынхан гэсэн хоёр том бүлэглэлийн хооронд хэн нь хэн бэ гэдгээ харуулах Хөшөөтийн төлөөх “дайн” эхэлснийг улс төрийн хүрээнийхэн ч хүлээн зөвшөөрч байна. Үүнийг баталсан үйл явдлууд сүүлийн хоёр сарын хугацаанд эрс идэвхжсэнийг ҮАБЗ-өөс байгуулсан гэх ажлын хэсгийнхний хэвлэлээр цацсан “тайлан”, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шил шилээ даран гарч буй эерэг, сөрөг PR-ийн мэдээлэл, хэвлэлийн бага хурлууд харууллаа.

     ҮАБЗ-өөс байгуулсан хэмээн хэлж байгаа ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нар орж, Хөшөөтийн уурхайтай газар дээр нь танилцаад ирсэн. Нэгэнт улстөржсөн энэ асуудлыг улс төрийн үүднээс нь харвал энэ ажлын хэсэгт АН дахь АХХ, МАХН дахь Н.Энхбаярын болон Ерөнхийлөгчийн төлөөлөл багтжээ. ҮАБЗ-өөс ийм ажлын хэсэг томилсон байж болно. Хэрэв тийм бол ганц Хөшөөтийн уурхай, “Мо Эн Ко” компанийн биш Үндэсний аюулгүй байдлын хэмжээний, ядаж Ховд, баруун бүсийн хэмжээний аюулгүй байдалтай танилцах өргөн цар хүрээтэй үүрэг чиглэлтэй явсан байж таарна. Гэтэл эрхэм гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар Хөшөөтөд ажиллаад ирсэн даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөшөөтийг хэлэх үгээ ололгүй магтан дуулж, Монгол Улсад, баруун хязгаарт ямар их хөрөнгө оруулах гэж буйг ухуулан сурталчилсан нь тэднийг “Мо Эн Ко” компанийн, бас У.Барсболдын талын эрх ашгийн төлөө Хөшөөтөд ажилласан гэх ойлголт, хардлагыг улс төрийн хүрээнд ч, олон нийтэд ч төрүүлсэн. Тиймээс үнэхээр дээрх эрхмүүд ҮАБЗ-ийн даалгавраар Хөшөөтөд ажилласан нь үнэн бол хэт нэг талыг барьж, олон нийтийг талцуулсан мэдээлэл өгч байгааг ҮАБЗийн ажлын хэсгийн үнэлэлт дүгнэлт гэж үзэх үү, хэсэг бүлгийнхний байр суурь гэж ойлгох уу.

     Харин Н.Хүрэлсүхийн тэр гүүлж, “Алтангадас”- ынхан болон МАХН-ын хэсэг гишүүдийн балиашиглаж буй нөгөө талынхан Хөшөөтийг стратегийн ордод оруулах асуудлыг УИХ-д оруулж, намын бүлгүүдийн хэмжээнд дахин ярих нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байна. Тэд нэг талаас Хөшөөтийг Стратегийн ордод оруулахын төлөө тэмцэж буй хэмээн мэдэгдэж буй ч цаана нь бас л улс төрийн ашиг сонирхлоо нууж буйг улстөрчид жиг жуг ярилцаж байна.

     Энэ “дайн”-д манай төрийн байгууллагын ажилтнууд хүртэл оролцож эхэлсэн нь Хөшөөтийн ашиг сонирхол хэр өргөн хүрээг хамарч байгааг илтгэж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын албан ёсны сайтаас телевиз, сонины сэтгүүлчдэд “Ховд нутгаа хоосон улс төрөөр биш хийж бүтээж хөгжүүлнэ” гэсэн гарчигтай уриалга, мэдэгдэл тараагдсан. Учрыг нягталбал УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Дуламсүрэн гэх эмэгтэй энэ мэдээллийг тарааж, Хөшөөтийг стратегийн ордод оруулахыг дэмжсэн хэвлэлийн бага хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулж, нийтлэхгүй байхыг гуйх ч биш, албадах ч бишийн хооронд “үүрэгдсэн” гэнэ. Үүнтэй зэрэгцэн АН-ын хэвлэлийн албанаас ч мөн сэтгүүлчид рүү утас цохин, тэр хэвлэлийн бага хурлыг дэлгэрэнгүй мэдээлж өгөхийг захисан зэрэг нь Хөшөөтийн асуудал иргэний хөдөлгөөн, Ховдынхны хүрээнээс хальж төр, улс төрийн жирийн албан хаагчдыг хүртэл хоёр талцуулсныг харуулсан.

     У.Барсболд, Н.Хүрэлсүх хоёу лаа Ховд нутгаас гаралтай залуус. УИХ-ын сонгуулийн Ховдын тойрогт гол өрсөлдөгч хэмээгдэн нам намдаа үнэлэгддэг энэ хоёрын Хөшөөтийн төлөөх “дайн” 2007 оноос эхэлжээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар Хөшөөтийг хэтэрхий их улстөржүүлж, У.Барсболдын эсрэг “зэвсэг” болгон ашигласнаар төр засгийн байтугай Ховдынхонд ч улиг болсон “жижиг” сэдэв болчихоод байсан юм. Харин өнөөдөр Хөшөөт Ховдын төдийгүй Монголын хувьд анхаарал татах, ач холбогдол өгөх ёстой “том” асуудал болчихоод байгаа. Гэвч дахиад ийнхүү улстөржүүлснээр Хөшөөтийг хөшигний цаана нуух сонирхлоо гүйцэлдүүлэх боломжийг улстөрчдөд олгож эхлэв.

     Монголын баруун хязгаарыг хөгжүүлэх ганц гарц, Ховд дахь “Тавантолгой”-н төлөөх “дайн”-д АН нь ч бай, Хувьсгалт нам ч бай, хэн нь ч ялсан Хөшөөт стратегийн ач холбогдолтой ордод орох ёстой. Хөшөөт стратегийн ордод орсон тохиолдолд Монголын баялаг гаднынхантай биш, Монголын ард түмэнтэй буян хишгээ хуваалцахыг эх орноо гэсэн сэтгэлтэй, итгэл үнэмшилтэй хүн бүхэн ойлгож дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.


Д.Оюун-Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.