Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөх толботой, миний мэдэх МАЖАРУУД

Хувь тавиландаа би итгэдэг, бас баярладаг. Хаана ч явсан ховор хон то хиох сайхан хүмүүс тэй учирч явсан минь их хувь заяа, бурхны хайр хишиг буй за. Явж суус наа эргэн санах бүрийд …Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг Ял гуун сарны дор үгээр хэ лэхийн аргагүй хэмээх мөрүүд ая дантайгаа өөрийн эрхгүй сэт гэлд минь эгшиглэж байдаг билээ. Энэ удаад би мажар зон олны тухай өгүүлэхийг хүс нэм.

Өлгий нутагтаа эрдмийн шим хүртээж, өдий зэргийн амьдралд хүрэх мэргэжил боловсрол олгож, нас ны минь ханьтай учруулж, үрийн зулай үнэрлүүлж, бүүвэйн дуу анх аялуулсан Унгар орон, мажар түмэн миний хувьд яаж ч бодсон харь орон, харийн хү- мүүс биш билээ. Манай мажарууд (усыг нь ууж ёсыг нь дагаж, долоо шахам жил суралцаж, улмаар энэ улсын элч төлөөлөгчийн газарт 15 жил ажилласны хувьд ингэж хэлэх бүрэн эрхтэй хэмээн бодном) ихээхэн хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, нөр хөдөлмөрч, өндөр соёлтой, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, ховорхон сайхан хүмүүс байдаг юм.

Тэр сайхан оронд, тэр их соёлтой ард түмний дунд сурч, ажиллаж, амьдарч явсандаа би баяртай байдаг аа. Унгар улс, Будапешт хэмээн хэн нэг нь ярьж хөөрөхөд бараг л ганцхан минийх юм шиг санаж, сэтгэлдээ өмчилж яв сан гэнэн нас минь саяхан.

Мажаруудын нэг онцлог, бахадмаар сайхан чанар нь ойртож дотносоод ирэхээр анд нөхөд гэхээсээ ах дүү мэт болтлоо нөхөрлөж чаддаг хүмүүс гэдгийг дурдалгүй өнгөрч боломгүй. Оюутан ахуй үеэсээ өдгөө хүртэл нөхөрлөж яваа олон сайхан андаа дурсахад таатай байна. Ханийн минь ангийн оюутан Куручай Паал одоо нутагтаа бизнес эрхэлж байгаа. Бид Поли хэмээн дууддаг юм. Оюутны амьдралын жилүүдэд бид хөдөө тосгон дахь гэрт нь очиж мажар үндэсний хоол, ундаар дайлуулан тухалж, мажар ёс заншил, уламжлалын нарийн нандин бүхнийг тэр л айлаас олж мэдэрч явав.

Энэ бүхэн өчигдрийнх мэт санагдавч, даруй 30 гаруй жилийн тэртээх үйл явдал байх юм. Полигийнхон маань хувийн том байшинтай, хашаандаа нүд хужирлам сайхан цэцэрлэгтэй, гахай тахиа тэжээж, ногооны талбайдаа газар тариалан эрхэлдэг тосгоны жирийн л нэг өрх айл байсан. Тэд аавыгаа тота гэж дуудна. Ер нь мажарууд ойр дотныхоо өвгөчүүлийг ийн авгайлах бөгөөд манайхны өвөө гэдэгтэй утга нэг юм. Ээжийнх нь нэрийг Панни гэх агаад тэр жижигхэн биетэй эмэгтэйн хаанаас нь гарна вэ гэмээр эрч хүчтэй, нэн ажилсаг, мөн төчнөөн их хүнлэг, цагаан цайлган, аядуу намдуу төрхтэй хүн байсан. Панни эгч өглөө эрт үүр цүүрээр өрөөнд орж ирээд вааран пийшингээ халуу дүүгтэл, заримдаа бүр байж суухын аргагүй болтол халаагаад гарангуут Тота хаалга тогшин “Палинкатай өглөөний мэнд“ гэсээр зөрөөд орж ирнэ. Палинка гэдэг нь өөрийнх нь тариалсан алим, лийр, хар чавга зэргийн жимсээр гэрийн нөхцөлд гар аргаар нэрсэн хатуу архи бөгөөд хаалга онгойн, өчүүхэн зурвас гарах төдийд л хонгилоос үнэр нь өрөө дүүрэн сэнхийж, ямар жимснийх болохыг нь илтгэнэ.

Тота хүний тоогоор хундагалаад тавиур дээр барин ороод ирнэ. Тэгээд “Үүнийг орондоо уудаг юм, босохын хэрэггүй” гэх мөртөө “Би ч бас та нартай тулгах минь” хэмээн сэргэлэнтэж, Панни эгчийн тогтоосон нормыг хэтрүүлэхээ бас мэднэ. Тосгоныхны хоол ундны амт шимт, элбэг дэлбэг байдал, ирсэн зочныг дайлж цайлах нь мажар үндэстний их том язгуур соёл, бас сайхан сэтгэлийнх нь илрэл билээ. Тэд үнэхээр зүгээр суухыг мэд дэггүй хүмүүс. Газар тариалан, мал аж ахуй, жимсний тариалан, үүндээ тулгуурласан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлнэ. Тосгоны айл өрх бүр үйлдвэрлэгч. Панни эгч намайг дагуулан зоорио үзүүлэнгээ биднийг дайлах хүнсээ авах тэрхэн зуурт надад өөрийн эрхгүй ийм бодол төрдөг байж билээ. Тосгоны жирийн нэг өрхийн зоорь авсаархан хүнсний дэлгүүрийн агуулах аятай санагдана.

Намар оройхон тэднийд очиход хоёр гурван гахай шахчихсан, өч төчнөөн чанамалын шил гал зуухны өрөөгөөр хөглөрч байх нь өвлийн бэлтгэлээ базааж буй нь тэр. Зул сарын баяраар очиход нөгөө хэдэн гахай нь хэдийнэ хагас ба бэлэн бүтээгдэхүүн болчихсон, гэдсэн хиам, махан хиам, давсалсан болон утсан гахайн өөх гэх мэтээр ангилагдаад зооринд залагдчихсан байна. Намар хурааж авсан жимс нь төрөл бүрийн чанамал, компот болж хувираад зоорины нэг ханыг бүхэлд нь эзлэх тавиур дүүрэн ирийж байх. Унгар орон, ард олных нь аж амьдралын тухай ярихдаа усан үзмийн тухай дурдалгүй өнгөрч ер болохгүй. Усан үзмийн улаан, цагаан дарс, лийр, алим, хар чавганы хатуу архийг заавал дурдах ёстой. Тэд “Хэзээ энэ бүхнийг идэж ууж дуусгана аа” гэмээр их хүнс бэлтгэнэ. Гэхдээ тэр нь дараа жилийнх нь намар хүртэлх буюу нэг жилийнх нь хэрэгцээ бөгөөд монголчууд бидний адил хот оронд суугаа хүүх дүүд дээ илүүчилнэ.

Монголчуудыг махгүйгээр, солонгосчуудыг кимчи гүй гээр төсөөлдөггүйтэй нэгэн адил мажаруудыг чинжүүгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тосгоны айл бүрийн цэцэрлэг, байшингийн хана тэр чигээрээ чинжүүн чимэглэлтэй харагдана. Мажар үндэсний хоолны гол амтлагч нь төрөл бүрийн чинжүү. Шинээр нь, хатааж нунтаглаад, эсвэл нухаш болгоод хоол хүнсэндээ өдөр тутам, байнга хэрэглэнэ. Тэд их эртэч хүмүүс. Ялангуяа тосгоныхон бол манай хөдөөгийнхөнтэй адил хар үүрээр босно. Панни эгч эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх энэ их ажлынхаа хажуугаар тосгоны бусад авгайчуулын адил хатгамал хатгана. Гар хатгамал бол унгар үндэстний бас нэг соёл, ардын язгуур урлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.

Хэдэн сараар, магадгүй бүр бүтэн жилээр нойроо хугаслан байж урласан тэр гоё хатгамлаа дотныхоо хүнд бэлэглэнэ. Гэтэл ийм бараа жуулчид ихтэй Будапештийн бэлэг дурсгалын дэлгүүрт ямар өндөр үнэтэй зарагддаг гэж санана. Унгарын гал зуух, хоол хүнс бэлтгэх соёл бол томоохон урлаг. Хот хөдөөгийн ямар ч айл хоолоо өөр өөрийн таашаалд нийцүүлэн амтлах нь мэдээж боловч яг л жорынх нь дагуу, орц найрлагыг нь тохируулж, технологийг нь нарийн баримтална. Мажар эрчүүд монгол эрчүүдийг бодвол хоол хийх хообийтой нь сонин санагддагсан.

Энэ бол 30 гаруй жилийн тэртээ миний өөртөө нээсэн, миний нүдийг нээсэн Унгар орон. Сургууль төгсөж ирсэн хойноо хоёр талд хэл залгуулж, хожмоо олон жилийг Улаанбаатар дахь Элчин сайдын яаманд нь тэр сайхан хүмүүстэй цуг ажиллаж өнгөрүүлснээ сурч мэдсэн бүхний минь хэрэг нь гарсан хэмээн бодож явдаг. БНУУаас Монголд сууж байсан Элчин сайдын яаманд дөрвөн Элчин сайдын бүрэн эрхийн хугацаанд орчуулагч-хэлмэрчээр ажилласан минь миний амьдралын мартагдашгүй он жилүүд билээ. “Миний анхны” Элчин сайд бол Яцкович Миклош гэдэг асар их туршлагатай, Монголд урьд өмнө ч олон жил дипломат алба хашиж байсан, айхтар няхуур нямбай, өндөр шаардлагатай хүн байлаа.

Гадаад яамандаа өнөө хэр Монголыг хариуцан ажиллаж байгаа энэ хүний удирдлага дор амьдралын бас нэгэн их сургуулийг гайгүй сайн гэсэн үнэлгээтэй төгссөндөө одоо хүртэл баярлаж явдаг. Ажилтнаа огт зэмлэж, загнадаггүй атал мажар, монголгүй бүгд л түүнээс жаахан жийрхдэг ч дотроо бол их хүндэлдэг тийм зангарагтай хүн байлаа. “Манай Оюунаа гарцаагүйгээр нь л орчуулахаас өөр аргагүй тийм нөхцөл байдалд ажилладаг. Аль ч хэл рүү орчуулсан давхар хяналтад байдаг хүн” гэж хөгжөөнө. Монгол хэлийг гаргуун сайн эзэмшсэн хүн ингэж хэлэлгүй яахав дээ. Надаар бичгийн орчуулга их хийлгэдэгсэн. Ерээд оны эхэн үе бол “олон намын тогтолцоо” ид бужигнаж байсан үе бөгөөд манайд 27 (шиг санаж байна) нам бүртгэлтэй байсан. Тэр бүх намын хөтөлбөрүүд, тэр үед ихээхэн яригдах болсон “Нагаржунайн төв үзлийн” талаар “Үнэн” сонинд Б.Даш-Ёндон гуайн бичсэн хэд хэдэн нүүр материал гэхмэтчилэн өдөр тутмын хэвлэлд гарсан бүхнийг орчуулуулна. Намайгаа их тооно, энд тэнд их ч магтана, бас хэтэрхий даруухан байна гэж зэмлэнэ чиг. Нөхрийн маань том ах бурхан болж, бид нутагт нь очиж ажил явдлыг нь өнгөрүүлчихээд ирж явах замдаа осолд өртөхөд машин гаргаж, хоёр ажилтнаа анхны тусламж үзүүлэх бэлтгэлтэй, халуун цай ундтай явуулж, хөлдөж үхэх аюулаас аварч байсан их буянтан билээ.

Хүн ер нь магтаал сонсож сурах, мэдэж, чадаж байна гэдгээ харуулахдаа санаа зовоод байх хэрэггүй юм, ажилд нухлуулахын хэрээр хүн өсч өндийдөг гэдгийг энэ хүнээс би ойлгосон. Дараачийн Элчин сайд маань Төрөчик Бэла гэдэг дөлгөөхөн, хүнлэг, зөөлөн, даруухан, бусдыг дарга, цэрэг гэхээсээ хүн гэдэг талаас нь хүлээн авч, чин сэтгэлээсээ дэмжиж туслахыг эрхэмлэдэг сайхан хүн байлаа. Монголд өмнө нь дипломат ажилтнаар мөн хэдэн жил ажиллаж байсан юм билээ. Төрөчик Элчин сайдын үед бид ажил хөдөлмөрөө жинхэнэ ёсоор үнэлүүлж, цалин хөлс маань ихээхэн нэмэгдэж билээ.

Бид бол цаг наргүй зүтгээд сурчихсан, эртдэж оройтохыг юман чинээнд боддоггүй, нэг тийм зүтгүү дадал суучихсан хүмүүс байсан байх. “Шаардлагатай тохиолдолд намайг уучлаарай, бусдаар бол би та бүхнийг илүү цагаар суулгахгүйг хичээнэ, бүгдэд нь л ар гэрийн ажил байгааг ойлгож байна” гэдэг, хүнийг их ойлгодог сайн хүн. Энэ хүнээс би хариуцсан ажил үүргээ зохих ёсоор нь сайн гүйцэтгэж буй хэнд ч болов гаднынх, өөрийнх гэдгээс үл хамааран өгдгийг нь өгсөн шиг өгөх, хүний хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх нэн чухал болохыг ухаарсан. Гурав дахь Элчин сайд Балог Иштван маань Монголд анх удаа хөл тавьсан, өмнө нь хэд хэдэн оронд Элчин сайдаар сууж байсан үнэхээр л нэг юм үзэж нүд тайлсан, жингийн нуруу шиг сайхан хүн байлаа. Ихэд боловсорсон, өндөр соёлтой, тэр хэрээрээ их энгийн, хүнлэг сайхан сэтгэлтэй, жинхэнэ ясны дипломатч байсан.

Тэр үед “Мянганы замын” бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, анхны үр шимийг нь хүртчихээд байсан үе. Миний хань, эдүгээ УИХ-ын гишүүн Р.Буд тухайн үед Авто замын ерөнхий газрын даргаар ажиллаж, энэ их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулж байлаа. Манай Элчин сайд нөхөртэй маань уулзаж, дээрх ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл аваад, газар дээр нь очиж үзэх хүсэлт тавьж, бид Төв аймгийн Эрдэнэ сумын цаахна зам, гүүр тавьж буй замчдын нэг өдрийн ажилтай танилцаж билээ. Элчин сайд тэнд байсан хүмүүст Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөөх та бүхний энэхүү хүчин чармайлт, бахдам үйлсийг хараад сэтгэл минь их хөдөлж байна. Унгар улс, Унгарын ард түмэн та бүхний энэ амжилтад бахархан баярлаж байдаг.

Долоо хоногийн дараа та бүхэнтэй эргэн уулзаж, үдийн зоог барина хэмээв. Буцах замдаа сэтгэл нь үнэхээр их хөдөлсөн байдалтай, “Оюунаа минь та бүхний эх орон Монгол Улсад хөгжлийн их сайхан гэрэлт ирээдүй бий. Манай Унгар улс шилжилтийн үе шатыг одоо л давж байгаа болохоор материаллаг дэмжлэг үзүүлэх боломж хомс байна. Монголчуудаа сэтгэл санаагаараа ямагт дэмжиж байдгийн нэг илэрхийлэл энэ болог” хэмээж билээ. Улаанбаатарт ирээд бид хээрийн нөхцөлд барих 100 хүний зоогонд бүтэн долоо хоног бэлтгэж, Унгарын алдарт гуляш, шөл, шарсан гахайн бөөрөнхий мах, салат, за тэгээд сайд маань өөрийнхөө жороор хоёр төрлийн нарийн боов хийж, талх, ус, ундаа базаан, цэргийн ангиас 50 литрийн халуун тогоо хэд хэдийг авч хөдөөг зорьж байлаа. Элчин сайд маань тогоочийн хувцастай, өөрөө хоолоо таваглаж байсан нь одоо ч санаанд минь илхэн байна. Энэ үйл явдал “Мянганы замын” том сурталчилгаа, нөгөө талаас сайхан сэтгэлийнх нь илрэл байсан бөгөөд ухаантай л хүний хийх ажил гэж бодогддог.

Бүхий л амьдралаа дипломат албанд зориулсан энэ хүнээс би аливаад буурь зааж ухаалаг хандах, хүмүүсийнхээ чадвар чансаанд бүрэн найдаж, урам зориг, итгэл өгч ажиллах нь хэчнээн чухал болохыг бүрнээ ухаарсан. Дөрөв дэх Элчин сайд маань Иллэш Михай гэж манай Биокомбинатыг байгуулагдах үед тэнд орчуулагчаар ажиллаж байсан, монгол хэлтэй, монгол эхнэртэй, маш ажил хэрэгч, хөдөлмөрч хүн байлаа. Манайхны хэлдгээр “их хэнхэг” шургуу ажилладаг хүн байсан бөгөөд миний хувьд ЭСЯ-нд чамгүй олон жил, янз бүрийн арга барилтай хүмүүстэй хамт ажиллаж, хар бор ажилд нь нухлагдсаар хариуцсан ажил маань нэгэнт гарт орчихсон байсан болохоор ямар ч түвэггүй гар нийлж ажилладаг байв.

Хэрэв тийм биш байсан бол нэлээд чирэгдэж мэдэхээр айхтар их ачаалалтай байсан бөгөөд сайд маань ч үүнийг өөрөө маш сайн мэдэрч, урам хайрладаг байсан. Нэгэн зэрэг дэндүү олон юм барьж авдаг, үндсэндээ юм юм руу үсчсэн арга барилтай. Яг тэр үед буюу 2005 онд Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож, энэ түүхт ойн хүрээнд олон сайхан ажил санаачилж амжуулсан боловч дараа жил нь Унгар улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа хаах шийдвэр гаргаж, нэгэн гэр бүл мэт нягтарч, гар нийлэн ажиллаж байсан тэр сайхан хамт олон дахиад хэзээ уулзахаа мэдэхгүй ч, маргааш эргээд уулзах юм шигээр салцгааж байсан даа.

Намайг гадагшаа эмчилгээнд яваад ирэхэд ийм шийдвэр гарчихсан байж билээ. Урьд өмнө иймэрхүү зүйл яригддаг ч дараагийн Элчин сайд нь томилогдоод л ирдэг байсан болохоор энэ бүхэн миний хувьд нэг их гэнэтийн зүйл биш байсан. Харин яагаад ч юм, ЭСЯ-ыг хаах энэ таагүй үйл явдлаас хол байсандаа баяртай байдаг. Дээрх түүхт ойн хүрээнд Унгарын зохиолч Өркэни Иштваны олон орны театрын тайзнаа тавигдсан эмгэнэлт, хошин драмын “Тотынхон” хэмээх жүжгийг орчуулуулж, ардын жүжигчин Б.Мөнхдорж гуай найруулж, Монголын үзэгчдэд зориулан тайзнаа тавигдах хүртэл хөрөнгө мөнгөнөөс өгсүүлээд олон бэрхшээл тулгарч байсан. Тэгтэл Элчин сайдын яам ч хаагдах болов.

Үүгээр шалтаглаад больчихож болох л байсан. Гэтэл ЭСЯ-ны эд хогшлыг борлуулсан орлогоороо орой нь жүжгээ тоглуулчихаад, маргааш өглөө нь бүрмөсөн нутаг буцаж байлаа, энэ хүн. Иллэш Элчин сайдаас би хэн ч бай, аливаа ажлыг нэгэнт л эхлүүлсэн бол ямар ч нөхцөл байдал үүссэн, түүнийхээ эцсийг үзэхээр чин сэтгэлээсээ мятаршгүй зүтгэж байж зорьсондоо хүрдгийг гүнээ ухаарсан билээ. Энд би дандаа дарга нарынхаа тухай дурслаа. ЭСЯ-нд ээлж дараалан ирж ажиллаж байсан бусад ажилтнууд бол хамт ажилладаг хүмүүс гэхээсээ анд нөхөр, ах дүү мэт болтлоо ижилдэн дассан дотны сайхан нөхөд минь юм. Болох болохгүйгээ илэн далангүй ярилцаж, болохоос нь болохгүйг нь хүртэл ханцуй шамлаад хамтраад зүтгэчихдэг, байгаагаа хуваагаад идэж уучихдаг, бие биедээ байнга сэтгэлийн дэм өгч явсан тийм л ховорхон сайн андууд минь билээ. Мажарууд ажил хөдөлмөртөө маш үнэнч, түүндээ ёстой сэтгэлээ гаргадаг бөгөөд халтуурдана, нэг аргалчихна энэ тэр гэдгийг огт мэдэхгүй. Бас нэг гэгээлэг сайхан чанар нь тэд хошин шогийн асар өндөр мэдрэмжтэй.

Нэг нэгийгээ явуулж хөгжих, үгийн өөн дээр хоёрдмол утга санаа гаргах, онигоо ярихдаа гарамгай бөгөөд энэ нь гэгээлэг сэтгэлийнх нь илрэл буй за. Мадари Акош, Мартон Бэла, Козма Иштван, Варго Янош, Шэбэстьен Фэрэнцнэ буюу Бобико, Ардай Оливерийн гэр бүлийнхэн хүнлэг сэтгэл, андын нөхөрлөлд харийн гэх зааг хязгаар байдаггүйг миний ухамсар, сэтгэлд гүн бат суулгаж өгсөн эрхэм журмын нөхөд минь билээ. Монголчуудын нэгэн адил хөх толботой төрдөг миний мэдэх мажарууд бол ийм л хүмүүс. Энэ ялдамд тус ЭСЯ-нд олон жил гар, сэтгэл нийлэн ажиллаж байсан эрхэм монгол нөхдөдөө баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Шаравын ОЮУНГЭРЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.