Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй 151 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлнэ

Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг билээ. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 54000 гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргах ёстойгоос 99.8 хувь нь хуулийн дагуу үүргээ биелүүлжээ. АТГ-аас мэдүүлэг гаргаагүй албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг тухайн байгууллагын удирдлага руу өнөөдрөөс явуулах гэнэ. Хаанахын, ямар албан тушаалтан мэдүүлэг гаргаагүй байгаа талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан П.Билгүүнээс тодрууллаа.

-Энэ жил нэлээд олон албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй байх шиг байна. Ямар учиртай юм бол?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтны 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэж, хадгалах ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэ жил 136 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ огт мэдүүлээгүй, 15 албан тушаалтан хугацаа хожимдуулсан байгаа. Үүнээс Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарагдах 38 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй байна.

-Хаанахын ямар албан тушаалтнууд мэдүүлэг гаргаагүй байна вэ. Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүрэн гаргасан уу?

-Төрийн өндөр тушаалтнууд 100 хувь мэдүүлгээ гаргасан. Хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлээгүй болон хугацаа хожимдуулсан албан тушаалтнуудын хувьд БОАЖЯ, ЗХЖШ-ын тус бүр гурав, ГЕГ-ын зургаа, ҮТЕГ, ТЕГ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газруудаас тус бүр нэг албан тушаалтан бий. Түүнчлэн Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн ЗДТГ, Өвөрхангай, Хэнтий, Төв аймаг болон зарим аймаг, нийслэлийн ИТХ-ын 98 төлөөлөгч хөрөнгө орлогын мэдүүлгээ огт мэдүүлээгүй байгаа. Тэр дунд улсын байцаагч, мэргэжилтэн болон сум, багийн Засаг дарга нар ч бий.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийн заалт байдаг ч хэрэгждэг эсэх нь мэдэгддэггүй. Албан тушаалтандаа арга хэмжээ аваагүй удирдлага ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Авлигын эсрэг хуулийн 13.5-д заасны дагуу мэдүүлэг гаргаагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах саналыг тухайн байгууллагад хүргүүлдэг. Энэ дагуу өнгөрсөн жил хөрөнгө орлогоо бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулсан 16 албан тушаалтныг ажлаас нь халах арга хэмжээ авсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлээгүй, хугацаа хожимдуулсан албан тушаалтанд арга хэмжээ аваагүй удирдах албан тушаалтанд өөрт нь захиргааны шийтгэл ногдуулахаар шүүхэд хандах хуулийн зохицуулалт бий гэдгийг энд сануулах нь зүйтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.