Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө бус, сэтгэл дутсан хүүхэд хамгаалал

Монгол Улс ганцхан сая хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж, харж хандан, хайрлаж, хамгаалж чадахгүй өдий хүрэв. Өдөр бүр шахам томчуудын буруугаас болж бяцхан зүрхнүүд зогссоор. Гэтэл бид хүүхэд галд шатжээ, голд живжээ, түлэгджээ, осгожээ, зодуулаад амиа алджээ, гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ гээд тоолж суухаас өөрөөр тоймтой зүйл хийсэнгүй. Өчигдөр л гэхэд 13 настай хүүхэд явган хүний гарцаар гарч яваад автомашинд мөргүүлж амиа алдлаа. “Хүүхдэд ээлгүй улс юм даа” гэж хүн бүр толгой сэгсэрсээр. Харин ээлтэй болгох талаар хэн ярьж, арга зам эрэлхийлж байна вэ.

…Хэдхэн хоногийн шалгалтаар явахдаа аюул эрсдэл дунд байсан хоёр хүүхдийн амийг аврав. Үүнээс харахад эрсдэлтэй орчинд байгаа хүүхдүүдийн гэрээр явж, бодит байдлыг нүдээр харвал олон хүний амь аврах боломжтой санагдана. Дөрвөн хүүхэд галд өртөж, амиа алдахад хөршүүд нь “хогоо шатааж байна” гэж бодсон хэмээн хэнэггүйхэн хариулсан байдаг. Айл хүний амь нэг гэдэг. Эрсдэлтэй бүлгийг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийлэл гарч болзошгүй айлуудыг “тагнаж чагнах” үүрэгтэй хүүхэд хамгааллын хамтарсан багийнхны хийж чадахгүй байгаа ажлыг сэтгэлтэй нэгэнд хариуцуулмаар…

Үнэндээ Монгол Улсад хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Тэдний сайн сайхны төлөө зарцуулах хөрөнгөд гар таталгүй, боломжийнхоо хэрээр хүртээдэг. Гэвч хүүхэд хамгааллын ажилд гол үүрэг гүйцэтгэх ёстой байгууллага, мэргэжилтнүүд, зарим эцэг, эх ч үрсдээ хүйтэн сэтгэлээр хандаж ирлээ. Эрх баригчид улс төрийн зорилгоор ч тэр, нэр хүндээ өсгөхийн тулд ч бай ямартай ч хүүхэд хамгаалал, тэтгэмж, халамжийн төсвийг чамлахааргүй олгож ирсэн. Тухайлбал, Нийгмийн халамжийн сангийн 2020 оны батлагдсан төсөв 750.3 тэрбум төгрөг. Үүнээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид 240 тэрбум төгрөг зарцуулах юм. Цар тахлын үед иргэдийн амьжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор хүүхэд бүрт сард олгодог 20 000 төгрөгийг 100 000 болгосон. Энэ нь олон өрхийг идэх хоолтой, түлэх түлээтэй байлгаж буй нь эргэлзээгүй. Гэвч эл мөнгөөр хүүхдэдээ талх авч өгөх бус, архинд зарцуулдаг эцэг, эх цөөнгүй байна. Хүүхдийн мөнгө буух үеэр л архидан, найрлаж цэнгэдэг хүн олширдгийг наад захын дэлгүүрийн худалдагч андахгүй. Зарим нь эл мөнгийг хүүхдийнхээ хадгаламжид хийж, ирээдүйн боловсролд нь зарцуулахаар зорьж буй бол амьжиргааны түвшин тааруу нь өнөө, маргаашийнхаа хүнсэнд нэмэрлэж байгаа. Үнэндээ эл мөнгийг хүүхдэд зориул гэж улсаас олгосныг сануулахад илүүдэхгүй биз. Үүнээс гадна энэ онд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 42.2 тэрбум төгрөг баталжээ. Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд 288 000, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 000, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох тэтгэмж 123 100, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгож буй амьжиргаа дэмжих тэтгэмж 288 000 төгрөгийг сар бүр Нийгмийн халамжийн сангаас олгодог. Эдгээрийг хүүхдэдээ зарцуулдаг нь хэд бол.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд хүүхэд хамгааллын асуудлыг зохицуулж буй. Эдгээрийг хэрэгжүүлэхэд бүх шатны Засаг дарга, тамгын газар, түүний агентлагуудын оролцоо чухал. Хүүхэд хамгааллын талаар дуугарах, ажиллах хамгийн том байгууллага нь бидний мэддэгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Гэтэл хүүхэд хохирсны дараа л тэд дуугарч, эсвэл сургалт, тайлан төдийхнөөр хүүхэд хамгааллын ажлыг гүйцэтгэдэг гэсэн шүүмжлэлд байнга өртдөг. Энэ нь үнэний ортой. Түүнчлэн нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ХЭҮК, хүүхдийн гэх тодотголтой бүх төрийн болон төрийн бус байгууллага өнөөг хүртэл хүүхэд хамгааллын чиглэлээр нүдэнд харагдаж, гарт баригдсан ажил хийсэнгүй. Ямар нэгэн золгүй тохиолдлын дараа л борооны дараах мөөг шиг гарч ирээд чимээгүй болцгоодог. Саяхан ХЭҮК-ын шинэ гишүүдийг УИХ-аар хэлэлцэж, томилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүд тус байгууллагыг ниргэсэн хойно нь хашхирдаг, хүний, тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлыг урьдчилан харж, арга хэмжээ авсан нь үгүй хэмээн хатуухан шүүмжилсэн. Агаар, орчны бохирдлоос шалтгаалан хүн болж чадалгүй, эхийнхээ хэвлийд амь тавьсан ураг, хүчирхийлэлд өртөж амиа алдсан хүүхдүүдийн эрхийн талаар ямар ажил хийхийг тэднээс асууж, амлалт авч харагдана лээ. Хариуцсан ажилдаа эзэн болж, хүүхэд хамгаалалд чин сэтгэлээр хандвал бид олон хүүхдийн амь аварч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ялангуяа эрсдэлд ойрхон байгаа хүүхдүүдийг онцгойлон анхаарч, ажиглах, тулж ажиллах үүрэгтэй хорооны ажилтан, цагдаагийн алба хаагч, багш, өрх, дүүрэг, сургууль, цэцэрлэгийн эмч нар нүдэн балай, чихэн дүлий суусаар байх уу. Сургууль орчинд нь хүүхдийн хүчирхийлэл гараад байхад өөрөө асуудалд орно гэж эмээсэндээ чимээгүй өнгөрөөх багш нэг биш гэнэ лээ. Гар, хөл нь хөхөрч харваас зодуулсан нь илэрхий хүүхдийг ч эмч нар хүчирхийлэлд өртсөн байх вий гэж сэрдэж, сайн үзэж нягтлалгүй явуулдаг. Ийм хайнга байдлаас болж хэчнээн хүүхэд амь тавьсан бол. Гадаад улсад хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл хэсэг хугацаанд тандаж ажигладаг гэнэ. Ингэж тандсанаар далд байгаа хүчирхийлэгчийг ил болгодог байна. Хүчирхийлэгч ёс бус үйлдлээ дахин давтдаг учир амархан илрүүлдэг аж. Харин манайд эцэг, эхээс нь асуусан болоод л “зүгээр” гэвэл өнөөх хүүхдийг харанхуй нүх рүү түлхчихдэг. Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд дуудлага өгөхөд асран хамгаалагчаас нь тодруулж асуугаад тэдний үгээр гэмтнийг хамгаалаад өнгөрүүлдөг тохиолдол цөөнгүйг өмгөөлөгчид хэлдэг. Хуульч, өмгөөлөгч Л.Бурмаа “Монгол Улсад хэрэгжүүлж буй хууль, дүрэм, журмуудын амьдралд нийцэж буй, эсэх, үүнийг сахиулан, хэрэгжүүлж, хангалттай сурталчлан таниулдаг уу, хүүхдийн эрхийг хамгаалахаар ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, эцэг, эх, багш нарын энэ талаарх ойлголт ямар байгааг дүгнэх, эргэн харах цаг болжээ. 

Бодит байдалд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна, хүүхдийн эрхийг хамгаалагчид жинхэнэ утгаараа бий, эсэхийг “шалгах” хэрэгтэй. Далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх зорилгоор бие даасан судалгааны ажил эхлүүллээ. Судалгаа хийх явцад гэр бүлийн тогтворгүй байдал, ажилгүйдэл, үүнээс шалтгаалсан сэтгэл гутрал, архидалт хүчирхийлэлд нөлөөлж байгааг харсан. Хүчирхийлэлд өссөн хүүхэд насанд хүрээд бусдыг зовоож тарчлааж, өс хонзонгоо тайлдаг, үүнийгээ хэвийн зүйл мэтээр ойлгодог нь ажиглагдлаа. Мөн ямар ч шалтгаангүйгээр хүч дорой хүмүүсийг зовоох сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байна. Сүүлийн үед телевизээр гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл, өс хонзон агуулсан кино, контентыг хяналтгүйгээр гаргах болсон нь хүчирхийлэгчдэд сэдэл төрүүлээд байх шиг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй, бие махбодыг бүрэн эдгээнэ гэж бараг үгүй. Тиймээс аюулд өртөхөөс нь өмнө сэргийлэхэд анхаарч, нухацтай ажиллах хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийллийг тодорхой түвшинд бууруулж чадсан улс орны туршлагыг сайтар судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийллийг бууруулах талаар хэрэгжүүлж буй бодлого нь зөв үү гэдгийг халуун цэгт ажилладаг хүүхдийн байцаагч, өмгөөлөгч, прокурор, судлаачдаар хэлэлцүүлж, судалгааны томоохон баг гаргах нь зөв болов уу. Бодит судалгаагүйгээр хийсэн ажил үр дүн багатай. Хүүхдэд зориулсан төсөв мөнгө эзэндээ хүрч чадахгүй байгааг хаана хаанаа анхаарах цаг болсон” гэв.

Хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгддэг гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл яагаад “далд” хэсэг рүү өнгийхгүй, өнгөц ажиллаад байна вэ. Манай улс хүүхэд хамгааллын хамтарсан баг гээгчийг бий болгоод цөөнгүй жил өнгөрлөө. Тухайн газрын Засаг даргаар ахлуулсан баг нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, ахлагч, өрхийн эмч, боловсролын байгууллагын нийгмийн ажилтан, олон нийтийн төлөөлөл, өмгөөлөгчөөс бүрддэг. Тэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллах үүрэгтэй. Хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалах, аюулгүй газарт хүргэж өгөх нь тэдний ажлын гол үүрэг. Ингэж ажилла хэмээн тэднийг урамшуулдаг. 2017 онд хүүхэд хамгааллын хамтарсан багийн зардлыг таван тэрбум төгрөг болгон эрс өсгөсөн. Гэвч тэд төсөв мөнгө хүрэлцдэггүйгээс зорилтот бүлэгт хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн үгээр ам тагласан хэвээр. Уг нь хийх хүнд арга олдоно гэдэг дээ.

Манай улсад хүүхдүүд гэр бүл, хамгийн ойр дотнын хүмүүсийнхээ гарт амиа алдаж байгаа нь харамсмаар. Хүчирхийлэл үйлдэж буй газарт хүрч байж үр дүн гарна. Үүнийг батлах жишээ ч цөөнгүй. Хэд хоногийн өмнө онцгой байдлын алба хаагчид гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг шалгаж, зөвлөгөө өгч явахдаа Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд амьдардаг дөрвөн настай охиныг гэртээ ухаангүй шахам байхад нь аварч, хүүхэд хамгаалах байранд хүргэж өгөв. Түүний аав, ээж нь архины хамааралтай байж болзошгүй бөгөөд тэрбээр хоёр хоног хэлэн дээрээ юм тавиагүй байж. Ийм байдалтай удсан бол охин одоо эсэн мэнд байх, эсэхийг мэдэхгүй. Үүний дараахан тэд мөн л тус дүүргийн IX хороонд нэг айлын өрх шатаж, гэрт ганцаараа унтаж байсан долоон настай хүүг галын аюулаас аварсан. Хэдхэн хоногийн шалгалтаар явахдаа аюул эрсдэл дунд байсан хоёр хүүхдийн амийг аврав. Үүнээс харахад эрсдэлтэй орчинд байгаа хүүхдүүдийн гэрээр явж, бодит байдлыг нүдээр харвал олон хүний амь аврах боломжтой санагдана. Дөрвөн хүүхэд галд өртөж, амиа алдахад хөршүүд нь “хогоо шатааж байна” гэж бодсон хэмээн хэнэггүйхэн хариулсан байдаг. Айл хүний амь нэг гэдэг. Эрсдэлтэй бүлгийг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийлэл гарч болзошгүй айлуудыг “тагнаж чагнах” үүрэгтэй хүүхэд хамгааллын хамтарсан багийнхны хийж чадахгүй байгаа ажлыг сэтгэлтэй нэгэнд хариуцуулмаар. Гудамж, эсвэл орон сууцын байр бүрт багахан урамшуулал аваад хүүхдийн төлөө ажиллах сэтгэлтэй хүн олдох байх. Эмээ, өвөө нар ч өдөрт нэг удаа ойр хавийнхаа айл өрхийн аюулгүй байдлыг шалгачихаад, сэжигтэй зүйл ажиглагдвал цагдаад сэмхэн ховолчих чадалтай. Үнэндээ нэг ч гэсэн хүүхдийг хамгаалах чин сэтгэл л бидэнд дутаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.