Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгөө бөөн бөөнөөр нь “мартсанаа” албан тушаалтнууд хүлээлээ

Хэт баяжихаараа зарим хүн хөрөнгөн дундаа “живээд”, нэг хэсгийг нь мартчихдаг гэнэ. Машин, орон сууц, бүр байгуулсан компаниа хүртэл “мартаж” орхидог аж. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан нээлттэй сонсгол ҮАБЗ-ийн дарга Б.Хурцыг ийн нууцаа дэлгэхэд хүргэв. Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ буруу бөглөсөн, хугацаа хожигдуул сан хүмүүсийн асуудлыг уг арга хэмжээний үеэр хөндсөн юм. Үүгээр АТГ-ын үйл ажиллагааг дэмжих, хуульд ямар нэмэлт зохицуулалт, өөрчлөлт хэрэгтэйг мэдэх, хуулиа зөрчсөн албан тушаалтнуудад үнэн үгээ хэлэх боломж олгохыг зорьжээ. Бас хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүргээ биелүүлэхийг УИХ-ын гишүүд хүссэн байна.

Мэдээж авлигын эсрэг тэмцэх том зорилгыг цаанаа агуулсан энэхүү сонсгол анхных байлаа. Улстөрчид авлигын эсрэг тэмцэхийг хүсдэггүй гэсэн олон нийтийн эргэлзээг арилгах нь ч чухал байгаа аж. АТГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан ХОМ бөглөх учиртай 53016 албан тушаалтны 99 хувь нь хамрагдсаныг мэдээлэв. Эдгээрээс зөрчил илэрвэл л нарийвчлан шалгадаг юм байна.

2009 онд 1439 хүний ХОМ-ийг хянаснаас 255-ыг нарийвчлан шалгажээ. Үүнээс 42 хүн мэдүүлгээ худал бөглөсөн байсан гэнэ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 223 хүний мэдүүлгийг хянаж, 39-ийг нь нарийвчлан шалгахад 21 нь худал бөглөсөн байжээ. Орлого, хадгаламж, орон сууц, зуслангийн байшин, машин гэх мэтээр “нуухгүй” юм байдаггүй аж. Ер нь мэдүүлэгтээ бичдэг хөрөнгө байна уу гэх эргэлзээ ч төрж байв. Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөвөөр бөглөн АТГ-т ирүүлэх ёстой. Үүнийг хугацаа хожигдуулж өгсөн, буруу бөглөсөн 10 гаруй албан тушаалтны нэрийг тооцсон хариуцлагынх нь хамт тэрбээр мэдээлсэн юм. Эдгээр эрхэм ч сонсголд өөрийн биеэр оролцож, тайлбараа хэлсэн.

Дорнод аймгийн гаалийн газрын байцаагч Г.Болортуяа, нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ж.Туяацэцэг нар мэдүүлгээ 2-3 хоногоор хожигдуулж өгсөн аж. Тэдэнд сануулга өгч, цалингийн 20 хувиар торгох арга хэм жээ авчээ. Ж.Туяацэцэг 80 гаруй насны ээжийгээ эмнэлэгт 2009 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын 8 хүртэл сахиж байснаас мэдүүлгээ хугацаа ал даж бөглөсөн гэнэ. Нөгөө бүсгүй нь өөрөө хэд хэдэн удаа мэс засал хийлгэжээ. Мэдүүлгээ буруу бөглөсөн албан тушаалтныг АТГ хянаад ямар арга хэмжээ авах тухай чиглэлийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд илгээдэг юм байна.

Тэгвэл хүндэтгэн үзэх ийм шалтгаантай тохиолдолд яах тухай зохицуулалт Авлигын эсрэг хуульд алга байгааг ГЕГ-ын дарга Г.Цэвээнжав, Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар нар онцлов. Хууль зөрчсөн хүмүүсийг холбогдох албан тушаалтных нь хамт ээлж ээлжээр дуудан оруулж, тайлбарыг нь сонсон, гишүүд асуулт тавьсан юм. Тэд бүгд л “Би буруугүй. Хууль зөрчөөгүй. Санаатайгаар хөрөнгөө нуугаагүй” гэж байлаа. Ямар тайлбар өгснийг нь сонирхуулъя.

Ц.Жанлав /Дорнод аймгийн Засаг дарга/: Тэрбээр гэр бүлийн бүртгэлд байдаг дөрвөн орон сууц, үйлчилгээний газрын барилга, хоёр давхар хувийн орон сууц, 50 сая төгрөг, “Дорнод” ХХК, “Жадав” ХХК-ийн хөрөнгийг мэдүүлээгүй хэмээн АТГ тогтоожээ. Жанлав өөрөө болохоор “Манай эхнэрийн нэр дээр дөрвөн орон сууц бий. Түүнийгээ эхнэр маань ХОМ-тээ бичсээр ирсэн. Намайг Засаг дарга болохоос өмнө 1999, 2000 онд дүү нартаа авсан байр. Энэ бүхэн нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргээр баталгаажна. Гагцхүү мэдүүлэгтээ нэгтгэж бичээгүй нь л буруу болж. “Дорнод” ХХК-ийн 270.000 хувьцааг эзэмшдэг байснаа 2007 онд мэдүүлж байсан. Одоо энэ хувьцааг шилжүүлсэн, гэр бүлээс ч хүн эзэмшдэггүй. Хоёр давхар хувийн орон сууцыг 2009 онд ХОМ-тээ бичсэн. Анх мэдүүлэг гаргаснаас хойш хөрөнгийн маань хэмжээ буурсан.

Л.Амгалан /Баянгол дүүргийн Засаг дарга/: “Дэлгэрэх” ХХК, байгууллагаас нь буцалтгүй тус ламж болгон өгсөн 10 сая төгрөг, хадгаламжийн орлогоо нуусан. Тэр харин их “гэнэн” нэгэн аж. Энэ талаараа “Баянгол дүүргийн долдугаар хороонд орон сууц бий. Түүнийгээ ХОМ-ийн “барилга байгууламж” гэсэн хэсэгт бичих ёстой байсныг мэдэлгүй үлдээсэн. Үүнд орон сууц биш үйлчилгээний том объектыг л бичнэ гэж ойлгосон. Төрийн албанд шилжмэгцээ “Дэлгэрэх” ХХК-ийг дүүдээ шилжүүлсэн, үйл ажиллагаанд нь оролцдоггүй, ногдол ашиг хүртдэггүй. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд миний нэрээр байдаг юм байна лээ. Буцалтгүй тусламжаар олгосон мөнгийг тухайн үедээ хэрэглээд дууссан учир бичээгүй. Хадгаламжийн тухайд Нийслэлийн өмчийн харилцааны газарт байхдаа “Голомт” банкны хадгаламжийн дэвтрээр цалингаа авдаг байсан. Тэр үед карт гэж байгаагүй. 2005 онд өөр байгууллагад шилжихдээ хадгаламжийн дэвтэрт хэдэн төгрөг үлдсэнийг шалгаагүй юм. Асуудал үүссэнээс хойш үзтэл 40.000 төгрөг үлдээд тэр нь 2009 онд 147.000 төгрөг болж өссөн байсан. Санамсаргүй, хайхрамжгүйгээсээ болж ХОМ-т эдгээрийг бичээгүй болохоос нуух санаа байгаагүй.

Р.Бат-Эрдэнэ /МИАТ ХК-ийн захирал/: Суудлын машинаа борлуулж олсон 6500 доллар, зуслангийн хоёр байшин, гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн “Аракнидс” компани, малаа нуусан. -ХОМ-тээ зарим зүйлийг буруу мэдүүлсэн байна. 2004 онд худалдаж авсан эхнэрийн машиныг 6500 доллараар зарснаа ХОМ-ийн өөр хэсэгт биччихэж. Зуслангийн байшингаа ч бас барилга, байгууламжийн биш “газар” гэсэн хэ сэгт бичжээ. Үүнийгээ АТГ-т өөрийн биеэр очиж учирласан, албан бичгээр ч мэдэгдсэн. 27 үхрийг зараад, зуднаар үхээд дууссан учир бүртгүүлэх малгүй болсон.

С.Цэцгээ /Улаанбаатарын гаалийн газрын дарга/: Хувийн болон нийтийн орон сууц тус бүр нэг, машины зогсоол, өөрийн болон гэр бүлийн бүртгэлтэй дөрвөн машин, 14 компанийнхаа хөрөнгийг нуусан. -Том хүү маань өрх тусгаарласан. Тиймээс түүний компанийн хөрөнгийг мэдүүлээгүй. Нөхөр маань уул уурхайн компанитай. Би төрийн албанд 27 жил хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа хэмээгээд тэрбээр өөрийгөө шударга, үнэнч, чадварлаг нэгэн хэмээн магтав.

Б.Хурц /ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга/: Хөнгөлөлттэй үнээр өгдөг гэхээр аав маань миний иргэний үнэмлэхээр машин авсан юм. Гэр бүлийнхээ хоёр ч компанийг нуусан гэж миний тухай хэвлэлээр мэдээлсэн. Тэгэхээр нь шалгатал ХОМ-тээ мэдүүлээгүй байна лээ. Нуух сонирхол байгаагүй. Тэр орон сууцандаа би зургаан жил амьдарч байгаа. Иймэрхүү “хөгжилтэй” тайлбарыг тэд хийж биеэ өмгөөлөхийг оролдов. Санаатай нуусан эсэхийг нь тухайн байгууллага нь нотолж чадахгүй учир тайлбарыг сонссон болоод л цалингийн 20 хувиар торгох, сануулах, халаад хэсэг хугацааны дараа буцааж авах гэх мэт нүд хуурсан хариуцлага тооцдог аж. Үүнийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд шүүмжиллээ. Бас том хэргүүдийг нь нуучихаад “жараахай”- нуудаар ам таглах гэлээ гэж ч хэлж байлаа. Авлигын эсрэг хуулийг зөрчсөн бол огцруулах, халах арга хэмжээ ав гэдэг ч тухайн байгууллагын дарга нар нь “… аргагүй нөхцөл байна. Санаатай нуугаагүй, санамсаргүйгээсээ болжээ” хэмээн хаацайлав. Бас Авлигын эсрэг, Гаалийн, Төрийн албаны тухай зэрэг хууль хоорондоо уялдаагүй байгааг ч учирласан. Хүндэтгэн үзэх шалтгаантай, санаатай нуусныг нь нот лох боломжгүй учир шууд л ажлаас халж болохгүй байна, тиймээс

Төрийн албаны тухай хуулийн дагуу сануулах, торгох арга хэмжээ авсан гэж тайлбар хийхээр ирсэн дарга нар хэллээ. Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан тул дээд шатны дарга халах эрхгүй, ИТХ нь шийддэг. Ц.Жанлав, Л.Амгалан нарын асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар яриад “Авч хэлэлцэх шаардлагагүй. Ажлаа сайн хийж байгаа” гээд л өнгөрчихөж.

Х.Тэмүүжин гишүүн хуулийг өмнөөс нь тайлбарлаж буйг шүүмжлэв. Зарим нь буруугаа хүлээж уучлал хүссэн бол “Энэ хариуцлага надад хатуудаж байна” гэх хүн ч байлаа. Тэднээс МИАТ ХКийн захирал Р.Бат-Эрдэнэ л АТГ-т давж заалджээ. Тиймээс арга хэмжээ авахаа түдгэлзэж буйг ТӨХ-ны дарга Д.Сугар хэлэв. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ямар ч иргэн танилцах эрхтэй. Дэлхийн банкны төслөөр энэ онд багтаан нэгдсэн программ хангамжтай болмогц цахим хуудсаар мэдээлэл авах боломж бүрдэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.