Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөндий гоймон”

-Нийгмийн сүлжээг оюун санаа буртаглах хэрэгсэл болгож байна-

Монголчууд аливааг төвөгтэй, ээдрээтэй болгож, хүндрүүлэхдээ улам гаргууд болсоор байгааг илтгэх тэнэглэл нийгэмд өдөр бүр гарч буй нь юутай уйтай. Автомашин, гар утасны дугаар төдий хэдэн тоо, үсгийг “сансрын” үнээр авдаг нь, өчнөөн сар, жилийн цалингаа гар утсанд “барьцаалуулан” байж бусдын нүдэнд “бүтэн” харагддаг гээд бидний дунд “элдэвтэй” хүн олширчээ. Угтаа бол эдгээр нь соёлт хүн төрөлхтний өдөр тутмын энгийн л хэрэглээ. Монголчууд юм болгоныг “чулуу” болгож, сэвж, дэврүүлж байдаг ийм эрдэм, ухааныг аль цаг үед сурсан юм бүү мэд. Дэлхий нийтээр энгийн хэв маяг руу тэмүүлж байна. Гэтэл монголчууд эсрэгээрээ илүү төвөгтэй байлгахаар ухаан уралдуулаад байна уу гэлтэй заримдаа айх, гайхах зэрэгцэх юм.

Бид сүүлийн үед коронавирусийн вакцины талаар ёстой дураараа бурж, бидний нэрлэдгээр нийгмийн сүлжээ (угтаа бол олон нийтийн сүлжээ)-г “хашрааж” байна.
Вакцин тариулж болохгүй, цэвэр монгол генийг устгах гэж байна. Хүн төрөлхтний тодорхой хэсгийг утсгах дэлхийн баячуудын бодлогод автаж болохгүй. Вакциныг хэдэн 10 он дамжин хөгжүүлдэг байтал ганц жилийн дотор гаргаж авсан нь яавч сайнгүй. Урд хөршөөс авбал тариулж болохгүй, хятадууд биднийг хорлох нь лавтай. Харин орос “ах”-ынхыг тариулсан нь өлзийтэй гэхчлэн хөврөх хэдэн мянган сэтгэгдлээс харахад бөмбөрцгөөр нэг тархсан хөнөөлт вирусийн бодит аюулд бус, тодорхой бүлэг, хэсэг хүний сэвж буй тэнэглэлийн салхи, эсвэл сэтгэл хөдлөлдөө автсан “автор”-ын итгэл үнэмшилд бид анхаарал хандуулаад байх шиг. Хэдэн жилийн өмнө хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтад манайхан бас л ийм маягаар хандаж, бөөн шуугиан дэгдээж билээ. Ер нь вакцинжуулалтын эсрэг байнга ингэж “тэмцэж” ирсэн дүр зурагтай. Гэтэл үнэндээ вакцин, тарилга бүтээснээр хүн төрөлхтөн өчнөөн өвчин, зовлонгоос салсан. 200 гаруй жилийн тэртээд Европоор дамжин дэлхийн олон хэсэгт тархаж, хагас тэрбум хүний амийг авч одсон салхин цэцэг өвчнийг 1796 онд Английн эрдэмтэн Эдвард Женнер анх вакцин бүтээснээр бүрэн дарсан түүхтэй. Тэр цагаас хойш вакцинжуулалт гэдэг үгийг дэлхий даяар аврал хэмээн хүлээн авдаг болсон. Энэ нь бие махбодын өөрийнх нь хамгаалалтыг идэвхжүүлэн дархлааны тогтолцоог бэхжүүлснээр халдварт өвчинд тэсвэртэй болгох, улмаар урьчилан сэргийлэх хамгийн найдвартай арга. Гэтэл ХХI зууны монголчууд бид вакцины эсрэг кампанит сурталчилгаа өрнүүлж буй мэт ам уралдан донгосож байгаа нь сэтгэлгээний хоосролтой шууд холбоотой. Хатуухан хэлэхэд, хөндий гоймон лугаа адил болжээ. Гар утас, машины дугаарыг нэрийн хуудсаа болгож, “гангардаг” нь ч тархи хоосон, хөндийгийн том илрэл. Эрээвэр хураавар мэдээллийг тунгааж, шүүж чадах хэмжээний мэдлэг боловсролгүй, аливаад шинжлэх ухаанчаар бус ханддаг хүн манай нийгмийн нэлээд хэсгийг эзэлж байгаа нь жинхэнэ эмгэнэл. Ташрамд “муулахад”, олны дунд нэр хүндтэй, хэвлэл мэдээллийн салбарын нэгэн эрхэм хүртэл “Ковид-19”-ийн эсрэг вакцинд итгэж болохгүй хэмээн олныг уриалан дуудаж байх юм. Ийм байхад жирийн иргэд мэдээллийн төөрөгдөлд орж, будилах нь аргагүй шүү дээ. Юм уншдаг, мэддэг нь, уншилгүй дагаж дэвдэг нь ч гээд бүгд ийм дүр төрхтэй байхад бид хүн төрөлхтний дундах зэрлэгүүд хэмээгддэг сентинелчүүдээс юугаараа ялгаатай юм бэ. Андаманы хойд хэсэгт орших Сентинел арлын уугуул иргэд монголчууд шиг мэдээллийг олон сувгаар авдаггүй, цахим, нийгмийн сүлжээ гэж юу байдгийг, тэр ч бүү хэл нар, сар, дэлхий бүгд сансрын биет гэдгийг ч мэдэхгүй, чулуун зэвсэгтэйгээ “мөнхөрсөн” хүмүүс. Харин монголчууд нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ (хүн амд ногдох үзүүлэлтээр) дэлхийд дээгүүрт бичигддэг, өөрийн гэсэн хэл, бичгийн соёлтой цөөхөн улс, үндэстний нэг гээд тэс өөр иргэншлийнх. Тэгсэн хэрнээ гангараа, хэрэглээгээрээ нэгнээсээ “ондоошиж”, нийгмийн сүлжээг мэдээлэл, мэдлэгийнхээ баттай эх сурвалж болгон өнөө, маргаашийг харж байгаа нь дэндүү харамсмаар, бүр гасалмаар. Тийм учраас л “мояачууд” гэсэн гашуун нэрийг хэн нэгэн бодож олсон буй за. Хэдийгээр егөөдөл мэт боловч үнэн хэрэгтээ бид алс бөглүү арлынхнаас ч бүдүүлэг, харанхуй байгааг илтгэсэн гоё “томъёолол”.

Ном, сониныг бус, нийгмийн сүлжээг мэдээлэл гэж хардаг учраас энэ орчинд суртал ухуулагчид, намын “нөхөд”, харлуулан бутаргагчид онцгой идэвхтэй ажиллаж, иргэдийн тархийг угааж байна. Хамгийн хорлонтой нь тэд нийгмийн сүлжээг иргэдийн оюун санааг буртаглах хэрэгсэл болгожээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тайм” сэтгүүлийн 2019 оны нэгэн судалгааны тайланд дурдсанаар, нийгмийн сүлжээн дэх замбараагүй, элдэв мэдээлэл үзэл бодол нь төлөвшөөгүй өсвөр үеийнхэнд, тэр дундаа охидод илүү сөрөг нөлөөлж байгааг тогтоожээ. Нийгмийн сүлжээ нь өрсөлдөөний талбар болж хувирснаар сэтгэл гутралд орлуулж, улмаар амиа хорлоход нөлөөлж байгааг Австралийн судлаачид мөн тогтоосон байна. Энэ нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүмүүст ажиглагддаг гэнэ. Тэгэхээр нийгмийн сүлжээгээр баримжаа хийж, мэдээлэл боловсруулах дархлаагүй болсон монголчуудыг гэнэн, болчимгүй “тэнэг” охидтой зүйрлэж болохоор аж.

Дээр дурдсан арлынхан гадаад орчинтой ямар ч харилцаагүй, газар нутагт нь нэвтэрсэн хэнийг ч өршөөлгүй намнадаг болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. 2006 онд төөрч яваад тус нутагт очсон хоёр загасчин “зэрлэгүүдийн” нум суманд өртөж амиа алдсан бөгөөд тэдний цогцсыг авах бүх оролдлого талаар болжээ. Хамгийн сүүлд гэхэд 2018 онд 26 настай, америк залуу сентинелчүүдийн нутагт үүрд нойрссон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Хэдийгээр ийм зэрлэг, өршөөлгүй ч ширэнгийн овгийнхныг авран хамгаалах нь Энэтхэгийн Засгийн газрын үүрэг гэж үзэн тухайн бүс нутгийг онцгой хатуу хамгаалалтад авсан нь саяхан. Учир нь гадаад орчинтой ямар ч харилцаагүй уугуул иргэд аливаа халдвар, өвчинд өртөх эрсдэл асар их учраас тусгаарлан хамгаалах нь тэднийг аврах хамгийн зөв арга гэж үзжээ. Үүнтэй адил монголчуудын мэдээллийн төөрөгдөл, зэрлэгшлийг арилгаж, энэ чиглэлийн дархлааг сайжруулахын тулд тодорхой бодлого боловсруулахгүй бол горьгүй нь. Үүнд шинэ Засгийн газрын эмхлэн байгуулсан Соёлын болон БШУЯ онцгой анхаарч, хүн амыг соён гэгээрүүлэх учиртай.

Монголчууд дэлхий нийтийн адил сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хорио, хатуу дэглэмтэй нүүр тулсан. Ийм нөхцөл байдал нь, өөрөөр хэлбэл, хөл хорионы дэглэм нь интернэт орчинтой илүү “дотносох”, нийгмийн сүлжээнд донтох эрсдэл бий болгож байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна. Тиймээс иргэдээ мэдээллийн төөрөгдөлд оруулахгүй, сэтгэц, сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг нь хангахын тулд холбогдох яам, тамгын газрынхан цаг алдалгүй толгойгоо ажиллуулах зайлшгүй шаардлага байгааг сануулахад илүүдэхгүй буй за. Харамсалтай нь, төрийн албанаас тодорхой хэсгийнхэн нь л цахимаар ажлаа хийж, олонх нь “амралтын горим”-той байгаа нь хэтрүүлээгүй үнэн. Ялангуяа Соёлын яам энэ тал дээр манлайлах учиртай ч таг чиг байсаар. Энэ ташрамд өгүүлэхэд, нийгмийн сүлжээний орчин эх хэлний соёлд таамаглах аргагүй сөргөөр нөлөөлөх нигууртайг дуулгая. Үгийг хэт товчлон бичих, маазарч хөгжилдөх гэсэн хүмүүс зөв бичих дүрмийг жинхнээсээ алж байгааг холбогдох албаныхан анхаарах буй за.

Илт гэмт хэргийн шинжтэй, эсвэл садар самуун сурталчлахгүй л бол нийгмийн сүлжээн дэх мэдээллийг хянах боломжгүй. Энэ нь сурталчлагчид, ганцаардсан, мухардсан, бүтэлгүйтсэн сэтгэлээ буруугаар илэрхийлэгчид, эсвэл онцгойрч, сондгойрох хүсэлтэй зарим хүнд таатай орчин. Эрээ цээргүй зарим нь нийгмийн сүлжээг эзэгнэн оюун санаа, үзэл бодлын тахал тарааж байгаад иргэд өөрсдөө хяналттай байгаасай.

Энэ бүхний эцэст хэлэхэд, нийгмийг зөв зүйлд уриалдаг, үйлдэл, үг нь үлгэрлэл болсон “нүүр номч”, “жиргээч” олон бий. Бусдын сайн сайхныг ил гаргаж, эерэг хандлагыг нийгэмд түгээдэг, гэрэлтсэн тийм хүмүүсээс албаныхан үлгэр авч, ажил хэрэгтээ тусгаасай. Тэдэнтэй хамтран нөлөөллийн ажил эхлүүлж яагаад болохгүй гэж. “Амьдрал бол бусдад өгөх хайр юм” гэж Оросын суут зохиолч Л. Толстой хэлсэнчлэн цар тахлын хөл хорио хэмээх “ханаар” тусгаарлагдсан энэ үед хүмүүст хайрыг илүү түгээх боломжийг цахим ертөнц бидэнд олгож байна.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.