Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөл хорионы үеийн төгсөгчдийн хөөрхийлөлтэй ирээдүй

…Аймаг, нийслэлийн Боловсролын газрынхан төгсөх ангиудын хичээлийн агуулга, чанарт онцгой анхаарах шаардлага тулгарлаа. Боловсролын үнэлгээний төвийнхөн цахим хуудсаараа дамжуулан шаардлагагүй баахан мэдээлэл түгээхийн оронд жишиг даалгавар боловсруулж, сурагчдын түвшнийг бодитоор үнэлэн, чиг баримжаа олгоосой. Түүнчлэн хичээлийн хоцрогдлыг богино хугацаанд хэрхэн нөхөх хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулаасай…

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тун чиг шаламгай байна. Тамгаа гардсан даруйдаа “Боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан тогтолцоог өөрчилнө” гэж мэдэгдсэн тэрбээр Боловсролын зээлийн сан, тендер, худалдан авах ажиллагаа, шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилт, газрын наймаанд гар бие оролцдог их, дээд сургуулиудын удирдлагатай холбоотой, мөнгө, эрх ашиг хэмээх мөнхийн сүүдэр дагуулдаг асуудлуудыг нэн түрүүнд барьж авч, холбогдох баримт, мэдээллүүдийг олон нийтэд ил болгов. Түүнчлэн багш нарт ур чадварын нэмэгдэл цалин олгох, өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг танах, боловсролын хөрөнгө оруулалтыг хүн амын төвлөрөл, газар зүйн мэдээлэлд үндэслэн хуваарилах, сурах бичгийн агуулга, чанарыг эргэн харж, шинэчлэх цаг болсныг хэллээ. Товчхондоо бол шинэ сайд салбарынхаа идээ бээр болсон асуудлуудыг цэгцлэх шийдэл, төлөвлөгөөгөө хэдийн бодоловсруулжээ. Энэ талаараа ч хангалттай ярилаа. Олон нийтийн сүлжээгээр ч өчнөөн “сурталчлав”. Харин одоо танилцах дадлага, тайлан, мэдээллийнхээ цагийг дуусгаад, төгсөх ангийн сурагчдын асуудалд анхаарах цаг болжээ, эрхэм сайд аа. Цар тахлын хүндхэн цаг үед цахим хичээл төдийхнөөр хоёр жил “гол зогоосон” сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгох хүндхэн сорилттой юу юугүй нүүр тулах нь. Танд бодсон, төлөвлөсөн зүйл бий юү?

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) бол жирийн үед, улирал тутам авдаг сорилуудаас тэс өөр. Бусад шалгалт нь тухайн цаг үед хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөр, стандартад заасан мэдлэг чадварыг үнэлэхэд чиглэдэг бол ЭЕШ-ын агуулга ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг бүхэлд нь хамардаг. Тодруулбал, тухайн сурагч 12 жилийн хугацаанд зохих мэдлэг эзэмшсэн үү, их, дээд сургуульд элсэхэд бэлэн болсон уу гэдгийг энэ шалгалтаар хэмждэг. Материалын агуулга, түвшин улсын шалгалтынхаас чанга байдаг нь ийм учиртай. Тиймээс сурагчдын хувьд хамгийн хариуцлагатай, завгүй үе нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөх сүүлийн жилүүд байдаг. Гэтэл 2020, 2021 оны төгсөгчид энэ боломж, цаг хугацаагаа “хязгаарлуулав”. Өнгөрсөн оны төгсөгчдийн хувьд сүүлийн нэг жилийн хичээл нь завсардсан бол 2021 оныхон үүнээс хоёр дахин урт хугацааг цар тахлын сүүдэрт өнгөрүүлэв.

Дан ганц теле хичээлд найдалгүй цахим давтлага, сургалтад хамрагдаж, шалгалтдаа бэлдэж буй сурагчид бийг үгүйсгэхгүй. Харин үүнээс хэдэн зуу дахин олон хүүхэд зөвхөн теле хичээл гэх 10-20 минутын уйтгартай “яриа”-г цаг алдалгүй сонсох, түүнийгээ хуулан бичих, хийсэн даалгаврынхаа зургийг фэйсбүүкийн бүлгэмд нийтлэх байдлаар өдөр хоногуудыг аргацаасаар ирсэн. Гэтэл боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынхан нь өөрсдөө теле хичээлийнхээ үр дүнг “үгүйсгэж” орхилоо.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “ЭЕШ-ыг танхимаар судалсан хичээлийн агуулгын хүрээнд авна гэдгээ яам өнгөрсөн жил олон нийтэд эрт зарлаж, жишиг даалгаврыг тавдугаар сард цахим сүлжээнд байршуулсан. Өнөө жил ч ялгаагүй. Зөвхөн танхимаар судалсан агуулгын хүрэээнд шалгалт авна” гэж саяхан мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, хоёр жил орчмын хугацаанд сурагчдыг дэлгэцийн өмнө уясан теле хичээл ЭЕШ-ын агуулгад ер “шингэхгүй” нь. Тэдний ерөнхий мэдлэгийг үнэлэхэд арваннэг, арвванхоёрдугаар ангийн хичээл тийм ч чухал байр суурь эзлэхгүй нь гэсэн логик түүний ярианаас “уншигдаж” буй юм. Багш нар эл мэдэгдэл, шийдвэрт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа нь олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдэл, байр сууриас илэрхий харагдав. Эцэг, эхчүүд ч “Өнгөрсөн жил яг ингэж мэдэгдээд, олон хүүхдийн амьдралаар тоглосон. Үзсэн агуулгын хүрээнд, хөнгөн даалгавар өгөх нь гэж найдсан хүүхдүүд шалгалтдаа дорвитой бэлдэлгүй орцгоогоод, тааруу оноо авсан. Ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, хүүхдүүдийн санааг амрааж болохгүй” хэмээн бухимдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар сургуулийн багш Э “Аравдугаар ангийн мэдлэгтэй, сүүлийн хоёр жилийн хичээлээ бараг үзээгүй, хоцрогдолтой хүүхдүүдийн сэтгэл зүйгээр ингэж тоглох хэрэггүй. Харин ЭЕШ-ын агуулгын хүрээнд жишиг даалгавар боловсруулан, сурагчдыг ажиллуулах хэрэгтэй” гэсэн бол өөр нэгэн сурган хүмүүжүүлэгч “Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн агуулгыг танхимын, танхимын бус гэж ангилах нь маш буруу. Холбогдох журамд тусгасан агуулгын хүрээнд авах ёстой. Үүнийгээ эрт хэлж, сурагчдыг элсэлтийн шалгалтдаа бэлдэхийг уриалах байтал БШУЯ, Боловсролын үнэлгээний төв буруу механизмаар ажиллаж байна” гэсэн байр суурь илэрхийлэв.

Олонх сурагчийн хувьд өмнөх жилүүдийн материалыг гүйцэтгэх байдлаар ЭЕШ-д бэлддэг. Хавар болохоор л багш, сурагчгүй ЭЕШ-ын материалын эрэлд гарцгаадаг. Гэтэл энэ нь тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг учир мэдэх хүмүүс анхааруулав. “Шалгалтын материалыг жил бүр өөр өөр багшаар зохиолгодог учир агуулгын хувьд давтагдах, ижил зүйл оруулах боломжгүй. Өмнөх жилүүдийн тестийг бүгдийг нь хийлээ гээд энэ удаагийн шалгалтаа амжилттай өгнө гэсэн баталгаа байхгүй. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг “хууль” үйлчилдэг” гэсэн туршлагатай багш нарын үгийг төгсөгчид анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Их, дээд сургуулиудын босго оноо өндөр, ЭЕШ-ын сэдэв хүнд байх тусмаа боловсролын салбарт үүрлэсэн гажуу тогтолцоог өөрчлөх боломжтой. Чанаргүй сургуулиудын тоо цөөрнө, элсэгчдийн чансаа ч сайжирна гэж үздэг. Энэ зүй тогтлын дагуу 2021 оны төгсөгчдийг “шүүх” хүсэлтэй хүмүүс ч байна. Тэд “Жинхэнэ сорил болох нь. Илүү хичээж, хөдөлмөрлөсөн нь тодроод гараад ирнэ” гэж ярьж эхэллээ. Гэвч нэг сар ч биш, хагас жил ч бус, бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд гэртээ “хоригдсон” хүүхдүүдийн хувьд ингэж хатуурхах нь дэндүү учир дутагдалтай бус уу.

Боловсролын хүрээлэнгийнхэн теле хичээлийн үр дүнг тандах судалгааг тогтмол хийж байгаа. Тэд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийн агуулгын алдагдал 2019-2020 онд улсын хэмжээнд 47-53 хувь гэж үнэлсэн. Харин энэ жил 22.2 хувьтай байна гэж дүгнэсэн юм. БШУЯ-ныхан элсэлтийн шалгалтыг ийм, тийм агуулгын хүрээнд (дээр дурдсанчлан) авна гэсэн эргэлзээтэй зүйл ярьж, иргэдийг талцуулахын оронд судалгааны байгууллагынхнаар мониторинг хийлгэж, төгсөх ангийн сурагчдын хоцрогдол, чадамж, мэдлэгийн түвшнийг энэ мэтчилэн үнэлбэл үр дүнтэй. ЭЕШ-ыг товлоход ч цар тахлын нөхцөл байдлаас гадна эл судалгааны үр дүнг харгалзан үзэхэд буруудахгүй л болов уу.

Аймаг, нийслэлийн Боловсролын газрынхан төгсөх ангиудын хичээлийн агуулга, чанарт онцгой анхаарах шаардлага тулгарлаа. Боловсролын үнэлгээний төвийнхөн цахим хуудсаараа дамжуулан шаардлагагүй баахан мэдээлэл түгээхийн оронд жишиг даалгавар боловсруулж, сурагчдын түвшнийг бодитоор үнэлэн, чиг баримжаа олгоосой. Түүнчлэн хичээлийн хоцрогдлыг богино хугацаанд хэрхэн нөхөх хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулаасай. Харин БШУ-ы сайд одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ЭЕШ-ыг оновчтой хугацаанд нь товлоосой. Эцэг, эхчүүд “Өнгөрсөн хугацаанд шал дэмий хөл хорилоо. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон нь буруу” гэж гомдоллохын оронд шалгалт хүртэлх цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх, ашиглах боломжийг хүүхдүүддээ хангалттай олгоосой. Төгсгөлд нь хэлэхэд, ЭЕШ бол жирийн үед, улирал тутам авдаг сорилуудаас тэс өөр, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын маргаашийг тодорхойлох их сунгаан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.