Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөвсгөл далай төмрийн хогоор дүүрсээр

“Сүхбаатар-1” хөлөг онгоцноос хойш Хөвсгөл далайд нийтдээ 47 машин, нэг хөлөг онгоц живээд байна. 47 дахь машин нь 2011 оны хоёрдугаар сарын 8-нд нуурын ёроол руу “шумбав”. 48 дахь нь хэзээ ч живэхэд бэлэн, ангал дээр байна. Үүнээс өмнө 2001 онд нэг, 2007 онд гурван машин живжээ. Хөвсгөл нуурын ёроолд 100 гаруй машин хэвтэж байгаа гэх албан бус тоо ч бий. Энэ олон машиныг мод чулуугаар бус төмрөөр хийсэн.

Төмөр усанд зэвэрч, бохирдуулдаг металл. Цэвэр усны нөөцөөрөө дэлхийд Байгаль далайн дараа хоёрдугаар бичигддэг Хөвсгөл далайн цэнгэг усанд ногоон замаг ургаж байгааг байгалиа гэсэн сэтгэлтэй, учир мэдэх хүмүүс сэрэмжлүүлж байна. Нуурын хөлөг онгоцны зогсоол дээр очиход л ёроолд нь тамхины иш, ундааны бөглөө, чихрийн цаас үзэгдэж, нов ногоон замагтай нийлээд тэрхүү дуу алдмаар, гайхмаар цэнгэг усыг гутааж харагддаг билээ. Замаг бол цэнгэг ус бохирдож буйг илтгэдэг мэдээлэгч аж.

Нуур ингэж бохирдоход ёроолд нь хэвтэн, зэв үйлдвэрлэж, ойр орчны амьтан, ургамлыг хордуулж байгаа машинууд нөлөөлж байгаа нь эргэлзээгүй. Монгол орны нийт гол мөрний 15 жилийн урсацтай тэнцэх цэнгэг ус Хөвсгөлд бий. Энэ нуурын мөсөн дээгүүр тээвэр хийх боломж өвлийн гурван сарын хоёрт нь буюу арванхоёр, нэгдүгээр сард олддог аж. Гэхдээ аюултай. Үүнийг өмнө нь нэрт сэтгүүлч Ц.Балдорж Монголын ард түмэнд сануулсаар ирсэн.

Хэдхэн хоногийн өмнө тус нуурт шатахуун тээвэрлэсэн хоёр машин живсэн нь энэ аюулыг дахин санууллаа. Үүний өмнө шатахуунтай дөрвөн цистерн чиргүүлтэйгээ нуурын ёроол руу живсэн байна. Тэр машинуудын шатахуун асгарвал Хөвсгөл далайн цэнхэр мандал юу болох бол. Цагийн эрхээр төмөр торхнууд зэвэнд идэгдсээр цоорч, шатахуунаа усанд юүлэх нь гарцаагүй. Тэр цагт бид цэвэрлэж чадах уу. Сүүлд осолдсон хоёр машины ядаж шатахууныг нь ямар ч үнээр хамаагүй соруулаад авчих юмсан.

Х.БОЛОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.