Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн төлөө сан байгуулах эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд нэмэлт оруулах тухай болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, баталлаа. Тус хуулийг баталсанаар хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө санг байгуулж, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулах юм. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдлээ. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө сан байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлж байсан.

Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан.

Уг хандивын тоглолтын үеэр 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийт хоёр тэрбум 227 сая 408 мянган төгрөгийн хандив өгсөн байна. Хандивын тоглолт зохион байгуулах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн төр захиргааны нийт 34 942 албан хаагчийн нэг өдрийн цалин болох ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийг хандивлах уриалга гаргаж байсан. Мөн БСШУ-ны яамны хамт олон нэг өдрийн цалингаа хандивласан. Түүнээс гадна мөнгөн дүнгээр тооцвол тав сая ба түүнээс дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний эд материалын хандив өгсөнийг иргэд санаж буй биз ээ.

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 30 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн төлөө фондын санхүүжилтээр

  • 68 цэцэрлэг,
  • 10 гаруй эмнэлэг,
  • пионерийн 70 гаруй зуслан,
  • Хуримын ордон,
  • Монголын Хүүхдийн ордон,
  • Залуу техникчдийн ордон,
  • Усан бассейн,
  • Олон улсын Хүүхдийн Найрамдал зуслан,
  • Монголын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв,
  • Бамбарууш кафе,
  • Хүүхдийн төв номын сан,
  • Хүүхэд залуучуудын парк,
  • Хүүхдийн шүдний поликлиник гэх мэт 200 гаруй бүтээн байгуулалтыг бий болгож, хүүхдийн эрх, хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.