Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүртээмжгүй байдал буюу “жинхэнэ” бэрхшээл


“…Дөнгөж амаржаад, эмнэлгээс гарсан үе. Шөнө нь хүүхэд минь өндөр халуурч, түргэн тусламж дуудах гэтэл би ярьж чадахгүй болохоор ээж, эгч, найз руугаа зурвас бичлээ. Бүгд амарч байсан үе тул хариу зурвас ирсэнгүй. Аргаа барж байтал найз минь миний тусламж хүссэн зурвасыг уншиж, үүрээр эмч дуудан өгсөн. Хэрэв дохионы хэлмэрч байсан бол дүрст дуудлага хийгээд цаг алдалгүй эмнэлэгт хүрэх байв. Тухайн үед нөхөр минь хөдөө томилолтоор явсан байсан” хэмээн сонсголын бэрхшээлтэй нэгэн эмэгтэй ярив.

“… Би 44 настай. Тэргэнцэрт суугаад 20 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж чадаагүй. Үзүүлэхийг хүсдэг ч эмнэлэгт надад тохирсон ариун цэврийн өрөө, үзлэгийн ор байхгүй. Эрүүл мэнддээ санаа зовж байна” гэж тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэй хэлсэн юм.

Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр эмэгтэйд тохиолдсон явдал биш. Хараа, сонсгол, тулгуур эрхтэн, оюуны болон бусад төрлийн бэрхшээлтэй олон мянган эмэгтэйд тулгамдсан асуудал. Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн үеийн буюу 2018 оны мэдээллээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106 мянга гаруй хүн амьдарч байна. Тэдний 46 мянга гаруй нь эмэгтэй бөгөөд дээрх асуудалтай бүгд тулгардаг гэхэд хилсдэхгүй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс гадна бүх шатны боловсрол, ажлын байр, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмжгүй байдал, олон нийтийн газраар явахад саад учрахаас эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд алхам бүртээ асуудалтай тулгарч байна. Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй. Үүн дээр нийгэм, орчны хязгаарлалт нийлж, хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг байна. Тухайлбал, тэргэнцэртэй иргэн ажил хөдөлмөр эрхлэх чадваргүйдээ биш, гагцхүү ажлын байр хомс, хүрэх зам нь саадтай учраас чадахгүй байгаа юм. Үүнтэй адил сонсгол, харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч чадахгүйдээ бус, тэдний онцлогт тохирсон сургалтын орчин, гарын авлага, мэргэжлийн багш хомс байгаагаас олонх нь амжилттай сурч чаддаггүй.

Тодруулбал, тухайн хүнээс бус, онцлогт нь тохирсон, хүртээмжтэй орчин байхгүй нь бэрхшээл үүсгэж буй юм. Үүнийг олон улс хэдийн хүлээн зөвшөөрч, онцлог хэрэгцээт хүмүүс хэмээн үзэж, тэдэнд таатай орчин нөхцөл бүрдүүлж байна. Гэтэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн халамжаар амьдардаг, юу ч хийж бүтээж чадахгүй мэтээр харж, ойлгуулж, “хайрцагласаар” өдий хүрлээ. Үүний үр дагаварт хөгжлийн бэрхшээлтэй иргэд ар гэртээ ачаа болж, ажилгүйчүүдийн эгнээг тэлж, ядуурлын ангал руу унаж байна. Үүгээр зогсохгүй бие махбод, бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол “эрүүл” хүнтэй харьцуулахад гурав дахин их байгааг Хүний эрхийн үндэсний комиссынхон (ХЭҮК) хэлж буй. 2018 онд цагдаагийн байгууллагаас тухайн комисст хүргүүлсэн баримтад хөгжлийн бэрхшээлтэй 24 эмэгтэй бэлгийн хүчирхийллийн хохирогч болсны долоо нь насанд хүрээгүй байж. Орон нутагт эл төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй олон байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаанаас харж болно. Эл төрлийн гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэж байгаа учраас далд хэлбэрт оржээ. Харахгүй, сонсохгүй, тэргэнцэртэй охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн ч өөрсдөө цагдаагийн байгууллагад хандахад амаргүй. Заавал хэн нэгний тусламж шаардлагатай болдог. Хохирогч болсноо гэр бүлийнхэндээ хэлэхээс ичдэг, айдаг, хэлсэн ч үл тоосон тохиолдол цөөнгүй байгаа юм. Ганц жишээ хэлье. Тулгуур эрхтний бэрхшээлтэй охиноо эцэг, эх нь гадуур гарахдаа хөрш айлын хүндээ даатгаад үлдээжээ. Харамсалтай нь, өнөөх этгээд охиныг хүчирхийлсэн байна. Энэ тухайгаа аав, ээждээ хэлсэн ч охиноо өрөвдөж хайрлан, өнөөх этгээдийг цагдаад мэдэгдэхийн оронд төрсөн эцэг нь ч удаа дараа хүчирхийлсэн бусармаг хэрэг үйлджээ. Бусдын нүд, чихнээс далдуур хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж буйг анхаарах, тэднийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн талаар мэдлэг ойлголттой болох арга хэмжээг даруй авах шаардлагатай байна.

Үндсэн хуульд “…Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 25 дугаар зүйлд “Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг алагчлалгүйгээр эрүүл мэндийн дээд түвшний стандартад хүрэх эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заажээ. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр зэрэг хууль, эрх зүйн баримт бичгийг баталснаас гадна олон улсын өмнө хүлээсэн гэрээ, конвенцод нэгдэн орсон. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, эрх тэгш оролцоог дэмжсэн хууль тогтоомж хангалттай бий гэсэн үг. Харин тэдгээрийг цаасан дээр бус, амьдралд хэрэгжүүлмээр байна.

Нэг үеэ бодвол Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх тодотголтой агентлагтай болсон. Үүнийг ч хүний эрхийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд сайшааж буй бөгөөд зорилтот бүлэгтээ хандсан олон ажил хийнэ гэдэгт итгэж байгаагаа уламжилсан юм. Ялангуяа иргэд олноор үйлчлүүлдэг аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нөхөн үржихүйн кабинетад тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тохирсон хүртээмжтэй үзлэгийн ор, харааны болон сонсголын бэрхшээлтэй бүсгүйчүүдийн онцлогт тохирсон угтах үйлчилгээ, дохионы хэлмэрч, орчуулагчтай байх шаардлагатайг онцолсон юм. Олон улсын санхүүжилтээр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийг нөхөн үржихүйн хүртээмжтэй кабинет, дасгалын өрөөтэй болгожээ. Харин улсын эмнэлгүүдэд ийм зориулалтын тусгай ор, жин, дасгалын төхөөрөмж байхгүй. Саяхан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд цахимаар дохионы хэлмэрч ажиллаж эхэлсэн байна. Эл ажлыг төр, засгаас биш, олон улс, төрийн бус байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд маш их дэм болох нь ойлгомжтой.

Эрүүл мэндийн бүх шатны байгууллагын бүртгэл мэдээлэлд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт ордоггүй тул тэд ямар төрлийн үйлчилгээг илүү авч, жилд хэдэн хүн хамрагдсан зэрэг тоон мэдээлэл улсын хэмжээнд гарахгүй байгааг энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд шүүмжилсэн билээ. Судалгаа, тоон мэдээ, баримт байхгүй тул тухайн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөгөө гаргаж, онцлог хэрэгцээнд нь тохирсон үйлчилгээ үзүүлж чаддаггүй байна. Тэр ч бүү хэл, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн иргэн амьдарч буй тэдний хэд нь хүүхэд болох талаарх мэдээлэл нь эргэлзээтэй, баттай биш байгааг юу гэх вэ. Өөрөөр хэлбэл, Үндэсний статистикийн хороо болон ХНХЯ, халамж, үйлчилгээний газруудаас гаргадаг тоон мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй байдаг.

Угтаа хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэн, өөрсдөөс нь үл шалтгаалах жинхэнэ бэрхшээлийг нь арилгаж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж, сурч хөгжиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, хүчирхийллээс ангид байж чадна. Өөрийн хүчээр амжилтад хүрч, дотоод, гадаадын их, дээд сургуульд сурч, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж хөдөлмөрлөж яваа хөгжлийн бэрхшээлтэй олон хүн үүний тод жишээ билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хүртээмжгүй байдал буюу “жинхэнэ” бэрхшээл

  • Avatar Готов Отгонцэцэг says:

    Өрх толгойлсон 4 хүүхэдтэй групптэй иргэн бна. Хүнсний талонд хамрагдуулж тусалнуу