Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүнсний ногооны тариалалтыг 15 хувиар нэмэгдүүлнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр зарим байнгын хороог хуралдуулах болсон. Үүний дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. Манай улс өнг өрс өн онд нийтдээ 432.2 мянган тонн үр тариа хураан авчээ. Тодруулбал, улаан буудай 411.1, төмс 240.7, хүнсний ногоо 115, тосны ургамал 21.3, малын тэжээл 171.1 мянган тонн хураасан бөгөөд улаан буудайн 83, хүнсний ногооны 46 хувийг дотоодоосоо хангасан аж. Улаан буудай импортлох зөвшөөрөл олгосноор ОХУ-аас 156.2 тонныг дотоодод нийлүүлж, 2021 оны ургац хураалт хүртэл гурилын хомсдол үүсэхгүй байх нөхцөл бүрдүүлснийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцлов. Энэ жил 530.3 мянган га талбайд тариалалт хийж, улаан буудай 471 500, төмс 222 400, хүнсний ногоо 116 100, малын тэжээл 170 100, тосны ургамал 26 400, жимс, жимсгэнэ 3000 тонн хураан авахаар бэлтгэл хангаж буй гэнэ. Түүнчлэн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж, иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, мөн “Өрхийн тариалан” аян өрнүүлэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүд энэ үеэр сайдад асуулт тавьж, хариулт авсан юм. Тухайлбал, тариалангийн аж ахуйг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийхийг тодруулахад “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тариалан эрхлэгчдэд олгох болсон. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь” төсөл эхлүүлээд байна. Үүний хүрээнд 8500 тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй 100 ширхэг трактор, ногооны үрлэгч, комбайн, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж нийлүүлнэ. Стандартын шаардлагад нийцэх агуулахын тоог нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийг сайжруулахад чиглэн ажиллаж байгаа” гэж хариулсан юм.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн, ХААДС гэсэн нэртэйгээр ХХААХҮЯ-ны харьяанд байгуулсан. Тус сангаас 767 аж ахуйн нэгж, иргэний 254.3 мянган тонн хүнсний улаан буудайд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж. Мөн найман сортын, 5600 тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна. Түүнчлэн энэ оны хаврын тариалалтад хэрэглэх нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий ургамал хамгааллын бодис, бордоог иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох нь.

Өнгөрсөн онд ЖДҮХС-гаас 22.8 тэрбум төгрөгийг 249 төсөлд, банкаар дамжуулан ЖАИКА-гийн хоёр дахь шатны төслийн хүрээнд 3.1 тэрбум төгрөгөөр зургаан төслийг санхүүжүүлжээ. Үүний үр дүнд таван жилийн хугацаанд 1497 ажлын байр бий болгож, 811 ажлын байр хадгалагдан үлдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 6.4, хувь хүний орлогын албан татварт 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. 2020 оны эцсийн байдлаар туссан нь 1269 иргэн, аж ахуйн нэгжээс 261 тэрбум төгрөгийн авлагатай байжээ. ЖДҮХСгийн зээлийн эргэн төлөлтөөс 2021 онд 34.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна.

ХХААХҮЯ-нд чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хуралдааны төгсгөлд хэлэлцэн, баталлаа. Төмс, хүнсний ногооны тариалалтыг 15 хувиар нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний 60 хувийг хангах, улаан буудай тариалах талбайн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхийн тулд чанартай үрээр хангахад анхаарах, ХААДС-гийн удирдлагад салбарын мэргэжилтнүүдийг томилох талаар уг тогтоолд тусгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.