Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ СЭТГЭЛЭЭ НЭЭВ

 Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өчигдөр боллоо. 1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурал анхдугаар чуулганы эхний хуралдаанаа хийж байжээ. Онцгой тохиолдолд л болдог хүндэтгэлийн чуулганыг 2008-2012 оны УИХ хоёр дахь удаагаа хийж буй нь энэ юм. Өмнө нь ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор ийм чуулган хийсэн билээ. Төрийн ордон өчигдөр баярын уур амьсгалд умбаж өнжлөө. УИХ-ын гишүүд хэ рэндээ л гоёжээ. Энэ Парламентын цорын ганц генерал Х.Жекей дүрэмт хувцсаараа, Н.Батбаяр, Д.Арвин нар монгол дээлээрээ гоёсон байв.

УБХ-ын болон үе үеийн УИХ-ын гишүүдийн төлөөлөл, манай оронд суугаа гадаад улсуудын Элчин сайд зэрэг зочин уг чуулганд оролцсон. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар суудлаа эзэлжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг нээж үг хэлсний дараа /УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь B нүүрээс уншина уу/ Төрийн дуулал эгшиглэлээ. Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурцхан үгээ чуулганы индрээс илгээв. Тэрбээр чуулганд хэлэх үгээ бэлтгэхийн тулд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш нийтэд хандаж хэлснээ эргэж харсан гэнэ.

УБХ-аас хойш байгуулагдсан Парламентуудад ололт, амжилт олон ч алдаа, дутагдал цөөнгүй байгааг тэрбээр шүүмжиллээ. УИХ, Засгийн газар, АТГ гээд бүгд л “буруу замаар будаа тээх” болсон нь Төрийн тэргүүний санааг зовоож буй аж. Тэрбээр одоогийн УИХ-ын гишүүдийг увайгүй, арчаагүй гэх мэтээр тодорхойлов. Цөөнхөөс Ерөнхий сайд томилогдох, олонх нь цөөнхтэй хамтарч стандарт бус Засгийн газар байгуулах гэх мэтээр олон зүйл үзжээ. Бас төрийн алба ард түмэндээ биш түшээдэд үйлчилж, төрийн нэрээр хулгай хийх гэх мэтээр 20 жилийн өмнө төсөөлсөн ирээдүй нь гажиж орхисон гэж хэлэв. АТГ-ын даргын асуудлыг шийдэх гэж УИХ гурван сар гацаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх гэж нууцаар санал хураасныг ч буруутгаж буй аж. Мөн АТГ ард түмнээс минь хулгайлчихвий гэхийн оронд авлигачид цөөрчих вий гэсэн зарчмаар ажиллаж байна хэмээн Төрийн тэргүүн үзэж байна.

Засгийн газар өөрийгөө магтуулахын төлөө мөнгө тараадаг (Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь B нүүрээс уншина уу) гэнэ. Хурцхан эхэлсэн үг нь цаг гаруй сунжирсаар сүүлдээ эрчээ “алдаж” орхисныг эс тооцвол Ерөнхийлөгч сэтгэлээ нээв. Хүндэтгэлийн чуулган өндөрлөсний дараа түшээд УИХ-ын цахим архивын нээлтэд оролцлоо. Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсан цагаас баталсан хууль, тогтоолыг цахим хэлбэрт оруулсан юм байна. Мөн Төрийн ордны ард байрлах Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. Түүнчлэн УИХ-ын музей, гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхлоо. Парламентын 20 жилийн түүхийг харуулсан гэрэл зургууд, гишүүдийн содон сонин, хөгжилтэй агшин, бас 20 жилийн өмнө ба одоогийн дүр төрхийг дээрх үзэсгэлэнгээс харьцуулан сонирхож болно. Мөн УИХ-ын музейд саатвал уйдахааргүй юм билээ.

УБХ-аас эхлээд одоогийн УИХ хүртэл гаргаж байсан шийдвэр, тогтоол, хэрэглэж байсан тамга, тэмдэг гэх мэт олон содон үзмэр тэнд байна лээ. УИХ-ын одоогийн гишүүд спортын ямар зэрэг, цолтойг ч мэдэж болно. УИХ-ын дарга хууль, тогтоол батлахдаа алх цохьдогийг уншигчид мэднэ. Тэгвэл 1990-1992 оны УБХ, 1992- 1996 онд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамцаас “зээлсэн” хонхыг спикер нь хурал даргалахдаа ашигладаг байсан юм билээ. Тэр хонх энд байна. 1990 онд УИХын гишүүний энгэрийн тэмдгийн загварыг анх гаргаж байсан юм билээ. Ховор, сонин үзмэртэй уг музей удахгүй олон нийтэд нээлттэй болох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.