Ундны усны хомсдолд орсон Хятадын баруун өмнөд мужуудад өлсгөлөн дахин нүүрлэсэн тухай “Чайна Дейли” сонин мэдээлэв.
Гуйжоу мужийн гурван сая гаруй, Гуанси-Жуанси өөртөө засах оронд 2,2 гаруй сая хүн өлсөж байна.
2009 оны наймдугаар сараас эхсэн их ган Юньнань, Гуйжоу, Сычуань болон Гуанси- Жуанси өөртөө засах орон, Чунцины тойргийг нэрвэжээ. Албаны ёсны мэдээгээр, ургац алдсанаас 19 тэрбум юань буюу 2,8 тэрбум долларын хохирол учирсан байна. Байгалийн гамшигт 50 сая хүн өртөж, наад зах нь 16 сая хүн ундны усны хомсдолд оржээ. Юньнань мужийн олон гэр бүлийн өдөр тутмын хоол нь “эянцао” буюу өлсөгчдийн өвс болсон байна. Энэ өвс нь хур тунадастай жил хониндоо өгдөг тэжээл ажээ. Усанд долоо хоног байлгасан ч гашуун амт нь хэвээр байдаг уг өвсийг байцаа зэрэгтэй хольж хүнсэндээ хэрэглэж байна гэж “Чайна Дейли” сонин тэмдэглэжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао өнгөрсөн амралтын өдрүүдэд Юньнань мужид очиж, ганд нэрвэгдсэн хүмүүст аль болох хурдан тусламж үзүүлэхийг уриалсан байна. “Бид хүн ардыг ямар ч үнээр хамаагүй ундны усаар хангах ёстой” гэж тэрбээр хэлжээ.
Д.Жаргал "Монцамэ"







0 Сэтгэгдэл