Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадуудыг дээрэмдэж, нэгийг нь барьцаалсан залуусыг 30 минутын дараа баривчилжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Москва” хороололд амьдардаг БНХАУын иргэдийг уржигдар шөнө дээрэмджээ. НЦГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд энэ тухай мэдээлэл ирсэн даруйд цагдаагийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, гэмт этгээдүүдийг 30 минутын дотор илрүүлэн саатуулсан байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалж “БНХАУ-ын иргэн 46 настай Ян, 36-тай Тал, 34 настай Чин нарыг “Москва” хороолол дахь гэртээ амарч байхад нь дөрвөн залуу дайран орж, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмдсэн. Тэдний хоёрыг нь урьд шөнө Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд шуурхай ажиллаж саатуулсан. Хоёрыг нь сая манай ажилтнууд байгаа газрыг нь тогтоон баривчиллаа. БНХАУ-ын иргэдээс байцаалт авч эхлэхээр цагдаагийн хэлтэст авчраад байна. Дөнгөж шалгаж эхэлж байгаа болохоор тодорхой мэдээлэл хараахан өгөх боломжгүй” гэлээ.

Энэ талаар Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын IV хэлтсийн тасгийн дарга, хошууч Ц.Алтансүхээс тодрууллаа.

-Танай тасгийн ажилтнууд ноцтой гэмт хэрэг үйлдэн, хүн барьцаалан явж байсан гэмт этгээдүүдийг шуурхай баривчилжээ. Хэзээ дуудлага авч, хэдэн минутын дараа гэмт хэрэгтнүүдийг саатуулав?

-2010 оны гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 1-нд шилжих шөнө 23.50 цагийн үед манай “Бүргэд 443” чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан машинт эргүүлд НЦГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс “Москва” хороололд БНХАУ-ын гурван иргэнийг дээрэмдэж, нэг хүнийг нь “Марк-II” маркийн машинтай нь барьцаалан авч явлаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу “Бүргэд 443” чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа машинт эргүүлийн ажилтнууд хяналт тавьж, Зүүн салаанаас хойш дугаар нь зарлагдсан “Марк-II” машин өгсөж явсныг илрүүлсэн. Мэдээлэл авснаас хойш 30 минутын дотор манай ажилтнууд тэднийг саатуулсан.

-Хэрэгтнүүдийг хаанаас баривчлав. Саатуулах үед цагдаагийн ажилтнуудын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн үү?

-Баянхошуунаас хойш “Дөл” зуслангийн тийш гэмт этгээдүүд шороон замд ортол зугтсан. Манайхан машиных нь урдуур хашиж зогсоотол “Марк-II”-ыг жолоодож явсан этгээд бууж зугтсан байгаа юм. Энэ үед манай эргүүлийн цагдаа, ахлагч Батбаатар түүний хойноос гүйж баривчилсан. Ахлах ахлагч Гансайхан машинд БНХАУын иргэнийг барьцаалсан байсан хүнийг саатуулсан. Тэд цагдаагийн ажилтнуудын өмнөөс хутга барин дайрах гэх мэтээр эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй. Одоо тэднийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа.

-Ямар санаа зорилготой энэ хэргийг үйлдсэн юм бол. Гэмт этгээдүүд хятадуудыг таньдаг байсан юм болов уу?

-Эдгээр залуус өмнө нь хохирогч нартай хамтарч ажилладаг байсан. Танхай, дээрмийн сэдэлттэйгээр энэ хэргийг үйлдсэн бололтой. Хохирогч нарын хоёр нь өвөрмонгол, нэг нь хятад хүн юм билээ. Манай албаныхан нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад дуусаж байсан. Энэ үед манайхан энэ хэргийг шуурхай илрүүллээ. НХЭГ-ын ажилтнууд ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өдөр шөнөгүй тэмцэж, алба хаагчид маань үүргээ сайн биелүүллээ гэж үзэж байгаа гэв. Манай улсаас арьс шир авч БНХАУ руу гаргадаг Ян, Тал, Чин нарыг гэртээ байж байхад дөрвөн залуу хаалгыг нь тошин “Байр шалгаж явна. Танайхаас ус алдаад байна” гэжээ. Хятадууд хаалгаа нээж өгтөл тэдгээр залуус хутга тулган Чин, Тал нарыг хүлээд 1.4 сая төгрөг, 2700 юань, гар утас, паспорт зэрэг эд зүйлийг нь дээрэмджээ. Улмаар Яныг барьцаалан 99 гаруй сая төгрөгийн хадгаламжтай ХААН банкны хадгаламжийн дэвтрийг нь авч, “Марк-II” маркийн 64-18 УБЕ улсын дугаартай машинд нь суулган авч явжээ. Уг хэргийг 21 настай Баасанбат, 22 настай Хөлгөн нар өөр хоёр хүний хамт үйлдсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.