Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын товыг тогтоов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах товыг тогтоолоо. Хуульд заасны дагуу тус байнгын хорооноос комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх ёстой бөгөөд нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 10-наас 30 хоногийн турш хүлээн авах нь. Улмаар Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 15 хоногийн дотор сонгон шалгаруулах бөгөөд хамгийн өндөр оноо авсан иргэдээс нэр дэвшүүлж, хэлэлцүүлдэг. Эцэст нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох, эсэхийг шийдэх ёстой. Өмнө нь уг сонгон шалгаруулалтыг зарлаж байсан ч гишүүнийг томилж чадаагүй юм. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийн талаар статистик мэдээллийг прокурорын байгууллагаас гаргуулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллахаар хуульд тусгасан байна.

Түүнчлэн ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд зарим гишүүн байр сууриа илэрхийлж асуулт тавив. Тэдний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хариулсан юм.

Ц.Мөнхцэцэг: -Ерөнхийлөгч хориг тавихдаа төсвийн зардлыг 20 хувиар бууруулах санал гаргасан. Ингэхдээ нийгмийн хамгааллын арга хэмжээ, тэтгэмжийн дийлэнх зардлыг танах замаар эх үүсвэр бүрдүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа. Цаашлаад орон нутгийн хөгжлийн сан, аймгуудад өгдөг төсвийн дэмжлэгийг ч хасах нь зүйтэй гэж үзжээ. Мөн боловсрол, эрүүл мэнд зэрэг хүний хөгжлийг хангах гол салбаруудын төсвөөс тус бүр 20 хувиар хасах санал гаргасан байна. Энэ үндэслэлээ хэр тооцоотой хийсэн бэ. Ийм хүнд үед иргэдийнхээ бүх дэмжлэгийг хасчихвал амьдрал ахуй нь яах вэ. Төрийн бүх албан хаагч, ялангуяа энэ цагт ачааны хүндийг үүрч байгаа цагдаа, онцгой байдлын алба, эмнэлгийнхний цалин, урамшууллыг 20 хувиар хасвал ямар үр дүн гарах бол. Мөн өрх бүрт нэг сая төгрөгийн ваучер олгох саналын үндэслэл, тооцоог яаж хийсэн бэ.

Ө.Шижир (Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга): -Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавихдаа уян хатан хандсан гэж хэлж болно. Нийт зардлын 20 хувийг танана гэж байгаа ч зөвхөн хүүхдийн мөнгө гэх зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээ, төрийн нэр бүхий салбарын албан хаагчдын цалин, урамшууллыг оруулаагүй. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад төсөвт өртгөө нэмэгдүүлсэн 72 барилгын 160 орчим тэрбум төгрөг тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, сая таны дурдсан, зайлшгүй шаардлагатай зардлуудын санхүүжилтийг авч үлдээд, бусдад нь зохицуулалт хийх боломж бий. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Энэ бол хүн амаа өсгөх төрийн бодлого гэж Ерөнхийлөгч үздэг. Ер нь үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, урсгал зардлаа хасаад, бий болгосон эх үүсвэрээ оновчтой хуваарилах нь УИХ-ын бүрэн эрх. Ингэж төсвийн зардлаас 20 хувийг хэмнэснээр 2.1 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргах боломжтой. Үүнийг өрх бүрт сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогод зарцуулна гэж тооцсон. Энэ бол халамж биш, эдийн засгийг богино хугацаанд сэргээх бодлого.

Ц.Сандаг-Очир: -Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй. Төрийн тэргүүн хориг тавихдаа цаг хугацааны хүчин зүйлийг хэр тооцсон бэ. Хуулийн дагуу хоёр, гуравхан хоногийн дараа аймаг, нийслэлийн ИТХ-ууд ирэх оны төсвөө батлах ёстой. Улмаар энэ сарын 20- ны дотор сум, дүүргийн ИТХ төсвөө батлах хуультай. Энэ хугацаанд батлахгүй бол төсвийг нь хязгаарлалттай горимд шилжүүлдгийг Ерөнхийлөгч мэдэж байгаа болов уу. Мөн төсвийн урсгал зардлыг 20 хувиар хасах санал хэлээд байна. Гэтэл УИХ энэ төсвийг батлахдаа мөн урсгал зардлыг 20 хувиар таначихсан юм шүү дээ. Гадаад, дотоод томилолт, тавилга, эд хогшилд ямар ч зардал төсөвлөөгүй. Шатахууны зардлыг нь хүртэл тодорхой хувиар бууруулсан. Ер нь төсөвт байгууллагууд маш хүнд нөхцөлд ажиллахаар байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг төсөвлөснийг өндөр гэж хэлэх ямар үндэслэл байна вэ. Үүний бараг 30- 40 хувийг нь цалинд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ажилчдын гарт шууд очиж байгаа учраас аж ахуйн нэгжүүдээ дэмжиж буй арга хэмжээ юм. Ийм байхад хаанаас нь танах гэсэн юм бэ.

Ө.Шижир: -Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч хууль тогтоомжид бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Хориг тавьснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэх нь УИХ-ын үүрэг. Төсвийн бодлогод алдаа байгаа бол одоо засах боломжтой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашгийн байдлаар нь эрэмбэлэх ёстой гэсэн байр сууриа Ерөнхийлөгч илэрхийлж ирсэн. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр цар тахал дотоодод дэгдээгүй байсан. Нэгэнт халдварыг дотооддоо алдсан учраас уян хатан зохицуулалт хийж, арга хэмжээ авах ёстой гэж Ерөнхийлөгч үзэж буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.