Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ… Б.БАЯРБАТ ГЭМТ ХЭРЭГТЭН ҮҮ

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2001 оны нэгдүгээр сарын 22- ны өглөө ажилдаа иртэл гэр бүлийнхнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар амтай болгон ярьж, хэн гэгч энэ аймшигт хэргийг үйлдэв, гэмт хэрэгтэн хэргийн газар ямар ул мөр үлдээв гэсэн асуултын хариуг олохоор сэтгүүлчид эрэн сурвалжилж эхэлсэн юм. Онц ноцтой гэмт хэргийн араас хөөж, мэдээлэл цуглуулах явцад Хөнгөн, хүнсний үйлдвэрийн дэд сайд агсан Г.Батжаргалын эхнэр болон охин Б.Уранбат, зээ хүү 9-13 насны Б.Энх-Орших, Б.МөнхОрших нарыг онц хэрцгий аргаар хөнөөсөн нь тодорхой болсон.

Нас биед хүрээгүй хоёр хүүгийн хоолойг хэрчин хөнөөгөөд, ахыг нь хүчирхийлсэн болох нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тодорхой болоход олон хүн халаглан, гэмт хэрэгтнийг бариасай, амийг нь амиар солих хэрэгтэй гэж зүхэж байсан юм. Хэрэг гарснаас хойш мөрдөн байцаах ажил лагаа үргэлжилсээр 14 хоногийн дараа дөрвөн хүний амь нас хөнөөсөн гэмт хэргийг үйлдэгчийг оллоо гэж цагдаагийнхан мэдээлэл хийсэн. Гэтэл өнөөх аймшигт хэргийн сэжигтэн нь талийгаач Г.Батжаргалын төрсөн хүү Б.Баярбат байдаг байгаа.

Цөвүүн цагт хүний чанар ингэтлээ мууддаг юм байж, төрсөн аав, ээж дүүгээ, түүнийхээ хүүхдүүдийг үү гэж сонин бүхэн түүнийг зүхэн зэвүүцэн бичиж эхэлсэн юм даг. Гэр бүлийнхнийгээ хөнөөсөн хэрэгт яагаад Б.Баярбатыг сэжигтнээр татав, ямар баримт байв гэсэн олон асуултыг мухарлахыг хүн бүхэн хичээн, уйгагүй араас нь хөөцөлддөг байлаа. Явсаар хөөцөлдсөөр мөрдөн байцаагч, хэргийн газар ажилласан шинжээч, ДНК-ийн шинжилгээ хийсэн хүмүүстэй уулзаж, ярилцсан ч тодорхой мэдээлэл ололгүй харин “Хангалттай нотлох баримт бий. Мөрдөн байцаалтын нууц” гэсэн үгтэй л буцдаг байсан юм.

Баттай эх сурвалжийн өгсөн хамгийн ноцтой мэдээлэл нь хэргийн газраас алга болсон утас болон талийгаач хүүгийн ануснаас авсан үрийн шингэн Б.Баярбатынх мөн гэсэн ба римт байлаа. Ноцтой гэмт хэ рэг тэр бүр гараад байдаггүй, гар сан ч нууцхан шийддэг цаг үе шувтарч байхад энэ хэрэг гарсан.

ТАВАН ХҮНИЙ АМИЙГ НЭГ ХҮН ХӨНӨӨНӨ ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ

Гэмт хэрэгтэн шөнийн цагаар аймшигт хэргийг үйлдсэн байхыг цагдаагийнхан цогцосноос авсан шинжилгээ, хэргийн газ рын үзлэгээс тогтоосон. Гэхдээ чухам хэзээ энэ хэрэг үйлдэг дэв гэдэг нь бас эргэлзээ дагуулсан хэвээр байсан юм. Гэмт хэргийн тухай мэдээлийг 2001 оны нэгдүгээр сарын 21-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Баярбат өөрөө өгсөн байдаг.

Гэтэл түүний ганц дүү Б.Уранбат урд өдөр нь ажиллах ёстой байсан ч ямар ч сураггүй алга болсон гэж “Мах импекс”-ийнхэн мэдүүлсэн.(Дүү нь тус компанийн мах шулах цехийн технологичоор ажиллаж байсан.) Г.Батжаргал агсны гэрийн хаалгийг гаднаас нь онгойлгосон байдаг юм. Хэрвээ өдрийн цагаар үйлдсэн бол амь насаа алдагсад тус тусын өрөөндөө байсан ч хүний амь нас хөнөөхийг мэдэхгүй байна гэж үгүй. Цагдаагийнхан Б.Баярбатад аавынх нь гэрт нэг түлхүүр байснаас үүдэн түүнийг саатуулсан байдаг. Түүнээс гадна утастай холбоотой мэдээлэл тухайн үед олонд дэлгэгдэж байсан юм.

Тухайн үед айлууд трубка нь сууринаасаа салдаг утсыг их хэрэглэдэг байв. Талийгаачийнх гэртээ тийм утастай байсан юм билээ. Хэргийн газар ажилласан цагдаагийнхан тэрхүү утсыг хайсаар цөхрөнгөө барах үед Б.Баярбат хаана байгааг нь хэлсэн гэдэг.

Цагдаагийнхны хайж байсан зүйлийгг Б.Баярбат олж өгсөн нь гэмт хэрэгтэн гэж үзэх үндэслэл мөн үү. Зарим эх сурвалж аав, ээжийгээ хөнөөснийг хараад утсаар мэдээлэл өгөөд, айж сандарч гүйж явахдаа унагасан байхыг үгүйсгэдэггүй. Түүний нагац ах, эхнэр, ойр дотнынхон, хадам ээж А.Дашдулам, аав Х.Цэндгомбо нартай удаа дараа уулзаж, Б.Баярбатын талаар ярилцаж байснаа санаж байна. Айлын амин хүү гэж байдаг даа. Аав ээждээ ачлалтай, тэднийхээ төлөө бүхнээ зориулдаг нэгэн байсныг тэд хэлдэг юм. Б.Баярбатын эхнэр Ц.Энхжаргал “Бид мөнгө төгрөгөөр дутагдаад байдаггүй.

Гэхдээ нэг удаа аавд эм авах шаардлага гартал мөнгө хүрдэггүй. Баяраа өөрийн үнэтэй гэх бүх зүйлээ тавьж байгаад эмийг нь авч өгч байсан. Миний хань ийм хэрэг үйлдэх хүн биш” гэж ярьж байсан юм. Энэ гэмт хэргийн үйлдэл, амийг нь хөнөөсөн хүний тоог бодохоор яав ч нэг хүний үйлдэл биш гэдэг нь тодорхой байдаг. Б.Баярбат аавыгаа хөнөөж байхад ээж, дүү нь хараад сууж байх уу. Адаглаад ес, 13 настай дүү нар нагац ахынхаа жигшүүрт үйлдлийг тэвчихгүй хэн нэгэнд мэдэгдэн, тусламж хүснэ шүү дээ. “Мөнгөнөөс болж ийм гэмт хэрэг үйлдсэн” гэж Б.Баярбат мэдүүлсэн тухай хавтаст хэрэгт бий.

Гэтэл тэрээр Германд сургууль дүүргээд ирэхдээ мөнгөтэй ирсэн гэдэг. Тэр мөнгөөрөө ломбард ажиллуулж байсан юм. Газар дээр санаж сарвайх ганц охин дүүгийнх нь нөхрийн Солонгосоос явуулсан долоон сая төгрөг түүнд аав ээжийнх нь аминаас илүү үнэтэй гэж үү…. Эргэлзээтэй л асуудал.

Түүний аргаа барж, амьдралаас уйдсан захидлыг би олонтоо уншиж байсан.Онц ноцтой гэмт хэргийн илрүүлэлт цагдаагийнхны ажлын хамгийн гол үзүүлэлтийн нэг. Олон нийт энэ хэргийн талаар байнга асууж сураглан, илэрсэн эсэхийг чих тавин хүлээж байсан нь цагдаагийнхныг ажилдаа хайнга хандахад хүргэсэн юм биш биз. Зарим эх сурвалж цагдаагийн даргын халаа сэл гээ тэй ч холбон тайлбарлах нь бий.

“БИ ЯАХАВ ДЭЭ ГЭЭД ИЙМ ХУВЬ ТАВИЛАН БАЙДАГ ЮМ БАЙЖ…”

Хүний эрхийг уландаа гишгэсэн, харанхуй агааргүй орчинд сэжигт нүүдийг байл гадаг гэсэн шүүмжлэлд Ганц худаг дахь цагдан хорих төв байнга өртдөг. Цагдаагийн ерөнхий газрынхан Ганцхудагийн нөхцөл байдалтай сэтгүүлчдийг танилцуулах ажилд хоёр сэтгүүлч сонгосны нэг нь би байлаа.

Сэтгүүлчид очиж байгаа болохоор чамгүй сайн бэлджээ. Сэжигтнүүдийн ганцаарчлан хорьсон хонгилоор явж байтал “”Цагаан шонхор”- ын Ч.Энхтайван шоронд байгаа шинжгүй Marlboro татаж, кола уугаад сууж байхтай таарсан. Хажуугаар нь зүгээр өнгөрөлгүй “Таны хэрэг юу болж байна. Энд хэцүү байна уу” гэтэл “Хийсэн хэрэг байгаа биш надад айх зүйл алга.

Захиалгаар намайг ингэж байгаа юм” гэж хариулахад хянагч түүнээс холдохыг шаардсан юм. Хонгилын хоёр талаар хэн нь мэдэгдэхгүй сэжигтнүүдийн зарим нь “Хэцүү байдаг юм шүү. Наадуул чинь дүр исгэж байгаа юм” гэж сэм шивнэх нь сонсдож билээ. Биднийг дагуулж явсан хурандаа “Цаанаасаа хоёр дахь камерт байгаа чинь нөгөө ноцтой гэмт хэрэг үйлдсэн Баярбат шүү дээ” гэж сэмхэн надад хэлэх нь тэр.

Ганц хоёр үг солимоор санагдаад хүмүүсийн сиймхийг тааруулж ойртож очлоо. Хааш хаашаа метр хүрэхгүй шахуу камерт хар өнгийн бүтээлэг нөмөрсөн залуу нарны гэрэл тусах төдий салхивч руу хараад зогсож байна. Үс нь мөрийг давж ургажээ. Б.Баярбатыг онц ноцтой гэмт хэрэгтэн гэж бичиж байхдаа зургийг нь дэндүү олон удаа харж байсан. Анх удаа онц ноцтой гэмт хэрэгтэнтэй, тэр дундаа аав, ээж дүүгээ хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан хүнтэй үг солино гэдэг тийм ч амар биш юм билээ. Түүнээс юу гэж асуухаа бодох ч завдал байгаагүй учир дөхөж очоод “Сайн байна уу. Бие нь сайн уу” гэтэл эргэж харлаа.

Дугуй царайтай махлаг нэгэн байдгийг нь хэнээс ч илүү мэддэг болсон надад тэс өөр хүн харагдлаа. Ёстой л яс арьс болтлоо турж, нүд нь ширгэж, сахал үсэндээ дарагджээ. Б.Баярбат. “Аан” гэж зогтуссанаа “Би яахав дээ” гээд санаа алдаж “Ийм хувь тавилан байдаг юм байж” гээд цаашаа харчихаж билээ. Алга дарам хэмжээтэй салхивчаар тэнгэр ширтэн зогсох түүнээс өөр юу ч асууж чадаагүй юм. Хэн нэгнээс аврал эрж байгаа мэт ширтсээр үлдсэн тэр. Хожим сонсох нь ээ Б.Баярбат талийгаач дүүгийнхээ хоёр хүүд ухаангүй хайртай бөгөөд өөрөө ч хоёр хүүтэй нэгэн байсан юм. Дүү нь нөхрөөсөө тусдаа амьдардаг болсноор “Хоёр хүүг нь хэний ч гар харуулахгүй юм шүү. Дүүгээ ч мөн адил хамгаалж, туслах болно.

Сайн аавын минь нэр, буян байна даа” гэж найздаа ярьсан байдаг юм. Хүн яагаад хүний амь насыг санаатай, бүр зорилготой хөнөөдөг юм бэ. Өс хонзон авах гэж хөнөөсөн тохиолдол цөөнгүй бий. Эс бөгөөс архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, эд мөнгөнд хэт шунасан сэтгэлээ барьж дийлэлгүй хүний аминд хүрсэн байдаг. Гэтэл хамгаас дотно хүмүүсээ онц хэрцгийгээр хөнөөх шалтаг Б.Баярбатад байгаагүй. Онц ноцтой гэмт хэрэг гарсан байраар саяхан очлоо.

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны… байрны… тоот. Есөн жилийн өмнө хэрэг гарснаас хоёр өдрийн дараа орцныхонтой уулзан, ярилцах санаатай очиход айсандаа ч тэр үү эрэгтэй хүүх дийн орилох дуу сонсдох шиг болж билээ. Өнөөдөр тэр байрыг өөр нэгэн худалдаж аваад аж төржээ. Б.Баярбатын хэрэг эцсийн шийдвэр гартлаа гурван жил гаруй үргэлжилсэн ч цаазаар авах ял өөрчлөгдөөгүй.

Харин Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэнээр цаазаар авах ялаас мултарч, 30 жил гянданд хорих шийдвэр гарсан юм. Тухайн үед 37 настай хүн 67 нас хүртлээ гянданд байна гэдэг үнэхээр амьдын тарчлал. Тэрбээр санаж сарвайх аав ээж, ах дүүгүй болсон учир 2006 оны наймдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 405 ангид ялаа эдэлж байхдаа судсаа ханан өөрийгөө егүүтгэсэн.

Ингээд л тэр онц ноцтой гэмт хэрэгтэн, аав ээжийгээ хөнөөөсөн гэдэг хар данстай архивт үлдсэн. Хэрэг хуучирдаггүй гэсэн үг бий. Энэ хэргийг сөхөх болсон минь учиртай. Хэргийн газрын анхны үзлэгээр гэмт хэрэгтний хурууны хээг хаалга, өрөөний бариулаас авсан байдаг. Гэмт хэргийн хамгийн гол нотлох баримт болох энэ хээ Б.Баярбатынхаас зөрсөн байдаг юм. Анхны мэдүүлэгтээ “Би хэзээ ч ийм хэрэг хийх хүн биш. Энэ хүмүүс чинь миний хамгийн хайртай, дотнынхон шүү дээ” гэж мэдүүлж байсан хүн яагаад хэрэг хүлээх болов, гарын хээ зөрсөөр байтал яагаад хэргийг шийдэв, ДНК шинжилгээг хэн, хаана хийлгэсэн, баталгаатай эсэх гээд олон асуулт гарсаар байх юм.

Тухайн үед Б.Баярбаттай болон эхнэртэй нь уулзах гэсэн боловч “Мэдээлэл өгөх юм бол хэрэг чинь улам хүндэрнэ” гэж мөрдөн байцаагч нь хэлснээр тэд нэг ч асуултад хариулт өгөөгүйдээ харамсдаг гэж ярьсан нь бий. Өнөөдөр энэ хэргийг үнэн зөв шийдсэнийг дахин шалгаж боломж хуулинд байдаг ч шинээр илэрсэн нөхцөл байдлыг олон нийтэд нотлох баримт хэрэгтэй юм билээ.

Энэ хэргийн цаана онц ноцтой гэмт хэрэг илрүүлсэн нэрээр нэгэн байцаагч цол нэмж, шагнуулаад харин жинхэнэ гэмт хэрэгтэн инээж суугаа юм биш байгаа. Энэ гэмт хэргийг яав ч нэг хүн үйлдэх боломжгүй гэдгийг олон хуульчид хэлсээр байна. Нэгэн айлын халуун ам бүл цаг бусаар амь насаа алдсан ч Б.Баярбатын эхнэр, хүүхдүүд одоо амьд бидний дунд алхаж яваа. Тэдний сэтгэлийн шархыг бага ч гэсэн нимгэлэх юмсан.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ… Б.БАЯРБАТ ГЭМТ ХЭРЭГТЭН ҮҮ

  • Avatar Temujin says:

    Ижил хүйстнүүдээс л шалгах хэрэгтэй! Бага балчир насны жаахан хөвгүүнийг хүчирхийлсэн гаж донтой ижил хүйстэнтэйгээ садарлагч. Баярбат эхнэр хүүхэдтэй жирийн нэг хүн байсан юм биш үү! Тэр ДНК шинжилгээг дахин нягталж үзэх ёстой!