Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуулиудын төсөл өргөн барив

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сар 8-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр, “Агаарын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн төсөл, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, хуулийн төсөлтэй холбогдуулан нэр бүхий хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг өргөн барилаа.
    Улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх, нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхтэй холбоотой зарим хууль, тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Ойрын үед олон чухал асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
   
“Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдсанаар:
•    Төмөр замын дэд бүтцийн хөгжилтэй уялдан хөрш орнуудтай эдийн засгийн тэнцвэртэй харилцаа хөгжинө
•    Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, Монгол Улс эрчимтэй хөгжих нөхцөл хангагдана
•    Хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах төмөр замын шинэ гарц нэмэгдэж, эрэлт ихтэй гуравдагч орны зах зээлд ашигт малтмалаа шууд нийлүүлэх боломж бүрдэж, далайн боомтуудад гарцтай болно
•    Экспорт, импортын ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээвэр нэмэгдэнэ.

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр :

Хөтөлбөрт хотын агаарын бохирдлыг зөвшөөрөгдөх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэхийн тулд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх зорилтууд, үйл ажиллагаа, шаардагдах хөрөнгийн тооцоог цогцоор нь тодорхойлсон байна. 
Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг сайжруулан дэд бүтэц шинээр бий болгох, гэр хорооллыг барилгажуулах, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөл, бололцоог сайжруулахын тулд эрх зүйн болон эдийн засгийн орчин бүрдүүлэх, аймаг, бүсийн төвүүдийг нийслэлтэй болон хилийн боомтуудтай холбосон хатуу хучилттай зам барих, аймгийн төв, бүсийн төв, суурингуудыг цогцоор нь тохижуулан хөгжүүлэх, орон нутагт нийгмийн дэд бүтэц бий болгох юм.

“Агаарын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”

“Агаарын төлбөрийн тухай хууль” батлагдсанаар бохирдуулагч нь төлбөр төлөгч байх зарчим хэрэгжинэ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлаж, агаар бохирдуулах үйл ажиллагаагаа хянах механизм бий болох юм. Ингэснээр агаарын бохирдлыг багасгах талаар санаачлага гарч, зөвхөн эдийн засгийн ашгийг харах бус байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн сонгох нөхцөл бүрдэнэ.
Хууль батлагдсанаар төлбөрийн чадвар хангах, нарийвчилсан      төлбөр тооцооны механизм нэвтэрч, нийгмийн эмзэг бүлгийнхэнд утаагүй, цэвэр түлш хэрэглэж эхлэх санхүүгийн бодит бололцоо бүрдүүлэх тогтолцоо бий болох юм.

“Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлт

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнесийн орчны шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд хяналт, шалгалтыг олон улсын жишигт ойртуулж боловсронгуй болгох. Үүний тулд аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хяналт, шалгалтын ил тод, нээлттэй байдлыг хангаж, эрсдэлд тулгуурласан хяналт, шалгалт хийх асуудал хуульчлагдах юм.

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга

Хүн амын өсөлтийг даган хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсч, төлөвлөлтгүй суурьшил бий болж, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний салбар доголдох зэрэг олон хүндрэл гарах болсон.
Нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн өөрчлөлтийг харгалзан, нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг, нийслэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, нийслэлийн санхүү, өмчийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.