Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОТТОЙ ХОНЬ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТНҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

Малчдын сэтгэлийг зовоож, бухимдуулдаг нэг зүйл бол малын хулгайч нар. Мал хулгайлах гэмт хэрэг жил ирэх тутам нэмэгдэж, гэмт хэрэгтэн нь хохирогчийн хаяанд амьдарч байдаг гэж ярих болсон нь үнэний ортой. Гэвч сэжиглэж буй этгээдийг нь цагдаа нар үл хайхардаг, эсвэл сэжигтэн нь хохирол барагдуулах нэрээр суллагдаж, дахин хохироо гоод байдгаас малчид тухайн хүнээ цагдаад барьж өгөхөөсөө өгөхгүй нь олон болсон гэдэг. Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн жил 1169 удаа гарсныг цагдаагийнхан бүртгэсэн бөгөөд энэ нь 2010 оныхоос даруй 9.3 хувиар өсчээ. Цагдаад бүртгүүлсэн нь энэ болохоос бүртгүүлээгүй хэчнээн хэрэг гарсныг мэдэхгүй. Энэ он гарсаар цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэг, хууль бусаар мод бэлтгэж буй явдалтай тэмцэх чиглэлээр байнга эргүүл ажиллуулж байгаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л ЭЦГ, УМБГ болон орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэн хамтран Улаанбаатар хотод орж ирдэг гол гол замд шалгалт хийжээ. Гэвч малын хулгайч нарын үйлдэл, арга нарийссан, мэдээлэл хурдан хугацаанд авдаг болсон, орон нутгийн иргэдтэй сүлбэлдэн холбогдох албаны хүмүүсээс гарал үүслийн гэрчилгээ хууль бусаар авдаг зэрэг нь хулгайн хэрэг буурахгүй байгаагийн нэг үндэс болжээ. Энэ он гарсаар цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн малын хулгайн хэрэг цөөн гэнэ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулах байсан хэргийг цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлэн, гэмт этгээдүүдийг саатуулсан байна.

Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Ж-ын хотыг энэ сарын 13-14-нд шилжих шөнө “сүүлгүй чононууд” харлуулжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт цагдаагийн бай – гууллагад хандан “Өчигдөр 18.00 цагийн үед малаа хотлуулаад амарсан. Гэтэл өглөө сэрээд хартал хоттой хонь маань алга болж” хэмээн мэдээлэл өгчээ. Тэдний хотонд тухайн үед 115 хонь, 11 ямаа байсан бөгөөд ихэнх нь хээлтэй эм хонь байсан аж. Тэдгээр богийг зах зээлийн үнээр бодоход 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж буй юм. Хохирогч Ж ойр хавиараа хайсан боловч олоогүй тул энэ сарын 14-ний 09.00 цаг өнгөрөөгөөд цагдаагийнханд мэдэгдэж, Орхон аймгийн Цагдаагийн газраас Ажлын хэсэг томилогдон хэргийн газрын үзлэг явуулж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна.

Хэргийн газарт хийсэн үзлэгээр Ж-ын өвөлжөөний орчимд цасан дээр 3-4 хүний гутлын мөр болон машины дугуйн хээ үлдсэн байж. Хохирогч Ж “Малаа хотлуулсны дараа ямар нэгэн сэжигтэй дуу чимээ гарч, хүн дуугараагүй” гэж цагдаагийнханд тайлбарлажээ. Эрдэнэтийн Цагдаагийн газрынхан аймгийнхаа мал мах худалдан борлуулах захуудаар хяналт тавьж ажилласны дүнд гэмт этгээдүүд хулгайлсан малаа хашаандаа нядалж байхад нь баривчилсан байна. Уг хэргийг Дархан-Уул аймагт 1978 онд төрсөн, Орхон аймгийн иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Г төрсөн дүү С болон түүний найз Б нарыг дагуулан явж үйлджээ. Цагдаагийнхан Г-ын хашаа, байшинд нь үзлэг хийхэд тэд 115 хонины 11-ыг нядалж, бусдыг нь нядлахаар зэхэж байсан аж.

Мөн үхрийн дөрвөн шийр олдсоныг нарийвчлан шалгахад энэ сарын 12-13- нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Б-ын хашаанаас алдсан үхрийнх болох нь тогтоогдсон байна. Тэд үхрийн махыг Орхон аймгийн “Хүлэг” хүнсний захад борлуулснаа хүлээжээ. Сэжигтэн С, Б нар цагдаагийнханд “Ах биднийг орой мод ачилцаад өг” гэж хэлээд дагуулж явсан. Ингэж явах замдаа айлын хонь хулгайлж нядалъя, мод ачихгүй гэж ятган Ж-ын хашаанаас 100 гаруй хонь хулгайлсан” гэж мэдүүлжээ. Орхон аймгийн Цагдаагийн газрынхан сэжигтнүүдийг цагдан хорьж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машиныг нь хураагаад буй гэнэ. Шүүхээр тэдний гэм буруутай нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг улсын орлого болгох юм.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.